Хоч: Герман машинууд

Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан: 1909 он

Амжилт: ДАШТ-ий дөрвөн алт (1954, 1974, 1990, 2014), дөрвөн мөнгө (1966, 1982, 1986, 2002), дөрвөн хүрэл (1934, 1970, 2006, 2010), ЕАШТ-ий гурван алт (1972, 1980, 1996), гурван мөнгө (1976, 1992, 2008), гурван хүрэл (1988, 2012, 2016) медальтай.

Ерөнхий дасгалжуулагч: Йоахим Лёв

Бүрэлдэхүүн

Хаалгач: Мануэль Нойер (Байерн), Бернд Лено (Арсенал), Кевин Трапп (Айнтрахт).

Хамгаалагч: Матс Хуммельс (Борусси Д), Антонио Рюдигер (Челси), Маттиас Гинтер (Борусси М), Никлас Зюле (Байерн), Лукас Клостерманн, Марсель Халстенберг (РБ Лейпциг), Робин Кох (Лидс Юнайтед), Робин Госенс (Аталанта), Кристиан Гюнтер (Фрайбург).

Хагас хамгаалагч: Тони Кроос (Реал Мадрид), Томас Мюллер (Байерн), Жошуа Киммих (Байерн), Илкай Гюндоган (Манчестер Сити), Эмре Жан (Борусси Д), Леон Горецка (Байерн), Лерой Сане (Байерн), Кай Хавертц (Челси), Флориан Нойхаус (Борусси М), Йонас Хофманн (Борусси М), Жамал Мусиала (Байерн).

Довтлогч:   Тимо Вернер (Челси), Серж Гнабри (Байерн), Кевин Фолланд (Монако)

Дэлхийн аварга болж, тэнгэрт гарсан “Бундестим” газарт бууж ирснээс хойш гурав дахь жилийн ойн дээр “Евро 2020” болж байна. Энэ хооронд Й.Лёвын баг юм, юм л үзлээ. Өнгөрсөн жил Үндэстнүүдийн цомын тэмцээнд 0:6 бут ниргүүлснийг нь бодохоор Евро  нэг жилээр хойшилсон нь аз болсон мэт, саяхан “Катар 2022” сорилгоор Румынд 0:1, Хойд Македонд 1:2 дийлдсэнийг нь бодохоор бүр дордчихсон ч юм шиг.

Й.Лёв эцсийн мэдүүлэгтээ анхаарал татсан нэг өөрчлөлт хийсэн нь Томас Мюллер, Матс Хуммельс хоёрыг дуудсан явдал байв. Ж.Ботенг тэр гурвыг “Залууст зайгаа тавь” гээд 2019 оноос хойш дуудахаа болчихсон байсан юм. Довтолгоонд дандаа шинэ залуус байгаа. Дашрамд сонирхуулахад Испанийн Фернандо Торрес 2012 онд “Челси” багаа “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд гоол оруулж, улмаар түрүүлээд дараа нь Европын аварга болсон бөгөөд Тимо Вернер энэ жил яг энэ жишгээр явж байгаа юм.

2006 онд Йоахим Лёвыг ерөнхийгөөр жинхлэхэд хөгжөөн дэмжигчид жаахан дургүй байж билээ. Ер нь Ю.Клинсманныг үлдээх нь илүү дээр гэсэн уур амьсгал давамгайлж байсан нь үнэн. Түүнээс хойш 15 жил өнгөрч, Й.Лёв түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагчийн нэг болсон байна. Гэхдээ бүх юм цаг хугацаатай байдаг болохоор Йоахим Лёвын ялгуусан замнал “Евро 2020”-ын дараа дуусах гэж байна. Харин явах үед нь үлдээмээр санагдах болов уу. Герман машин Еврод хэрхэн оролцохоос л шалтгаалах биз ээ.

Анх өсвөрийн ДАШТ-д хет трик хийн олонд танигдсан Тони Кроос өдгөө дэлхийн шилдэг хагас хамгаалагч болжээ. Амжилт уруудаж байгаа энэ хүнд үед түүний олон талт ур чадвар Германы шигшээд ус, агаар шиг хэрэгтэй. Учир нь тэр одоо залуу биш, залуу үеийнхээ үлгэр дуурайлал болсон.

Урьдчилсан тэмцээн: С хэсгийн нэгдүгээр байр. Герман-21 оноо, Нидерланд-19, Умард Ирланд-13, Беларусь-4, Эстон-1