Гадаадын их, дээд сургуульд элсэхийн тулд тухайн орны хэлийг зайлшгүй судалж, суралцсан байх шаардлагатай төдийгүй IELTS, TOFEL, TOPIC, NAT TEST зэрэг шалгалт өгч, хэлний түвшнээ тогтоодог. Гэтэл манай улсад энэ төрлийн, стандарт бүхий шалгалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, манайд суралцаж, ажиллах хүсэлтэй гадаад иргэд монгол хэлний мэдлэгээ шалгуулах боломж хомс. Тэгвэл  БШУЯ-ны дэмжлэгтэйгээр "Монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалт" төсөл  хэрэгжиж эхэлжээ. Төслийн багийн ахлагч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор  Д.Заяабаатартай ярилцлаа.

-“Монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалт” төсөл хэрэгжиж байгаа юм байна. Төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-БШУ-ны сайдын санаачилгаар монгол хэлний түвшин тогтоох стандарт шалгалтын программ хангамжийг боловсруулах төсөл явагдаж байна. Төслийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУБИС, АШУҮИС, Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Монгол хэлний төвийн судлаач багш нарын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Өгөгдөл боловсруулах хэсэг дээр ажиллаж дуусаад, боловсруулалтын шат руу орсон. Товчхондоо, гадаад хүн болон төрийн албан хаагчид монгол хэлний ямар хэмжээний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатайг олон улсын нийтлэг жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулж байна. Ер нь дэлхийн туурга тусгаар улс, үндэстэн болгон тухайн хэлээр нь олон хүн ярьдаг эсэхээс үл хамаарч хэлний шалгалтын стандарттай байдаг. Тэр стандарт Монгол Улсад хараахан бий болоогүй байсан. Уг асуудлыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бодитоор хүлээж аваад, дэмжлэг үзүүлсэн.

-“Төрийн албан хаагчид монгол хэлний ямар хэмжээний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатайг олон улсын нийтлэг жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулж байна” гэлээ. Төрийн алба хаагчаас монгол хэлний шалгалт авна гэсэн үг үү?

-Төслийнхөө хүрээнд Төрийн алба хаагчдаас авах шалгалтыг шинэчлэн боловсруулахыг зорьж байна. Уг нь энэ төрлийн шалгалт авдаг ч хэт академик түвшний, хэл зүйчсэн агуулгатай байдаг гэж би хувь судлаачийн хувьд хардаг. Тиймээс төрийн алба хаагчаас хамгийн бодитой агуулга бүхий шалгалт авах хэрэгтэй.

-Төслийн ач холбогдлын талаар ярилцья?

-Энэ төслийг эхлүүлснээр олон асуудлыг цоо шинээр харна гэсэн итгэл үнэмшилтэй болж байна. Бид төслийг хаагаад дуусгах хялбар замаар яваагүй. Хамгийн зөв арга зүйгээр ажиллана. Төслийн үр дүнд хэлний сургалт судалгаанд эргэлт гарна гэж харж байгаа. Анхан шатны үгийн санг дунд шатнаас нь ялгах ажил гэхэд л тэр чигтээ судалгаа. Жишээ нь, гадаад хүнд зориулсан 40 орчим сурах бичиг, ЕБС-д хэрэглэж байгаа 1-7 дугаар ангийн монгол хэлний сурах бичиг, өдөр тутмын нэг сонины нэг жилийн дугаарын эх зэрэг агуулгыг оруулж байгаад, үгийн сангийн давтамжийг нь гаргасан. Улмаар анхан шатанд орох 1276 үгийг ялгасан. Улмаар анхан шатанд мэдэх шаардлагатай 1500 орчим үгийн програмчлаад системд оруулна. Мөн өгүүлбэрийн бүтцийн судалгааг гаргана. Өөрөөр хэлбэл монгол хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшихийн тулд ямар хэв шинж, бүтэцтэй үгийг ойлгодог байхыг тодорхой болгоно. Энэ мэт маш нарийн программыг боловсруулахаар ажиллаж байна.

-Өмнө нь Монголд суралцдаг гадаад оюутнууд хэлний мэдлэгээ хэрхэн шалгуулдаг байсан бэ?

-Тухайлбал, МУИС-д гадаад оюутан элсдэг. Тэдний монгол хэлний мэдлэгийг шалгах стандарт байдаггүй учир багш нар монголоор уншуулж, бичүүлж шалгадаг байсан. Ийм юм байж болохгүй л дээ. Анхан, дунд, ахисан гэсэн гурван түвшнээр шалгалт авснаар МУИС-д монгол хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй гадаад хүн хэлний бэлтгэлд суухгүйгээр элсэх ч боломж бүрдэнэ. Шалгалтын хариу, сертификатыг нь олгочихно. Дэлхийн 20 орчим оронд монгол хэл судлалаар бакалавр, доктор, магистрийн сургалт явуулж байна. Тэр хүмүүст монгол хэлний мэдлэгээ шалгуулах шаардлага үүсдэг.

-Сүүлийн жилүүдэд эх хэлний дархлаа унаж байгаа талаарх асуудал их хөндөгдөх боллоо. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би монгол хэл судлалын чиглэлээр мэргэшиж ажиллаж байгаа хүний хувьд асуудалд илүү бодитой хандахыг зорьдог. Эх хэлнийхээ оршихуйн асуудалд санаа зовж байгаа хүнийг буруутгах аргагүй ч асуудалд бодитой хандах хэрэгтэй. Монгол энэ дэлхийд байгаа цор ганц өнчин үндэстэн биш шүү дээ. Бид дэлхий ертөнцийн нэг эд эсийн хувьд өөр урс оронтой харилцана. Ингэхлээр аль нэг нөлөөтэй бүхий хэл өөр бусад хэлэнд нөлөөлөх нь бий. Өөрөөр хэлбэл, өөр хэлний нөлөөгөөр хэл зүйн бүтцийн эвдрэл гарч байна. Гэхдээ тэрийг хэр хэмжээнд хашиж, эрсдэл үүсгээд байгаа зүйлийг нь хэрхэн эмчлэх вэ гэдгийг бодох нь чухал.  Монгол хэл яриа бичгийн аль ч түвшинд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж байгаа. Энд ямар нэг эрсдэл үүсгэж, дархлаа нь савлахуйц ноцтой доголдол байхгүй. Өөрөөр хэлбэл, асуудал байгаа ч дархлаа сулраад, мөхөл рүү хөтлөхүйц хэмжээнд биш гэж би хардаг.