“Үндэстний ТОЙМ” сэтгүүл уран зураг болон дэлхийн алдарт уран зураачдын талаарх мэдээллийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаартаа Норвегийн алдарт зураач Эдвард Мункын “Хашхираан” бүтээлийг онцолж байна.
Модерн уран зургийн загалмайлсан эцэг Эдвард Мунк
Модерн уран зургийн загалмайлсан эцэг гэгддэг алдарт зураач Эдвард Мунк 1863 оны арванхоёрдугаар сарын 12-нд Норвеги улсад төржээ. Тэрээр маш зожиг, ганцаардмал нэгэн байсан бөгөөд насаараа ганц бие амьдарсан гэдэг.
Түүнийг таван настай байхад ээж нь сүрьеэ өвчний улмаас нас барсан бөгөөд есөн жилийн дараа төрсөн эгч Софи нь уг өвчнөөр таалал төгсжээ. Харин дүү Лаура нь сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан аж. Үүний улмаас зураачийн хүүхэд нас уй гуниг, харуусал, хагацал дунд өнгөрсөн бөгөөд энэ мэдрэмж нь түүний бүтээлүүдэд их, бага хэмжээгээр шингэсэн байдаг гэж урлаг судлаачид үздэг.
Эдвард Мунк 22 насандаа эгчийнхээ өвчин шаналал, үхлийн талаар “Өвчтэй охин” бүтээлдээ тусгасан бөгөөд зураач уг зургийнхаа талаар “Энэ бүтээлийнхээ нөлөөгөөр би ихэнх зургаа туурвисан” гэж тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн тэрээр үхлийн сэдэвтэй хэд, хэдэн бүтээл туурвисан бөгөөд “Үхсэн эх болон хүүхэд” (1895), “Нас барагчийн дэргэд”(1895), “Хавар”(1889), “Өвчтөний таалал төгссөн өрөө” (1877) зэрэг бүтээлүүд нь олонд танигдсан юм.
Эдвард Мунк нэр төр хөөцөлдөж явдаггүй нэгэн байсан тул амьд ахуй цагтаа одоогийнх шигээ алдартай байгаагүй аж. Мөн зарим бүтээл нь түүнийг нас барсны дараа олон нийтийн дунд алдаршсан юм. Тэрээр амьдралынхаа турш 1000 гаруй уран зураг, 4000 гаруй гар зураг зурсан бөгөөд 15 000 орчим гар бичмэл бичсэн байдаг. Гэхдээ 1944 онд нас барах үед нь гэр болон урлангаас нь тэдгээр бүтээлийг олсон байна.
Эдвард Мункийн “Хашхираан”
Эдвард Мункийн хамгийн суут бүтээл бол “Хашхираан”. Тус зураг нь урлагийн түүхэн дэх хосгүй, алдартай бүтээлийн нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй уран зургийн жагсаалтыг тэргүүлдэг аж.

Уг бүтээл нь нийт дөрвөн хувилбараар зурагдсан бөгөөд зураач сэтгэл гутралд автаж, сэтгэц нь өөрчлөгдсөн байх үедээ зовлон, шаналлаа илэрхийлэхийн тулд зурсан байж болзошгүй гэж зарим судлаач үздэг. Түүнчлэн “Хашхираан”-д орилж буй нас, хүйс нь тодорхойгүй нэгнийг дүрсэлсэн боловч хүмүүст айдас, бухимдал, түгшүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөл мэдрүүлдэг онцлогтой. Энэ бүтээлийг судлаачид орилж, хашхирч буй хүн бус хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн тусгал гэж онцолдог.
Зарим зургийг сонсож ч болдог
Эдвард Мунк уг бүтээлдээ Норвегийн нийслэл Осло хотод нар жаргаж буй агшныг дүрсэлжээ. Тэрээр тэнгэрийг улаан өнгөөр зурсан бөгөөд зураг бүхэлдээ эрчилсэн, долгионтой зурааснуудаас бүтсэн байдаг. Энэхүү долгион, гялбаа нь түүний сэтгэл зүй, мэдрэмжийн дүр төрхийг илэрхийлсэн. Мөн зурагт нас, хүйс нь тодорхойгүй нэгэн чихээ дараад, хашхирч буй юм. Амаа чинээнд нь тултал орилж буй нэгнийг эмэгтэй хүн байж болзошгүй гэх таамгийг судлаачид дэвшүүлдэг. Харин түүний ард хоёр хүн алхаж байгаагаар зурсан байдаг.
Энэ бүтээл нь зураач хэн нэгнийг, эсвэл ямар нэг үзэгдэл үйл явдлыг хараад буулгасан бүтээл бус сэтгэл зүйн тусгал, хүний дотоод чанарыг шингээсэн гэдгээрээ онцлог.
Үүнийг Эдвард Мункийн үлдээсэн тэмдэглэл баталдаг. Тэрээр “Хашхираан”- ны талаар “Би нар шингэх үед хоёр найзтайгаа салхилж байтал тэнгэр гэнэт цусан улаан өнгөтэй болж, би ер бусын хүчинд автагдсан. Тухайн үед миний бие өвдөж, маш их сульдсан байсан. Тиймээс хөдөлж ч чадалгүй хөшиж зогссон. Харин найзууд маань холдож одсон. Хотыг галын дөл шиг зүйл бүрхсэн бөгөөд хачин жигтэй дуу чимээ тасралтгүй сонсогдсон” гэсэн байдаг.

Зураач Эдвард Мункийн хувийн амьдрал, дотоод ертөнц “Хашхираан” уран зурагт багтсан. Түүнчлэн хоорондоо хоршиж болдоггүй, маш хүнд өнгөнөөс бүрдсэн бүтээл. Мөн зургийн дээд хэсэгт буй эргэлттэй шугамууд нь хүмүүст тогтворгүй байдал, айдас, түгшүүрийн мэдрүүлдэг.
Тосон будгаар зурсан хоёр “Хашхираан”-ы нэг нь Норвегийн Үндэсний галлерейд, нөгөө нь Осло хотод буй Мункийн музейд байдаг аж.