Хоч: Улбар шарууд
ОУХХ-ны чансаа: 16
Амжилт: Европын аварга (1988), хагас шигшээд дөрвөн удаа (1976, 1992, 2000, 2004) шалгарсан. ДАШТ-ий дөрвөн мөнгө (1998, 1974, 1978, 2010), олимпын наадмын гурван хүрэл (1908, 1912, 1920) медальтай
Ерөнхий дасгалжуулагч: Франк Де Бур
Хаалгач: Марко Бизот (“Алкмаар”), Тим Крул (“Норвич”), Мартен Стекеленбург (“Аякс”).
Хамгаалагч: Патрик ван Анхолт («Кристал Пэлас»), Натан Аке («Манчестер Сити»), Дэйли Блинд, Юрриен Тимбер (“Аякс”), Дензел Думфрис (“ПСВ”), Маттейс де Лигт («Ювентус»), Йоэл Велтман (“Брайтон”), Стефан де Врей («Интер»), Оуэн Вейндал (“АЗ”).
Хагас хамгаалагч: Донни ван де Бек (“Манчестер Юнайтед”), Райан Гравенберх, Дэви Классен (“Аякс”), Френки де Йонг (“Барселона”), Тен Копмейнерс (“АЗ”), Мартен де Рон (“Аталанта”), Жоржиньо Вейналдум (“Барселона”).
Довтлогч: Стевен Бергейс (“Фейеноорд”), Мемфис Депай (“Лион”), Коди Гакпо, Дониэлл Мален (“ПСВ”), Люк де Йонг (“Севилья”), Квинси Промес (“Спартак”), Ваут Вегорст (“Вольфсбург”).
Дэлхийн хөлбөмбөгийн гүрнүүдийн нэг болох Нидерландын шигшээ баг “ОХУ 2018” ДАШТ, “Евро 2016”-д эрхээ авч оролцож чадаагүй. Нидерландын хөлбөмбөгт сүүлийн 40 жилд ийм уналт тохиогоогүй юм. Тиймээс “Евро 2020”-д эрхээ авч оролцох нь Рональд Куман болон түүний багийнхны эхний зорилго байсан. Зорилгоо амжилттай ч биелүүлсэн. Гэвч өнгөрсөн оны есдүгээр сард Р.Куманд “татгалзахааргүй санал” ирсэн тул тэрээр ажлаа өгч, “Барселона”-г удирдахаар явж оронд нь Франк де Бур ирсэн юм.
Одоо де Бурын өмнө сүүлийн хэдэн жилийн азгүйтлийг арилгаж, өндөр амжилт гарган хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг дэвтээх амаргүй зорилт байна. Амаргүй гэж хэлж байгаагийн учир нь, ахлагч, хамгаалалтын гол ноён нуруу Виржил ван Дайк, үндсэн хаалгач Яспер Силессен нар Еврог өнжиж буй. Виржил гэмтэлтэй бол Яспер коронавирусээр халдварлажээ.
Бооцооны төвүүдэд таван хүн тутмын нэг нь Англи, Францыг түрүүлнэ гэж байхад Нидерландад ердөө 12 хүн тутмын нэг нь мөнгөө даатгаж буй нь үүнтэй холбоотой. Гэхдээ “Могой гурав хуваагдсан ч гүрвэлийн дайтай” гэдэг шиг найдаж болох өөр олон шилдэг залуус де Бурт бий. Чухал үед хэрэгтэй гоол оруулдгаараа онцгойрдог Жоржиньо Вейналдум тэдний нэг нь.
Нидерландын шигшээ сүүлийн үед Мемфис Депай гэдэг хүнээс хэт хамааралтай болчихоод байгаа. Гоол оруулж сайн тогловол хождог, тааруу байвал хожигддог. Ер нь бол “Евро 2016”, “ОХУ-2018” ДАШТ-д Нидерландын шигшээ орж чадаагүйн буруутан нь Депай. Тэрээр гоол оруулах үүргээ умартсанаас л хамаг юм болсон. Яг энэ талаас нь харвал Мемфис Депай яах аргагүй шигшээ багийн гол хүн. Аз болоход энэ циклд мань хүний бэлтгэл гайгүй, гоолтой байгаа нь хөгжөөн дэмжигчдэд бага ч гэсэн найдлага төрүүлж байна.
Урьдчилсан тэмцээн: С хэсгийн хоёрдугаар байр: Герман-21оноо. Нидерланд - 19. Умард Ирланд - 13. Беларусь - 4. Эстон - 1.