Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэллээ. Өнөөдөр монголчууд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд хэдэн онцлогтой. Монголчууд 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол энэ удаагийн сонгуулиас эхлээд зургаан жилээр сонгоно. Түүнчлэн нэг удаа сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй байлаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм дахин нэр дэвших болзолгүйгээр зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх болоод Төрийн тэргүүнд нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол энэ удаагийн сонгуулиас эхлээд 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлж байгаа юм. Ингэж Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг нэмэгдүүлэх шалтгааныг Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс буцаж улс төрд орж төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн дэлхийн улс орнуудын жишгийг ч дагасан хэрэг.
1993 оны сонгуулиас хойш найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 16 хүн нэр дэвшээд байна. Үүний 18 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй юм. Тэд хамгийн анх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ хэдэн настай байсныг танилцуулъя.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 оноос 2011 оныг хүртэл тасралтгүй буурч байсан бол 2017 онд дөрвөн хувиар өсжээ. Мөн ялалт байгуулсан нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авч байсан нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди юм байна. Тэрээр анх сонгогдохдоо 60.81 хувийн саналаар сонгогдсон бол бусад нь бүгд 60-аас доош хувийн саналаар сонгогджээ.
1993 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 92.73%
1997 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 85.06%
2001 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 83.8%
2005 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 74.97%
2009 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 73.59%
2013 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 66.5%
2017 оны сонгууль:
Сонгогчдын ирц: 68.27%
Хоёр дахь санал хураалт:
Сонгогчдын ирц: 60.67%
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад хоёр сая 167 мянга 942 сонгогч бүртгэгдээд байна. Эдгээр сонгогчийн хэд нь сонгуульдаа оролцож саналаа өгөх нь өнөөдөр 22.00 цагт хаалгаа барих санал хураах үйл ажиллагааны дүнгээр тодорхой болох юм. Мөн Монгол Улсын түүхэнд анх удаа зургаан жил буюу 2027 он хүртэл ажиллах Ерөнхийлөгч өнөөдөр тодорно. Тэр хүн хэн бэ. У.Хүрэлсүх үү, С.Эрдэнэ үү, эсвэл Д.Энхбат уу?