Монгол Улс 2014 онд Хог хаягдлын үндэсний хөтөлбөр, 2015 онд Засгийн газрын 288 дугаар тогтоол баталснаараа одоо хэрэгжиж буй “Ландфилл” буюу хог хаягдлыг хөрсөнд булж устгах технологиос ангилан ялгах аргачлал руу шилжсэн гэж хэлж болно. Түүнээс хойш шил, лааз, цаас гэх мэт цөөн хэдэн хаягдал түүхий эдийг ялгах бодлого барьж байгаа бөгөөд цаашид нэр төрөл, хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж буй. Тэгвэл бид энэ удаа огт ангилж ялгадаггүй хөрсөнд булагдсаар байгаа электрон хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах агуулгыг хөндөж байна.
Хог хаягдлын менежментийн бодлого, өнөөгийн байдал
Монгол Улс хог хаягдлын менежментдээ одоо хэрэглэж байгаа “Ландфилл” технологийг 2007 оноос нэвтрүүлжээ. Тухайн үед Засгийн газраас 15 дугаар тогтоол гарч, Японы “Жайка” байгууллага 7 сая орчим ам.доллараар технологийг нь боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн түүхтэй. Аливаа хууль, хөтөлбөр, бодлого цаг үеэ дагаад шинэчлэгдэж, сайжирдаг зарчмаар манай улс тэр цагаас хойш хог хаягдлын асуудлаа шийдэх бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдийг тодорхой давтамжтайгаар баталж, түүндээ “Ирээдүйн чиг хандлага, шинэ технологийг ашиглахыг эрмэлзэнэ” гэсэн агуулгыг шингээсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2014 онд Хог хаягдлын үндэсний хөтөлбөр, 2015 онд Засгийн газрын 288 дугаар тогтоол гарсан бөгөөд хоёул хог хаягдлыг хөрсөнд шууд булж устгах ландфилл технологийг халж, шинэ технологи нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллах агуулгатай байсан юм. Угаасаа улс орон бүр олон улсын гэрээ конвенцид нэгдэж хүлээсэн үүргийнхээ дагуу дөрвөн жил тутамд үндэсний хөтөлбөрөө шинэчлэх ёстой байдаг бөгөөд ингэснээрээ шинээр гарсан технологийг ашиглах боломжийг дөрвөн жил тутамд бодлогоороо баталгаажуулж өгдөг гэсэн үг.
Ландфилл технологи гэдэг бол хог хаягдлыг шууд газарт булж устгадаг, хамгийн эртний болхи технологи гэж хэлж болно. Бас газар нутагт халтай. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдал булж устгах 399 цэг, 130 мянган га талбай эзлэн оршдог байдаг гэх тооцоо бий. Дээр дурдсан хөтөлбөр, тогтоол гарснаар хог хаягдлаа ангилдаг болсон ч цаас, шил, хуванцар гэх мэт цөөн хэдэн төрлийн хаягдлыг ялгаж авч ашиглаад үлдсэнийг нь өнөө л ландфилл технологиор булдаг хэвээр байна.
Электрон хог хаягдлыг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ
Дэлхийн электрон хог хаягдлын хэмжээ 2014 онд 40 гаруй сая тонн байснаа 53.6 сая тоннд хүрч, нэг хүнд ногдох цахим хаягдлын хэмжээ 7.3 кг болжээ. Ердөө таван жилийн дотор эвдэрч, элэгдсэн цахилгаан хэрэгслийн хэмжээ 21 хувиар өссөн байна. Цахилгаан хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, дагаад хаягдал өссөн нь хог хаягдлын менежмент муу, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй жижиг улсын хувьд гамшиг дагуулах хэмжээнд хүрэв. Зөвхөн ухаалаг гар утсаар жишээ авахад, 2010 онд дэлхий даяар 300 сая ширхэг худалдаанд гарсан бол 2019 онд 1.524 тэрбумд хүрсэн. Дагаад хог хаягдлын хэмжээ тав дахин нэмэгдсэн ч энэ төрлийн хаягдлын дахин боловсруулалт дэлхий дахинд хангалтгүй байна. Тодруулбал, ердөө 20 орчим хувийг дахин боловсруулдаг талаар “Global E-waste Monitor” тайланд дурджээ. Түүнчлэн, электрон бүтээгдэхүүнүүд засаж сэлбэхэд улам хэцүү болж байгаа бөгөөд богино хугацаанд ашиглагдахаар үйлдвэрлэгдэх болсон нь хаягдал нэмэгдэхэд нөлөөлж буй аж. Тодруулбал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд ашиглахаар хэврэг бараа гаргах стратеги баримталж байгаа талаар гаднын хэвлүүдэд мэдээлжээ.
Цахилгаан хаягдалтай хамт жил бүр 10 тэрбум ам.долларын үнэт металл хаягддаг
Хэрэглээнээс халагдсан гар утас, компьютер, зурагт, угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгсэл нь цөм электрон хог хаягдалд ордог бөгөөд эдгээрийг үйлдвэрлэхэд химийн хортой бодис их хэмжээгээр ашигладаг байна. Тиймээс хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд багагүй хохирол учруулдаг аж. Тодруулбал, цахилгаан болон цахим хэрэгслүүдийн эд анги нь хлор, фтор, бром, хүнцэл, мөнгөн ус зэрэг галд тэсвэртэй, удаан задардаг органик болон органик бус бодисуудаас бүрддэг байна. Түүнчлэн хар тугалгаас эхлээд хэд хэдэн хүнд металл ордог төдийгүй алт, мөнгө, зэс ч бага хэмжээгээр агуулагддаг. НҮБ-аас 2019 онд гаргасан тайланд жил бүхэн дэлхий даяар 10 тэрбум ам.долларын үнэтэй алт, цагаан алт зэрэг ховор металл электроникийн хаягдал болж байгааг өгүүлжээ.
Элэгдсэн металлаар олимпын медаль хийв
Электрон хог хаягдлыг дахин боловсруулах технологиор Япон улс дэлхийд тэргүүлдэг байна. Тус улс өнгөрсөн зун зохион байгуулагдсан “Токио 2020” олимпын наадмын медалиудаа зөөврийн компьютер, гар утас, зургийн камер зэрэг цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулан бүтээсэн болохоо олон нийтэд мэдээлсэн. Ийнхүү олимпын наадмын медаль бэлтгэхийн тулд 2017 оноос эхлэн 80 мянга орчим тонн электрон хог хаягдал цуглуулсан бөгөөд хаягдлаа боловсруулж, 32 кг алт, 3 500 кг мөнгө, 2 200 кг хүрэл гаргаж авсан аж. Түүнчлэн тус улс дэлхийн агаар мандалд буй ашиглагдахаа больсон сансрын хөлөг болон хиймэл дагуулуудыг буцаан эх дэлхий рүү буулгаж, ашиглахаар ажиллаж буй. Сүүлийн жилүүдэд Японоос гадна БНХАУ-д цахилгаан хаягдлыг боловсруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа юм.

Боловсруулах үйлдвэр Монголд байдаггүй
Манай улсад ч энэ төрлийн хог хаягдал элбэгшиж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Гэхдээ яг хэдий хэмжээний хаягдал гарч байгаа талаарх нэгдсэн судалгаа, мэдээлэл алга. Учир нь ашиглахаа больж, эвдэрсэн цахилгаан хэрэгслүүдийг цуглуулах, ангилан ялгах, дахин боловсруулах систем манайд одоогоор байдаггүй. Тиймээс хэрэглээнээс халагдсан энэ төрлийн бүтээгдэхүүнийг ахуйн хог хаягдлын хамт хаясаар байна. Энэ нь дээр дурдсанчлан эрүүл мэнд хийгээд экологид халтай юм. Энэ талаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтансүх мэдээлжээ. Тэрээр “Хүний хэрэгцээ, техник технологийн хөгжилтэй холбоотойгоор хог хаягдлын төрөл, хэмжээ өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь цахим болон цахилгаан хаягдал юм. Дэлхийн хэмжээнд хүн амын өсөлт, технологийн дэвшилтэй холбоотойгоор цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл жил бүхэн 2-3 хувиар өсдөг. Гэсэн хэдий ч 20 орчим хувийг нь л боловсруулж байна. Манай оронд энэ төрлийн хаягдлыг цуглуулдаг, тэдгээрийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар дахин боловсруулж, шаардлагатай түүхий эд болох металл, хуванцар, резин гаргаж авдаг үйлдвэр байхгүй.
Уг нь цахилгаан болон цахим хэрэгслүүдийг дахин боловсруулж, ашиглах бүрэн боломжтой. Энэ төрлийн бүтээгдэхүүний нийт жингийн 3-6 хувийг дамжуулагч болон хэлхээний хавтан эзэлдэг. Түүний 30-40 хувь нь зэс, төмөр, никель, хар тугалга, цайр, мөнгө, алт зэрэг металл байдаг. Тиймээс тус хавтангаас үнэт болон өнгөт металлуудыг гарган авах судалгаа болон бодит ажил дэлхий дахинд эрчимтэй хийгдэж байна. Мөн энэ чиглэлээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн органик бус химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилчид судалгаа хийж байна” гэлээ.
Электрон хаягдлын плат цуглуулж эхэлжээ
Манай улсад цахилгаан хэрэгслийн плат буюу дамжуулагч болон хэлхээний хавтанг цуглуулж эхэлжээ. Энэ нь электрон хаягдлыг цуглуулж, ангилж буй анхны тохиолдол юм. Монголын хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч асан Д.Бямбасайхан энэ төрлийн ажлыг эхлүүлээд хагас жил болж байгаа аж. Тэрээр одоогоор гурав орчим тонн цахилгаан хаягдлын плат цуглуулаад буй.

Цахилгаан хаягдлын плат цуглуулах ажлыг эхлүүлээд хагас жил болж байна. Одоогоор гурав орчим тонн энэ төрлийн хаягдал цугларсан байна. Хаягдал хавтанд маш бага хэмжээний алт, мөнгө, зэс зэрэг металл агуулагдсан байдаг. Тэдгээрийг салгаж авахын тулд технологи хэрэгтэй. Түүнчлэн байгальд ээлтэй байдлаар шийдвэрлэх нь чухал. Манайд энэ төрлийн хаягдлыг боловсруулах үйлдвэр байхгүй учир хаягдал цуглуулахад бэрхшээл их байна. Гэхдээ энэ ажлыг эхлүүлснээр хөрсөнд булагдах байсан гурав орчим тонн аюултай хаягдлыг цуглуулсан. Одоогоор манайд цахилгаан хаягдлыг албан ёсоор цуглуулдаг аж ахуйн нэгж, хувь хүн байдаггүй.
Электрон хаягдлын дахин боловсруулах үйлдвэртэй болох уу?
Электрон хаягдлын хэрэглээ нэмэгдэж байгаа ч хүмүүс энэ талаар төдийлөн ойлголттой болоогүй байна. Тиймээс манай улсад өнгөрсөн онд Монголын Электроникийн Хог Хаягдлын Холбоо байгуулагджээ. Тус байгууллага нь эх орондоо электрон хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж ажиллаж байгаа аж.
Монголын Электроникийн Хог Хаягдлын Холбооны тэргүүн Д.Алтангэрэл
Манай улсад электрон хог хаягдал цуглуулж, ангилж, дахин боловсруулдаг ААН одоогоор байхгүй. Аюултай хог хаягдлын чиглэлээр тусгай зөвшөөрөлавсан байгууллагууд хаягдал аккумулятор болон хуванцар сав дахин боловсруулдаг. Электрон бүтээгдэхүүний хуванцар нь бусад төрлийн сав баглаанаас эрс ялгаатай байдаг. Тиймээс хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүд электроникийн хуванцар хог хаягдлыг боловсруулах, устгах боломжгүй. Гэхдээ Монголын электроникийн хог хаягдлын холбооны гишүүн байгууллагууд электрон хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, ангилах, дахин боловсруулах тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас авах хүсэлт гаргасан. Улмаар дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон. Тиймээс тун удахгүй манай улс электроникийн аюултай хог хаягдлын дахин боловсруулах үндэсний хэмжээний томоохон үйлдвэртэй болно гэж итгэж байна. Ямартай ч бид эхний ээлжид хувь хүн, албан байгууллагаас электрон хог хаягдлыг цуглуулж эхэлсэн. Одоогоор тав орчим тонн компьютер, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг хаягдал цугларсан байна. Цаашдаа Монголын үүрэн холбооны оператор компаниуд болон IP TV, Сансарын олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай E-хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, хадгалах зэргээр сургалт явуулах, хамтран ажиллана.
Хогийг хөрсөнд булах нь эх дэлхий болоод эрүүл мэнд, ирээдүйд асар их хөнөөлтэй. Харин ангилан, боловсруулснаар мөнгө болгох боломжтой. Энэ төрлийн хаягдал хөрс, агаарыг бохирдуулж, эрүүл мэнд, байгаль экологид хөнөөл учруулдаг бөгөөд дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар дээр дурдсан эрсдэлийг хаах боломж бүрдэх юм.