
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт өгөгдөлтэй Монгол Улс аялал жуулчлалын ганцхан улиралтай, иргэд нь эх орноо тольддог хоёрхон сартай.
Өнгөрсөн жилийн долоодугаар сард 1.5 сая, наймдугаар сард 902.6 мянган иргэн дотооддоо аялсан нь үүний илрэл. “Аяллын” гэж тодотгож болох эл хугас хугацаа 20 орчим хоногийн дараагаас эхэлж, хот эзгүйрч, жилийн ихэнх өдрийг нам гүм өнгөрөөдөг буйд суурингууд хүний хөлд дарагдах болно. Хүүхдүүд баясаж, хөгшид налайж, идэр насныхан ихэнх өдрүүдэд үүрч, дүүрдэг үүрэг, хариуцлагаасаа түр алсарна.
Монгол Улсад 1950-иад оны дунд үеэс аялал жуулчлалын салбарын хөрс бэхлэгдэж, жуулчдад үйлчлэх анхны буудал, ресторанууд үүд хаалгаа нээж байсныг түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Дал илүү жилийн настай энэ салбар өдгөө улсынхаа эдийн засгийг солонгоруулж, олон тулгууртай, тогтвортой байдалд хөтлөх нэг гол багана, эх орноо олон улсад сурталчлах нэгэн том гүүр болтлоо өргөжиж, хөгжсөн байна.
Өнгөрсөн хугацаанд хувьсаж, өөрчлөгдсөн өөр чухал зүйл бол Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд монгол аялагчид гар бие оролцож, өгөөжөө хүртээдэг болсон явдал.
Дуртай газраа майхан хатгаад буудаллачихдаг, гол ус бараадаад, аян, хуянгаа тайлдаг аль эсвэл мал малладаг хамаатныдаа зуны саруудад зочилж дадсан монгол түмний хувьд буудал, ресторан тэргүүтэнд өртөг зарцуулж, тур оператор компаниар дамжуулан аялах нь саяхныг хүртэл ховор үзэгдэл байв. Харин цар тахлын дараагаас энэ байдал хувьсаж, монголчууд Монголдоо зөв, соёлтой, өртөг мөнгө зарцуулж, хөтөлбөртэй аялах соёл түгсэн. Энэ хэрээр дотоодын аялал жуулчлалын салбарт эргэлдэх мөнгөн дүн ч нэмэгдсээр буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодын жуулчид нийт 2.6 их наяд төгрөгийг аялалд зарцуулжээ. Дотоодын аялагчдын 47.5 мянга нь тур операторын үйлчилгээ авч, 27.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь мөн л том хийгээд шинэ тоо. Задалж харвал, нэг жуулчин дунджаар 586 мянган төгрөгийг тур операторын зардалд зарцуулжээ.
“Дотоодын жуулчдын түүвэр судалгаа”-нд өгүүлснээр, улсын хэмжээнд нэг аяллын дундаж зардал 1.1 сая төгрөг байна. Задалж харвал, иргэдийн орлогоос хамаараад зарцуулах мөнгөн дүн нь харилцан адилгүй байгаа юм. Тодруулбал, 800-1.2 сая төгрөг хүртэлх орлоготой жуулчид 421.4-786.6 мянган төгрөгийг, 1.2-1.8 сая төгрөгийн орлоготой бол 1.1 сая төгрөгийг аялахдаа зарцуулжээ. Харин 1.8-3.5 сая төгрөг хүртэлх орлоготой жуулчид 1.4-1.8 сая төгрөг, 3.5 саяас дээш орлоготой жуулчид 2.4 сая төгрөгийн зардлаар аялсан байна.
Аяллын зардлын 30.6 хувийг тээвэр, 18.1 хувийг нийтийн хоол, 17 хувийг байр сууц, 15.9 хувийг худалдан авалтын зардал эзэлсэн бол үзвэр үйлчилгээний зардал хамгийн бага буюу гурван хувийг бүрдүүлжээ.
Дотоодын аялал жуулчлалын салбарт эргэлдэх мөнгөн дүн нэмэгдсэн нь аялагчдын тоо өссөнтэй мөн холбоотой. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд нийт хүн амын 48.7 хувь нь буюу 1.7 сая иргэн Монгол орноороо аялжээ. Энэ тоо давхардсан байдлаар 3.2 саяыг давжээ. Иргэд эх орондоо ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөрөө аялдаг. Тоо сөхвөл, нийт жуулчдын 1.3 сая нь буюу 76.2 хувь нь гэр бүлийн гишүүдтэйгээ аялсан байна. Насны хувьд, жуулчдын 39.3 хувь нь 20 хүртэлх нас, 17.6 хувь нь 30- 39 нас, 14.2 хувь нь 40-49 нас, 12.1 хувь нь 20-29 насныхан байжээ.


Хүн амын багагүй хувь нь дотооддоо аялж, эх орныхоо үзэсгэлэнтэй танилцах нь олон чухал ач холбогдолтой. Гэхдээ анхаарах, сэрэмжлэх учиртай өөр сүүдэртэй өнцөг ч бий. Монгол аялагчдыг “хэнэггүй” гэх үгээр тодорхойлж болно. Энэ гэнсрэггүй араншин нь аяллыг эрсдэл, осол, уй гашуу болгож хувиргах нь элбэг. Аяллын сарууд гэгддэг долоо, наймдугаар сард монголчуудын дунд гэнэтийн осол гэмтэл хамгийн их гардаг бөгөөд золгүйгээр амиа алдах тохиолдол ч нэмэгддэг. Тухайлбал, сүүлийн арван жилийн хугацаанд зөвхөн усны ослоор 256 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан байна. Монголчуудын дунд аяллын, амь насны даатгалд хамрагдах, зугаалахдаа машины эмийн сан базаах зэрэг соёл хараахан бий болоогүй.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан
Монголдоо аялдаг дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн жил 1.6 сая жуулчин дотооддоо аялж, 2.6 их наяд төгрөг зарцуулж байгаа гэх үзүүлэлт гарсан. Цар тахлын дараа жуулчдын тоо сэргэх, өсөх хандлагатай байна. Монгол жуулчид өөрсдийн нутагтаа аялж байгаа учир аяллаа тодорхой төлөвлөдөггүй. Мөн манайхан даатгалд хамрагддаггүй. Тиймээс эрсдэлээс хамгаалах зорилготой даатгалын тогтолцоо, соёлыг хөгжүүлэх шаардлага бий.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гадаад жуулчдыг татах чиглэлд голчлон анхаарч, хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Багагүй хөрөнгө мөнгийг ч энэ чиглэлд “хаяж” байгаа. Тэр хэрээр манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж буй сайн мэдээтэй. Гэхдээ гадаад жуулчдаас олж байгаа мөнгө дотоодын аялал жуулчлалын салбарт эргэлдэж буй мөнгөн дүнгээс бага аж. Тоо сөхвөл, 2025 онд манай улсад аялах зорилгоор 847.2 мянган гадаадын жуулчин хүлээн авснаас нийт 1.9 их наяд төгрөгийн орлого олжээ. Харин монгол жуулчид өнгөрсөн онд 2.6 их наяд төгрөгийг дотоодын аялал жуулчлалд зарцуулсан.
Өөр нэг сонирхолтой өнцөг нь, эрх баригчдыг гадаадаас жуулчид, валют даллах хооронд монгол иргэд гадаад аялалд багагүй мөнгө урсгаж буй. Өнгөрсөн онд давхардсан тоогоор манай улсаас 2.2 сая хүн гадаад улс руу аялсан байна. Ийн Монгол Улсын иргэд гаднын улс руу аялахдаа 3.5 их наяд төгрөгийн зардлыг гаргасан байна. Монгол Улсын нэг иргэний гадаадад аялсан зардал дунджаар 8.4 сая төгрөг болж байгаа бол гадаад иргэдийн Монголд аялахдаа зарцуулж буй дундаж дүн 4.6 сая төгрөг байгааг “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа”- нд дурджээ.
Аялал жуулчлалын салбар цаашид гаднаас валют олборлоход анхаарахаас гадна дотоодын аялагчид руу чиглэсэн хөтөлбөр, эвент, үйл ажиллагаа зохион байгуулж, тэдний анхаарал, сонирхолд нийцэх сурталчилгаа, мэдээлэл хүргэх гэхчлэн олон ажил арга хэмжээг зохион байгуулах нь зүй.