Цахим тоглоомыг цаг нөхцөөж, зугаацуулах хэрэгсэл төдийгөөр төсөөлж, тоглогчид орон сууцны подвольд байрладаг ПС тоглоомын газар цугладаг байсан үе саяхан. Харин сүүлийн жилүүдэд интернэт тоглоом дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд ч бүртгэгдээд буй юм.
Манай улсад 2000 оны эхэн үеэс цахим спорт хөгжиж эхэлжээ
Манай улсад 2000 оны эхэн үеэс цахим спорт хөгжиж эхэлсэн. Гэхдээ эхний 10 орчим жилийн хугацаанд тоглогч нар олон улсын хэмжээний тэмцээн, уралдаанд оролцох боломж хязгаарлагдмал байсан аж. Харин 2010 оноос эхлэн цахим спортоор хичээллэгчид гаднын тэмцээнд оролцох болжээ. Улмаар 2013 онд Азийн наадамд анх удаа монгол залуус байр эзэлж байв.
Ийнхүү электрон спорт хөгжихийн хэрээр сонирхогчдын тоо ч нэмэгдэх болсон. Гэхдээ тэдгээрийн цөөн хувь нь мэргэжлийн тоглогч болдог бол олонх нь донтох эмгэгт өртөж, бие, сэтгэхүйн хохирол амсдаг аж.
“Цахим спорт, интернэт тоглоом хоёр харилцан адилгүй”
Хэдий цахим спортоор амжилт олж буй тоглогч цөөнгүй байгаа ч утас, компьютерийн тоглоом тоглодог хэн бүхэн мэргэжлийн тоглогч болж, хөрөнгийн эх үүсвэр бий болгох боломжгүй юм.
Учир нь электрон спорт нь хувь хүнээс шаггүй авьяас, тэвчээр шаарддаг аж. Түүнчлэн багийн спорт учир ганцаараа тоглоод амжилтад хүрэх боломжгүй. Мөн гадаад хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, хурд зэрэг олон ур чадвар хэрэгтэй. Гэтэл ихэнх цахим тоглоом сонирхогчид энэ талын мэдлэг дутмаг байдаг аж. Тиймээс цаг зав, эрүүл мэндээрээ хохирч хоцордог байна.
Цахим спортын тамирчин А: Өдөржин тоглосон ч шаардлагатай ойлголт, ур чадваргүй бол ямар ч амжилт олохгүй
Дотоодын болон олон улсын тэмцээнд амжилт үзүүлээд буй цахим тоглогчоос электрон спортын талаар тодрууллаа. Тэрээр багтайгаа хаалтын гэрээтэй учир нэрээ нууцлахыг хүссэн юм.
Цахим спорт бол багийн тоглолт шаарддаг. Тиймээс хамгийн түрүүнд харилцааны чадвар, хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Багийн гишүүдтэйгээ ойлголцож чадахгүй бол амжилт үзүүлэх боломжгүй. Цаашлаад богино хугацаанд зөв шийдвэр гаргах, судалгаа хийх чадамж чухал. Мөн тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй. Дэлгэцийн өмнө тоглоом тоглоод суухыг бэлтгэл гэхгүй. Өрсөлдөгч багаа судална, хувийн бэлтгэл базаана гээд олон зүйл бий. Мөн мэргэжлийн тоглогч нар хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйдээ ч анхаардаг. Тухайлбал, өдөр бүхэн дасгал, бясалгал хийдэг. Энэ нь тэмцээний үеэр бие, сэтгэлээ удирдахад тустай. Мөн хатуу хоолны дэглэмтэй байдаг. Түүнчлэн багаараа тусгай байранд байрлаж, бэлтгэлээ базаадаг. Тиймээс сонирхогч бүхэн мэргэжлийн тоглогч болох боломжгүй. Асар их хүсэл тэмүүлэл, итгэл зүтгэл, авьяас хэрэгтэй.”
Донтох эмгэгийн бага хувь нь бүрэн эдгэрдэг
Манай улсад 2000 он гарснаар “Интернэт донтолт” гэх эмгэг бүртгэгдсэн байна. Харин 2013 оноос цахим тоглоомыг хэтрүүлсэн хүүхдүүд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Тухайн жил 30 орчим хүүхэд тус төвд эмчилгээ хийлгэж байсан бол жил ирэх тусам энэ төрлийн эмгэгээр үзүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Улмаар 2017 онд цахим донтох эмгэгийн эмчилгээ хийлгэсэн хүний тоо гурав дахин өсчээ. Гэхдээ энэ бол зөвхөн тус төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо. Амбулаториор зөвлөгөө аваад, эмчилгээ хийлгэж байгаа хүүхэд үүнээс ч олон бий. Харин 2020 онд цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлсэн хүн цөөрчээ. Гэхдээ дэлгэцийн хэрэглээ хэтрүүлсэн болон дэлгэцийн донтох эмгэгт өртөж амбулаториор зөвлөгөө, эмчилгээ авсан хүний тоо өссөн байна. Түүнчлэн донтолтод насны хязгаар гэж байхгүй учир насанд хүрсэн хүмүүс ч энэ төрлийн эмгэгт өртөх нь түгээмэл.
2019 онд ДЭМБ олон улсын өвчний ICT 11 дүгээр ангилалд “Интернэт донтолт” гэдэг өвчний кодыг шинээр оруулсан. Тэгэхээр донтох эмгэг мөн юм хэмээн хүлээн зөвшөөрч шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлох код, эмчлэх аргын талаар олон улсын оношийн шалгуурт оруулсан. Манай улсын хувьд, ICT 10 ангиллаар ангилж, цахимд донтохыг эмчилж байгаа. Интернэт донтолтын эмгэг нь бусад төрлийн донтой адил байдаг. Ихэвчлэн бие махбодын шинж тэмдгээр илэрнэ. Удаан хугацаагаар сууснаас бие нь хөшиж, чилнэ, ядрах, сульдах мэдрэмж төрнө, ойрын болон холын хараа муудаж, нүд аргаж хуурайшина. Мөн нойр хүрэхээ болих, ойр ойрхон сэрэх, хар дарах, тоглоомын агуулгыг зүүдлэх, нойрондоо ярих, явах шинж тэмдэг ч илэрнэ. Гүнзгий өөрчлөлт буюу хүүхэд удаан хугацаагаар тоглож донтож эхлэхээрээ хамгийн их илэрдэг шинж нь зан үйлийн өөрчлөлт юм. Түүнчлэн ямар нэг зүйлд донтсон хүн дараа нь өөр зүйлд донтох нь элбэг. Өөрөөр хэлбэл, интернэт, гар утас, компьютероо больчихлоо гэхэд дараа нь архи, тамхи зэрэгт өртөх эрсдэл бий. Донтох эмгэгийн маш бага хувь нь бүрэн эдгэрдэг.