Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцоход уриалах, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Бэрх биш ээлтэй” аян эхэлжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 399 иргэн байдаг бөгөөд үүний 44 хувь нь эмэгтэйчүүд, 11.4 хувь нь 0-18 насны хүүхдүүд аж. Тэдгээр иргэдийн 57 хувь нь олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон бөгөөд 30 975 нь байнгын асаргаанд байдаг, ердөө 13 634 нь л ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, 85.2 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход:

Орчны саад буюу олон нийтийн газар тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд зориулсан зам, гарц ховор, Нийгмийн саад буюу хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт дутуу дулимаг байдаг, Хандлагын саад буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хайрлах, энэрч өрөвдөх зэргээр ялгаварлан гадуурхах

Мэдээллийн саад буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл авах боломж хангалтгүй /Мэдээллийн сувгууд дохионы хэлмэрчгүй, АТМ брэйл үсэгжүүлээгүй гэх мэт/ гэсэн үндсэн бэрхшээлүүд учирдаг юм байна. Тиймээс аяны хүрээнд дээр дурдагдсан бэрхшээлүүдийг арилгах, багасгах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй байгууллагуудын тоог олшруулахад чиглэсэн нөлөөлийн ажлууд хийгдэх /кино, видео контентууд г.м/ гэнэ. “Бэрх биш ээлтэй” аяныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Брэйнсторм” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр сарын турш үргэлжлэх юм.