Биелээгүй мөрөөдөл
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ, зарим бодисын задрах гинжин урвалаас эрчим хүч гаргаж авч болохыг нээсний дараа олонд танигдсан эрдэмтэн, химич Фредерик Содди “Туйлын мөсийг хайлуулж, гарсан усаар нь цөлийг ургамалжуулж, эцэст нь бүх дэлхий тэр чигээрээ “Эдемийн цэцэрлэг” шиг болж болно” гэсэн дэврүүн таамаглал дэвшүүлж байжээ. Энэ дэлхийн бүх юм хоорондоо нягт уялдаатай байдаг зүй тогтлыг ойлгодог байсан хэрнээ ийм таамаглал дэвшүүлж байсан байгаа юм. Энэ бол мэдээж зууны шилдэг гэж хэлж болохоор “тархи угаалт” байсан. Хувцас үйлдвэрлэгчид тэр үед “Эрчим хүчний найдвартай эх үүсвэр олсон нь үнэхээр үнэн юм бол бүтээгдэхүүний үнэ хямдарч, борлуулалт нэмэгдэнэ дээ” хэмээн санааширч байлаа. Харин цэргийнхэн, эрх баригчид эсрэгээр “Эдемийн цэцэрлэг”-ийг хэмжээ хязгааргүй устгах чадалтай зэвсэг гаргаж авах тухай бясалгаж байв. Уран нь байгаль дээр алтнаас 500, мөнгөнөөс 20 дахин элбэг тархацтай элемент гэхээр хүн төрөлхтөн эрчим хүчний гачаалаас гарна чинээ сэтгэсэн нь тэр байв.
Энэ бол дэлхий нийт цөмийн эрчим хүчинд 100 жилийн өмнө хэрхэн хандаж байсныг харуулах баримт. Гэтэл бүхэл бүтэн зуун өнгөрчихөөд байхад Монгол Улсад байдал яг ийм байна. Эрдэмтэн мэргэд нь “Цөмийн цахилгаан станц аюул багатай үйлдвэрлэлд тооцогддог”, дарга нар нь “Бүхэл бүтэн Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад хэдхэн килограмм уран хангалттай. Нэг ийм станцтай болчихвол эрчим хүчний үнэ буурна” гэх зэргээр сурталчилж, иргэдийг мөрөөдөлд автуулж байна. 100 жилийн өмнө Ф.Соддигийн гаргасан таамаглалд “Туйлын мөсийг хайлуулж” гэсэн бодлогогүй өгүүлбэр орсон талаар дээр хэлсэн. Туйлын мөс хайлах нь ямар хор уршиг дагуулж болохыг тэр үед мэдээгүй байсан болохоор тэр. Дахиад 70 жил амьдарсан бол эрдэмтэн агсан ямар бодлогогүй үг хэлж байснаа ойлгох л байсан байх.
Гэтэл туйлын мөс хайлах нь цөлжилтийг улам нэмэгдүүлж байгааг харж байгаа хэрнээ манай эрдэмтэн, дарга нар түүний “Мэдэхгүй юмаа ярьсан” алдааг давтаж “Цөмийн хог хаягдлыг технологийн дагуу булшилбал хоргүй” гэх мэтээр ухуулж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” хөтөлбөрт хальт дурдагдсан цөмийн цахилгаан станцыг шилний цаанаас харуулж байгаад ураны олборлолт, хайгуулыг эрс эрчимжүүлэхээр шуурхайлж байгаа байдал харагдана.
Монгол Улс ба цөмийн эрчим хүч
Монгол Улсын түүх ураны хайгуултай 1948 оноос эхэлж холбогддог. Улмаар ЗХУ-ын идэвх санаачилгаар 1970-аад оноос хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шилжсэн байдаг.
Монгол Улс 2000 оноос хойш ҮАБҮБ-д цөмийн цикл бүрдүүлэх талаар оруулж, Цөмийн энергийн тухай хууль баталсан. Улмаар цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор хамтран ашиглах шийдвэрийг одоогоос 11 жилийн өмнө хойд хөрштэйгөө хамтран гаргасан билээ. Ерөнхий сайд С.Баяр 2009 оны тавдугаар сард “ОХУ ба Монгол улс Монголын нутаг дэвсгэр дээрх ураны орд газрууд дээр хамтран уран олборлох болно. Энэ бүх ажил хэзээ эхлэх нь нэг их чухал биш. Хамгийн гол нь өнгөрсөн зууны 90-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь гол” гэсэн мэдэгдэл хийж байсан түүхтэй. Хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн. Ингэхдээ олборлолт явуулахад дөхөмтэйг нь бодолцож, Дорнодын ордод лиценз эзэмшиж байсан Канадын Хан Ресурс компанийг “жийж” орхисон билээ. Канадын компани энэ шударга бус байдлыг эсэргүүцэн, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын төрийн өмчит “Атомредметзолото” компаниудыг тус, тусад нь олон улсын арбитрын шүүхэд өгч заргаа авсан байдаг. Манайхан дараа нь орд дээрээ “Росатом”-тай хамтарсан компани байгуулж ажиллана гэж байсан ч одоогоор ажилласан зүйл байхгүй.
Төрийн өмчит Мон Атом компанийн албан ёсны цахим хуудаст бичсэнээр манай улс одоогоор ураны хайгуул, олборлолтын чиглэлд Франц, Чех, БНХАУ гэсэн гурван улстай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Ураны дэлхийн зах зээл дээрх үнэ бусад ховор металлыг бодвол төдийлөн өндөр биш /кг нь 200 ам.доллар орчим/ ч стратегийн маш чухал эрдэс юм. Одоогийн байдлаар Канад, Казахстан, Авсрали улс олборлолтоороо тэргүүлдэг. Манайд 141.5 тонн буюу дэлхийн батлагдсан нөөцийн 2 хувь нь бий. Таамаг нөөц нь 1.5 сая тонн. Манай улсын хувьд, атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэх мэт сайхан үгс ярьж байгаа ч үнэндээ бол дээрх батлагдсан нөөцийг олборлож экспортлох, цаашдаа хайгуул, олборлолт, түүхий эд үйлдвэрлэл, булшлах үйл ажиллагаа л явах нь ойлгомжтой байна. Энэ үйл ажиллагаа төсөлд оролцогч талуудаас гадна Олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтад явдаг гэх боловч үнэндээ энэ хяналт нь ялгамжтай. Арева компанийн Франц дахь уурхай эрүүл цэвэр, хиймэл нууртай, эрэгн тойронд нь малын фермтэй сайхан байдаг. Гэтэл Африк дахь ордынх нь орчимд хүн амьтан хордоод байдаг нь юуных вэ. Бодох л асуудал.
Стратегийн ач холбогдолтой учир хүссэн бүхэн станц барьчихдаггүй. Манайх ч гэсэн хоёр хөршөөсөө байнгын хамааралтай оршино. Нэг зүйлийг анхааруулахад, уран бол зарж байгаа улсдаа төдийлөн ашиггүй. Харин станц байгуулаад хэрэглэвэл маш ашигтай. Тэгэхээр бид станц барихыг хүсэж таарна. Гэтэл бодит байдал дээр бид ямар статустай байгаа билээ.
Монгол Улс цөмийн цахилгаан станц барья гэвэл ОХУ-тай л хамтрах хамгийн өндөр магадлалтай. Энэ талаар хийгдсэн хэлцлүүд ч бий. Гэтэл манай эрчим хүчний шинэ үүсвэр нэмж барих асуудлыг ил, далд хамгийн их эсэргүүцдэг улс бол ОХУ. Тавдугаар цахилгаан станц барих асуудал эцэстээ Дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөх асуудал болж дуусдгийн цаана их учир бий. Шүрэн, Эгийн голын цахилгаан станцыг Оросууд эсэргүүцэж, хямд эрчим хүч нийлүүлье гэх мэт санал тавьдаг. Тэгэхээр, үнэхээр атомын цахилгаан станц барих юм бол бид хамгийн багадаа Шүрэн, Эгийн голын УЦС-аа барих эрхгүй болно. Энэ хоёр төсөл зогсвол Орхон говь гэх мэт бусад төслүүд ч худлаа болно. Орхон говь явахгүй бол Оюутолгой тэргүүтэй говийн бүсийн уурхайнууд гүний усыг шавхаж, гамшиг болно.
Тиймээс бид ийм төлөөстэйгээр ганц цөмийн цахилгаан станц барих уу гэдэг асуултад дор бүрнээ хариулах хэрэгтэй.
Бололцоо ба бодит байдал
100 жилийн өмнө үйлдвэрлэгчид “Эрчим хүчний найдвартай эх үүсвэр олсон нь үнэхээр үнэн юм бол бүтээгдэхүүний үнэ хямдарч, борлуулалт нэмэгдэнэ дээ” хэмээн санааширч байсан талаар дээр өгүүлсэн. Гэтэл 100 жилийн дараа бүтээгдэхүүн хямдарсан уу, үгүй. Цөмийн эрчим хүчний илүүдэлтэй орнууд дорой буурай нэгэндээ үнэгүй эрчим хүч өгсөн үү. Бас л үгүй. Хүн төрөлхтөн эцсийн эцэст, цөмийн эрчим хүчийг гаргаж авсан уу гэвэл тийм. Гэхдээ дэлхий “Эдемийн цэцэрлэг” болсон уу гэвэл, үгүй. Цөмийн эрчим хүч ашигтай юу, ашигтай. Гэхдээ энэ ашгийг улс орон бүр тэгш хүртэж чадаж байгаа юу гэвэл үгүй.