Монголд тогтсон монополийн сүлжээг задлахад маш хэцүү. Хичнээн ч олуулаа байсан хоорондоо эв нэгдэлтэй байвал зах зээлдээ монополь тогтоож чадна гэсэн бат итгэл компаниуд битгий хэл жижиг наймаачдад бий. Шатахуун битгий хэл шар тор зардаг нөхөр байсан ч бусадтайгаа хэл амаа нийлүүлж чадвал бүс нутагтаа л монополь болсонтой ялгаагүй. Кг махыг бусдаасаа 500 төгрөгөөр хямд зарсан нэгнийгээ бусад нь зодож алах шахсан жишээ бий. Зөрчвөл энэ мэтчилэн эрүү шүүлт хүлээж байдаг “Нийт наймаачдын эрх ашиг нэгний эрх ашгаас илүү” гэсэн хууль үйлчилж байхад зөрчих хүн гарч ирэх үү. Жижиг наймаачид энэ зэргийн муу санаатай болчихсон байхад аж ахуйн нэгжүүд яах нь ойлгомжтой шүү дээ. Хуульд зах зээлийн 40-өөс дээш хувийг хянадаг бол монополь гэж үздэг. Гэтэл энэ мэтчилэнгээр нэг нь эхлүүлж, нөгөө нь дагадаг монополь тогтсон салбар олон байна.
Сэтгүүлчдэд нэг ийм зовлон байдаг юм. “Дэлхийн зах зээл дээр тийм, ийм бараа, түүхий эдийн үнэ нэмэгдлээ” гэж тэр бүр бичиж болдоггүй. Тэр бүү хэл “нэмэгдэж магадгүй” гэж ч мэдээлэхээсээ айдаг хэдэн бараа бүтээгдэхүүн бий. Жишээ нь улаанбуудай, шатахуун. Нийгэмд нэг л мессеж шидэхэд аж ахуйн нэгж, наймаачид иймэрхүү агшныг “уучлан” өнгөрөөнө гэж бараг үгүй дээ. Үнэ нэмэгдсэн улаан буудай 48-хан цагийн дотор үйлдвэрт очиж гурил болоод мянга мянган км зам туулж Монголд ирээд хэрэглэгчийн гар дээр очих нь тэр. Дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдсэн газрын тос 24 цагийн дотор шатахуун болж орж ирээд л хэрэглэгчийн гарт оччихож байгаа юм шүү дээ. Иймэрхүү “ид шид”-ийг зөвхөн монголд л үзэж болно. Хууль хяналт сул, худалдаачин, хууль сахиулагч хоёр нь нэг халаастай болж хувирсан манайх шиг улсад л ийм “ид шид” байдаг гэнэ лээ. Хэдэн жилийн өмнө, ОХУ-д гал түмэр гарч, улаанбуудайн экспортоо хориглосон тухай мэдээлэл гарсны маргааш л нийслэлд гурил ховордсон. “Зах зээлийн хуулиа” дагаад үнэ нь ч нэмэгдсэн нь мэдээж. Энэ гаж үзэгдэл одоо импортын бараан дээр гарч байна.
ШӨХТГ зах зээлд өрсөлдөгч олонтой ч хоорондоо үгсэн хуйвалддаг ийм мэтийн асуудалд хяналт тавьж ажиллах ёстой. Хуулийг цаг үед нь нийцүүлж өөрчлүүлэх асуудлыг ч хөндөж байх ёстой гэж бодно. Тиймээс дээр дурьдсан шиг олноороо нийлж үнэ тогтоодог шударга бус өрсөлдөөнийг зохицуулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Учир нь жижиг наймаачид иргэдийн амьдралд хамгийн их нөлөөлж, өдөр тутмын амьдралынх нь “судсыг атгаж” байдаг юм.