
Монголчууд аливаа зүйлийг үйлдвэрлэхгүй ч засаж янзлахдаа гаргуун. Үүнийгээ монголчлох гэж нэрлэдэг.
Монголчлоход ямар ч дэлхийн стандарт саад тээг болохгүй. Заавал ийм байх ёстой гэсэн дүрэм журам монголчилж буй хэнд ч үйлчлэхгүй. Ийнхүү засаж янзлах арга ухаанаа “Хар ухаан” гэж нэрлэдэг. Зөвхөн монгол хүн төдийгүй Монголын төр засаг “хар ухаан”-аар ажиллах нь бий. Ийм хэдэн жишээг танилцуулъя.
Манай улсын гадаад өрийн хэмжээ хуульд заасан дээд хязгаартаа тулж дахин зээл авах боломжгүй болох үед Засгийн газрын өрийг гадаад өрөнд тооцохгүй байх хууль баталж байлаа. Бас өрийг өглөг гэж нэрлээд өрийн дарамтаас түр зугтах санаачилга ч гарч байв. Энэ мэтээр манай төр засаг дэлхий нийтийн нийтлэг ойлголтын гажсан, монголчилсон бодлого хэрэгжүүлэхдээ сурамгай. Яг одоо УИХ дээр бас нэг ийм бодлого яригдаж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл. Бас өр зээлээ монголчлох агуулгатай хуулийн төсөл. Манай улсын гадаад зээлийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж ашиглалт нь өрийн таазнаасаа хальж, ашиглах боломжгүйд хүрсэн.
Авсан зээлээ өөрийн хязгаартаа багтаан зарцуулах хуультай. Энэ хуулиа хэрэгжүүлэх гэтэл нэгэнт авсан зээлээ бүрэн ашиглах боломжгүй болж хий хоосон хүү төлөх нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс амьдралын “хар ухаан”-тай 21 гишүүн дэлхий нийтэд дагаж мөрддөг төсөв, санхүүгийн ойлголтыг монголчлох арга ухаан сийлжээ. Тэд Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргах хуулийн төсөл санаачлаад байгаа юм. Товчхондоо, энэхүү гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй гэсэн үг. Ингэж монголчлохгүйгүйгээр өрийн хязгаартаа багтаан авсан зээлээ зарцуулна гэвэл эдгээр төслийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгаа юм.
Энэ үүднээс нь бодвол дэлхийн дүрмээс гажууд ч зөв гэж үзэх болохоор. Тийм ч учраас УИХ энэхүү хуулийн төслийг нь дэмжин хэлэлцэж батлах шатанд очоод байна. Харин одоо УИХ олон улсад мөрдөгддөг төсөв, санхүүгийн ойлголтоос гадуур зарцуулалт хийхийг нь хүлээн зөвшөөрсөн шигээ хяналтаа сайн тавих нь чухал болоод байна. Монгол Улс нэгдсэн төсвөөсөө гадна хэд хэдэн төсөвтэй болж байгаа нь энэ. Ингэж гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлсэнтэйгээ дүйцүүлэн хяналтаа ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэгэнт авсан зээлээ бүрэн ашиглаж чадахгүй, хүү төлж сууна гэдэг харамсалтай. Тиймээс тусгайлан хууль баталж зээлээ бүрэн ашиглаж бүтээн байгуулалтын ажлаа хурдасгахыг хэн ч дэмжинэ. Энэ бол зөв монголчлол. Харин одоо өөрсдийгөө хуурсан буруу монголчлолын тухай нэг жишээг танилцуулъя. Энэ бол монголчилсон инфляцын тухай.
Дэлхийн улс орнууд инфляцаа нэг ижил зарчмаар тооцдог. Статистикийн байгууллагууд нь иргэдийнхээ өдөр тутмын амьдралдаа худалдан авдаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон авч нэгтгэснээ “Хэрэглээний сагс” хэмээн нэрлэдэг. “Хэрэглээний сагс”-нд багтсан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр инфляцаа хэмждэг гэсэн үг. Хамгийн гол нь иргэдийн өдөр тутмынхаа амьдралд байнга худалдан авдаг бүтээгдэхүүн, үйлчилгээг “Хэрэглээнийхээ сагс”-нд багтаадаг. Гэтэл манай улс “Хэрэглээний сагс”- нд багтах бараа, үйлчилгээгээ энэ зарчмаар сонгодоггүй гэсэн хардлага бий. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд дахь бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдсээр 430 нэр төрөлд хүрээд байна. Иргэдийн шинээр хэрэглэж буй бараа, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр “Хэрэглээний сагс” хүрээгээ тэлдэг. Хэдхэн жилийн өмнө “Хэрэглээний сагс”-нд 370 бараа, үйлчилгээ байдаг байлаа. Харин одоо 430 бараа, үйлчилгээ байдаг ч Улаанбаатар хотын инфляцыг тооцохдоо 418 нэр төрлийнх нь үнийг судалдаг ажээ. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа бөгөөд энэ нь “Хэрэглээний сагс”-ны 55.3 хувийг эзэлж байна.
Засгийн газар, Монголбанк жил бүр УИХ-аар төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлээ батлуулахдаа инфляцыг төдөн хувьд барина гэсэн зорилтоо батлуулдаг. Тэрхүү зорилтдоо хүрэхийн тулд үнэ нь огцом өссөн бүтээгдэхүүн, үйлчилгээг “Хэрэглээний сагс”-наас хасаж инфляцаа монголчлон тооцдог гэсэн хардлага үүсдэг. 2026 оны төсвийг батлахдаа инфляц долоон хувьтай байна гэж тооцсон. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
Ирэх жил инфляц долоон хувьтай байна гэдэг худлаа. 2025 оны төсвийг батлахдаа инфляц 6-7 хувь байна гэж тооцсон. Гэтэл одоо Улаанбаатарт 10, улсын хэмжээнд есөн хувьтай байна. Инфляцаа зөвөөр тооцож болдоггүй юм уу.
Энэ онд инфляц улсын хэмжээнд долоон хувь байна гэж баталсан ч Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногт 7.4 хувьтай байна гэж мэдээллээ. Дараах нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ 7.4 хувийг бүрдүүлж байна.
“Хэрэглээний сагс”-наас шатахууныг хассан гэх мэдээлэл үе үе гардаг. Үүнийг батлах мэт дээрх жагсаалтад түлш, шатахуун гэж алга. Мөн тээврийн үнэ тариф инфляцад 0 хувь эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Гэхдээ Үндэсний статистикийн хороо мэдээлэлдээ АИ92 шатахууны үнэ өсөөгүй гэдгийг тодотгожээ.
Ерөнхий индекс 7.4%
Хүнсний бараа, ундаа, ус
3.8%
Согтууруулах ундаа, тамхи 0.1%
Хувцас, бөс бараа, гутал 0.8%
Орон сууц,
ус, цахилгаан, түлш 0.1%
Гэр ахуйн тавилга, бараа 0.3%
Эм, тариа, эмнэлгийн
үйлчилгээ 0.4%
Тээвэр 0% Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.1%
Амралт,
чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 0.1%
Боловсролын үйлчилгээ 0.8%
Зочид
буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 0.3%
Даатгал, санхүүгийн
үйлчилгээ 0%
Бусад үйлчилгээ 0.5%
Нэг литр АИ92 бензиний дундаж үнэ 2026 оны гуравдугаар сард 2590 төгрөг болж, 2025 оны гуравдугаар сараас 8.4 хувь (200 төгрөгөөр) өсөж, харин өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Үндэсний статистикийн хорооны тайлангаас
Үндэсний статистикийн хорооны тайлангаас харвал түлш, шатахууны үнэ нэмэгдэж байгаа ч нэмэгдээгүй төрлийнх нь үнийг авч тооцдог байна. Үхрийн махны үнэ огцом нэмэгдсэн. Харин инфляцыг тооцохдоо ямар махны үнээр тооцсон тухай мэдээлэл алга. Энэ мэтээр өөрсдийнхөө тавьсан зорилтдоо хүрэхийн тулд инфляц тооцох аргачлалыг монголчилж байна.