Герман улсын Мюнхен хотноо зохион байгуулагдсан Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын уралдаанд Монгол охины ахалсан баг тэргүүн байр эзэлж, дэлхийн жааз хөгжимчдийг бишрүүлээд буй билээ. Түүнийг Эрдэнэбаатарын Шүтээн гэдэг. Зургаан настайгаасаа хөгжмийн урлагт хөл тавьсан тэрбээр өдгөө хөгжимчин, жааз хөгжмийн зохиолч гэх мэргэжлийг хослуулан, олон улсын хөгжмийн урлагийн талбарт авьяасаа хөглөж буй уран бүтээлч юм.
-Зургаан настайгаасаа Монгол Улсын Консерваторийн сургуульд суралцаж эхэлсэн гэсэн. Үеийнх нь хүүхдүүд тоглоом, наадамтай “нөхөрлөж” байхад Шүтээн үүрэг, хариуцлага хүлээж, өөрийнхөө сонирхлыг нээж байсан байх нь. Энэ сонголтыг хийхэд юу нөлөөлсөн бэ?
-Тухайн үед утсан хөгжмийн ангид орохыг их хүсэж байсан. Гэхдээ л төгөлдөр хуурын ангид орж, суралцсан. Одоо бол би төгөлдөр хуурыг бус төгөлдөр намайг сонгосон гэж боддог. Бэлтгэл хийх, шалгалтад бэлдэх үе олон байсан ч амрах, хичээллэх цаг ч мөн багагүй гардаг байсан.
-17 жилийн турш хөгжмийн урлагтай нөхөрлөсөн гэхэд та хөгжмөөр “услагдаж ургасан” байх нь. Тэгэхээр мэдээж хөгжим таны хувьд агаар, ус байх. Харин бусад хүн хөгжим, аялгуунаас юу мэдрээсэй гэж хүсдэг вэ. Өөрөөр хэлбэл, таны тоглосон аялгуу сонсогчдод хэрхэн хүрч, юу өгүүлээсэй гэж хүсдэг бол?
-Миний тоглож байгаа хөгжим, аялгуунаас хэн нэгэн юу мэдэрч, яаж хүлээж авахыг би шийдэх эрхгүй гэж боддог. Тухайн хүн сонсож буй аялгуунаасаа юу мэдрэхийг хүснэ түүнийгээ л мэдэрч, хүлээж аваасай гэж хүсдэг. Мөн миний бичсэн хөгжмийг тоглож байгаа хөгжимчдөд би хэрхэн тоглохыг зааварчлахгүй. Тухайн хүн яаж тоглохыг хүсэж, юу мэдэрч байгаагаараа тоглож, эгшиглүүлэх нь чухал.
-Герман улсад болсон жааз хөгжимчдийн олон улсын уралдаанд таны ахалсан хамтлаг тэргүүн байр эзэлсэн байх аа. Тэмцээнийх нь талаар ярилцъя?
-Герман улсын Мюнхен хотод энэ оны нэгдүгээр сард зохиогдсон жазз хөгжмийн олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээнийг манай сургуулиас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Тэргүүн байрын шагнал нь дэлхийн хамгийн алдартай хөгжмийн сургууль болох Беркли Хөгжмийн Коллежийн зуны сургалтад хамрагдах эрх байсан.

- Тэмцээнд зөвхөн өөрийн зохиосон бүтээлүүдээр оролцсон нь сонирхол татсан?
-Саяны тэмцээнд зөвхөн өөрийнхөө зохиосон бүтээлээр оролцсон. Уг нь тоглох зохиолын сонголт нээлттэй байсан. Гэхдээ өөрийнхөө зохиолоор оролцох нь хялбар санагдсан. Учир нь тухайн зохиол яаж бүтсэн, ямар түүхтэйг хэнээс ч илүү би мэдэж байсан болохоор тоглоочийн үүднээс гаргахад илүү хялбар санагдсан. Түүнчлэн энэ тэмцээнийг би өрсөлдөөний өнцгөөс хараагүй. Өөрийнхөө хөгжим, хөг аялгууг илэрхийлэх зорилготой байсан болохоор тэмцээний үеэр ямар нэг айдас, сандрал байгаагүй.
-Монголчуудын дунд жааз хөгжмийн талаарх ойлголт бага. Гэтэл монгол охин энэ төрлийн тэмцээнд амжилт үзүүлсэн нь бахархалтай байна. Өрсөлдөгчид нь багаасаа бэлтгэгдсэн, сонгодог хөгжим сонсож өссөн хүмүүс байсан болов уу?
-Монголд хүн бүхэн урлагийн сургуульд сурч, хөгжмийн боловсрол эзэмшдэггүй. Харин эндхийн хүмүүс хөгжимчин болсон ч бай, үгүй ч бай ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож чаддаг. Учир нь эцэг, эхчүүд нь хүүхдэдээ багаас нь хөгжмийн боловсрол олгохын тулд сургалтад хамруулж, сонгодог хөгжмийн талаарх ойлголт өгдөг. Надтай хамт тэмцээнд орсон хүмүүс манай сургуулийн жааз хөгжмөөр суралцдаг оюутнууд байсан. Энд жааз хөгжим харьцангуй эрт хөгжсөн болохоор хөгжмөөр хичээллэж эхлэхдээ жааз хөгжим сурсан хүмүүс ч байсан байх.

- Жааз хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрт сурч байгаа байх аа. Хөгжмийн зохиох, тоглох хоёр харилцан адилгүй байх. Хөгжим зохиоход мэдрэмж, авьяасаас гадна мэдлэг чухал байх?
-Жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь магистраа сурч байна. Уг нь энэ зун төгсөх байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Хөгжмийн зохиолч байхад мэдрэмжтэй байхаас гадна онолын мэдлэг, техникийн ур чадвар, хөдөлмөр, тэвчээр, арга эв зэрэг маш олон чадвар шаардлагатай гэж боддог. Тухайлбал, төгөлдөр хуурын концертын хувьд би бичихээсээ илүү бодоход их цаг зарцуулсан. Ерөнхий дүр зургийг нь гаргах үйл явц, бичиж дуусаад тэдгээрийг эвлүүлэх зэрэг олон үе шаттай. Тэр бүхнийг гүйцэтгэхэд мэдрэмжээс илүү мэдлэг шаардлагатай болдог.
-Урлагийн чиглэлээр, тэр тусмаа хөгжмийн урлагийн чиглэлээр гаднын улсад мэргэжил дээшлүүлэхийн давуу тал юу вэ. Мөн гадаадад суралцах боломж нээлттэй юу?
-Мэргэжил дээшлүүлэхээс гадна гаднын улсад амьдрах нь олон давуу талтай. Нэг хүрээлэлдээ, таньдаг хүмүүстэйгээ л харилцахгүйгээр олон төрлийн хүмүүстэй нийгмийн харилцаанд орохоор аливааг үзэх үзэл, хандлага их өөрчлөгддөг. Гаднын улсад суралцаж, мэргэжил дээшлүүлэх нь чухал ч энэ нь гадаадад суралцаж буй зүйлийнх нь дөрөвний нэг л болов уу гэж харж байгаа. Гадаадад суралцах боломж хэн бүхэнд нээлттэй санагддаг. Өмнө нь мэдээлэл дутмаг байсны улмаас хүмүүс тэр бүр гаднын улсад суралцаж чаддаггүй байсан. Одоо бол дурын мэдээллээ цахим орчноос авах боломжтой болсон. Тиймээс боломжийг олж харсан хэн бүхэнд боломж нээлттэй гэж боддог.