Der-der-der-der-der-der Gini Wijnaldum!
Der-der-der-der-der-der Gini Wijnaldum!
Der-der-der-der-der-der Gini Wijnaldum!
Der-der-der-der-der-der Gini Wijnaldum!...
Энэ бол “Ливерпүүл” клубын хөгжөөн дэмжигчид түүнд зориулж дуулдаг дуу. Магадгүй хамгийн гоё үгтэй дуу биш байж болох ч үргэлжлэх тусам улам сонсголонтой болж ирнэ. “Ливерпүүл”-д таван жилийг өнгөрүүлсний эцэст Жеоржинио Виналдум шинэ адал явдал хайхаар шийджээ.
2016 оны зун “Ньюкасл” клубээс 25 сая фунтээр Голланд хагас хамгаалагч “Ливерпүүл”-д газардахаар болсон гэсэн мэдээлэл гэнэтхэн түгсэн нь улаануудын фэнүүдийн хувьд цочирдом мэдээ байв. Хожим “Ливерпүүл” клубын сэргэн мандалтын гол багана болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан хэрэг.
Роттердамаас Ливерпүүл хүртэл
Жеоржинио Грегион Эмил Виналдум 1990 оны арваннэгдүгээр сарын 11-нд Голландын Роттэрдам хотод төржээ. Түүний эцэг, эх нь Суринам гаралтай бөгөөд зургаан настай байхад нь салж ээж Маурен Виналдум нь Амстердам хот руу нүүж Жини Роттердамд эмээтэйгээ үлдсэн байна. Сонирхолтой нь Виналдум багадаа хөлбөмбөг огт сонирхдоггүй байсан бөгөөд гимнастик, акробатчин болохыг мөрөөддөг байжээ. Харин энэ мөрөөдөл нь “Спарта Роттердам” клубын академийн нээлтийн өдөр үеэлтэйгээ хамт очсоноор үгүй болсон гэдэг. Энд л анх бяцхан Жини анх хөлбөмбөгтэй танилцаж хамгийн гайхалтай спортын хаалгаар эргэлт буцалтгүй алхан оржээ. Удалгүй “Спарта Роттердам” багийн академиас урилга ирсэн бөгөөд залуучуудын багт дэвшихэд нэг их хугацаа ороогүй байна. Тэндээсээ “Фэйноорд” клуб руу шилжиж Голландийн ирээдүйн авьяастануудын нэгээр нэрлэгдэж эхлэв. 2011 оны зун таван сая еврогоор “Фэйноорд” клубээс “ПСВ Эйндховен” клубт очихоор болсныг клубынх нь спортын захирал дуулгасан байна. Арвин баялаг түүхт “Эйндховэн” клубт хүндэт 10 дугаарыг зүүж дөрвөн жил тоглосны эцэст Английн “Ньюкасл” руу, улмаар 2016 онд “Ливерпүүл”-д рүү шилжсэнээр түүний карьерын алтан үе эхэлсэн юм.
Төгс төвийн хагас хамгаалагч
Тухайн үед “Ливерпүүл”-ийн жолоог атгаад удаагүй байсан Клопп Жиниг яагаад авсныг дараагийн таван жилд хөлбөмбөгийн ертөнц хангалттай харсан. Цаг хугацаа явах тусам аливаа зүйл хөгжиж төгөлдөршиж байдаг. Хөлбөмбөг ч мөн цаг үеэ дагаж хувьсан өөрчлөгдөж буй спорт. Үзэгчдийн мэдээлэл, мэдлэг ч дагаад маш өндөр болсон орчин цагт ногоон талбайд ур чадвар, гайхалтай цохилт, хууралттай тамирчид л супер гэдэг ойлголт үгүй болжээ. Зидан, Пирло, Жеррард, Лампард нар шиг онцгойрч илт ялгарахгүй ч тактикийн мэдлэг, физикл нөөц, багийн тоглолт, үүрэг байрлалаа сайн мэддэг өөрийгөө золиосолж зүрх сэтгэлээ зориулж чаддаг тоглогчдыг үнэлэх үнэлэмж эрс нэмэгдэж, тоглолт хэв маягийг нь үздэг, судалдаг болсон. Тийм тоглогчдын тод төлөөлөл нь Жини Виналдум.
Довтолгооны бүх байрлалд тоглодог байсан Жиниг Клопп эрс өөрчилж хагас хамгаалалтад тоглуулж “хар бор” ажил хийлгэдэг болов. Жини ч үүргээ сайн биелүүлж “Ливерпүүл”-д гарааны эрхээ баталгаажуулж богино хугацаанд багтаа уусаж чаджээ. Одоо зөвхөн амжилт, цом авах л үлдсэн байлаа. Энди Робэртсон, Трент Александр-Арнольд, Салах, Манэ, Фирмино. “Ливерпүүл”-ийн тоглолтын стил, хурд, довтолгоо Европт гайхагдаж эхэлсэн цаг үе. 2018, 2019 онд хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд шалгарахад энэ систем алдаа мадаггүй ажиллаж байсан бөгөөд энэ бүхний ард Жини Виналдум, Жордан Хэндэрсоноор ахлуулсан хагас хамгаалалтын шугам чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Жинигийг тоголдог байрлал “Ливерпүүл”-ийн системийн маш чухал хэсэг болсон байв. Ихэвчлэн 4-2-3-1 системд довтлогчын ард, довтолгооны хагас хамгаалагчаар тоголдог байсан Жинигээс Клопп өөр зүйл олж харсан гэдэг. Клопп Жиниг Европын хамгийн төгс төвийн хагас хамгаалагч болж чадна гэж үзсэн учир “Ньюкасл”-аас худалдаж авсан түүхтэй. Тэр Жинигийн физикл нөөц сайтай бие, гүйлтийн тэсвэрийг тактикийн ойлголттой хослуулж төвийн хагас дээр өөрийнхөөрөө тоглуулж чадна гэдэгт итгэсэн хэрэг. Виналдум шиг намхан тоглогчид энэ байрлалд тоглоно гэдэг маш хэцүү зүйл. Гэвч бодит байдал дээр тэс өөр байв. “Ливерпүүл”-ийн хагас хамгаалалт Европын шилдэг гэсэн бүхий л довтолгоог нурааж эхэлсэн юм. Хэдхэн сарын дараа Жини довтолгоо хамгаалалтад жигд оролцож бүх хар ажлыг хийдэг прессинг машин болон хувирсан байлаа.

“Энфилд”-ийн баатар
2019 оны тавдугаар сарын 7-ны мягмар гараг. Испанийн алдарт “Барселона” клуб Аваргуудын лигийн финалд шалгарахад 90 минут дутуу. Өмнөх тоглолт “Камп Ноу” цэнгэлдэхэд 3-0 харьцаатайгаар өндөрлөсөн байв. Салах болон Фирминьо гэсэн “Ливерпүүл”-ийн довтолгооны гол тоглогчид бэртлийн улмаас оролцох боломжгүй болоод байлаа. Шаардлагатай 4 гоолыг оруулахын тулд “Ливерпүүл” Мэсси, Суарез ба түүний нөхдийг эхлээд шахах, дараа нь хамгаалах даалгавартай тулгарсан юм. Жини сэлгээнд суусан хэвээр.
Хоёрдугаар үе эхлэхэд гэмтэл авсан Робэртсоныг орлон Виналдум талбайд гарч ирлээ. Боломж зөвхөн цаасан дээр байсан ч 54 дэх минутаас эхлэн “Ливерпүүл” Европын хөлбөмбөгийн түүхэнд дахин нэг гайхамшиг бичиж үлдээх замдаа оров. Энэ түүхийн гол дүр нь сэлгээгээр орж ирсэн Виналдум байсан юм. Дараагийн 120 секундэд Жини Анфилд цэнгэлдэхийг хоёр ч удаа цэнгэлд умбуулж улмаар Дивок Ориги, Трент Александр-Арнольд хоёр эцсийн цэгийг хатгаж “Ливерпүүл” клуб Испаний Мадрид хотыг зорихоор болсон юм. 3-0 гэсэн үр дүнгээс эргэн ирэлт хийчихнэ гэж төсөөлөшгүй зүйл. Ингэснээр Мадрид хотын “Ванда Метрополитано” цэнгэлдэхэд “Ливерпүүл” дутуу үлдээсэн ажлаа дуусгаж Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөсөн түүхтэй. Жини Аваргуулын лигт түрүүлсэн медалиа хожим “Спарта Роттэрдам” клубын академи руу 45 минутын турш алхаж хүргэж өгч байсан эмээ Франсиннадаа бэлэглэсэн гэдэг.
Түлхүүр гоолууд
Виналдум “Ливерпүүл”-д таван жил тоглохдоо 22 гоол оруулсан. Энэ тоо тийм их биш мэт санагдаж байж магадгүй. Гэвч түүний оруулсан гоолууд шийдвэрлэх мөчид чухал оноо, ялалтуудыг авчирч байв. Аваргуудын лигийн хагас шигшээд “Рома”, “Барселона” клубын эсрэг, 2016-2017 оны улирлын сүүлийн тоглолтод “Миддлесборо”-гийн эсрэг, “Челси”, “Атлетико Мадрид”, “Арсенал”, “Тоттенхэм” гээд олон том багуудын хаалганд гоолдож амжсан байна.
“Виналдум бол бидний амжилтын архитектор. Бид энэ “Ливерпүүл”-ийг түүний хөл, уушиг, тархи, гайхалтай уудам зүрх сэтгэл дээр барьсан юм” хэмээн Юргэн Клопп Жинигийн “Ливерпүүл”-ийн төлөөх сүүлчийн тоглолтын өмнө ярьжээ.
Барсад “нисдэг голланд” болно
Жеоржинио Виналдум “Ливерпүүл”- ээс явж Испаний “Барселона” клубт Голландын шигшээ багт хамтран ажиллаж байсан Роналд Куманы удирдлага дор тоглохоор болж байна. Жини “Барса”-д очсоноор байрлалын хувьд илүү урагшилж чөлөөтэй тоглох боломж бүрдэх юм. Куман Улбар шаруудын дасгалжуулагч байхдаа түүнийг яг ингэж ашигладаг байсан юм.
“Ливерпүүл” түүнд шинэ гэрээг 1-2 жилийн хугацаатай санал болгосон ч тохиролцож чадаагүй. Жини урт хугацаанд багтаа үлдэхийг хүсч байсан ч “Ливерпүүл”-ийн наймаа, цалин, гэрээн дээр баримталдаг бодлоготой нийцсэнгүй. Харин “Ливерпүүл” клубын түүхэн дэх алтан үеийг бичилцэж хожим олон жил ярих дурсамжийг тод үлдээж чадсан гайхалтай тоглогчоо Копууд домгийн ёсоор хүндэтгэн үдэж байна.