Монголчууд гуравхан сая хүн амтай хэрнээ “гэдсэндээ хөлөө жийлцэж”, халх, тува, хасаг, буриад гэж үндэстэн ястан, хэл, соёлоороо ялгарсаар олон жилийг үдлээ. Ийнхүү үндэстэн хоорондын хэл, соёл, боловсролын ялгаа газар авсаар монгол хэлээр ярьж чаддаггүй монгол иргэд торниход хүргэв.
Бид удаагийн нийтлэлдээ монгол хэл мэддэггүй монгол иргэдийн талаар болон цөөнхийн доторх цөөнхийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж буйг хөндлөө.
Хууль цаасан дээр бичигдсэн ч амьдрал дээр хэрэгжсэнгүй
Боловсролын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Бүх шатны сургалтыг төрийн албан ёсны хэл, бичгээр явуулж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг үе шаттай нэмэгдүүлнэ. Суралцагчдын дийлэнх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал эх хэлээрээ бага боловсрол эзэмших нөхцөл, боломжоор хангаж, хос хэлний сургалтын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээсэн байдаг. Ийнхүү зургаан жилийн өмнө хос хэлний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хуульд тусгасан ч өнөөдрийг хүртэл судалгаа, туршилтын түвшинд л яригдаж байгаа аж. Хэрэв хос хэлний хөтөлбөр батлагдаж, ажил болж хэрэгжвэл үндэсний цөөнх хүүхдүүд хоёр хэлээр мэдлэг, боловсрол эзэмших боломж бүрдэх юм. Мөн сурах бичиг, сургалтын систем, боловсон хүчний чанар ч сайжрах учиртай. Гэтэл одоогийн байдлаар монгол хэл сурахад зориулсан тусгай сурах бичиг байдаггүй бөгөөд Боловсролын хүрээлэнгээс гаргасан монгол хэлний сурах бичгийн хүрэлцээ ч хангалтгүй байна. Мөн Казахстан улсад боловсрол эзэмшсэн багш цөөнгүй байдаг тул хүүхдүүдэд монгол хэлээр хичээл орох боломжгүй нөхцөл үүсдэг талаар эх сурвалжууд мэдээллээ.

Албан ёсоор хос хэлний сургалтын хөтөлбөр гэж батлагдаагүй. Тиймээс ажил болж хэрэгжсэн зүйл алга. Туршилтын шатандаа л яваа. Хоёр сургууль хос хэлний чиглэлээр туршилтын үйл ажиллагаа явуулдаг. Казах хүүхдүүд монгол хэл сурахад тулгамдаж буй асуудлын нэг бол сурах бичиг. Үндэсний цөөнх хүүхдэд монгол хэл сургах тусгай сурах бичиг байдаггүй учир Боловсролын хүрээлэнгээс гаргасан номыг ашиглаж хичээл ордог. Мөн хоёрдугаар ангийн сурах бичиг дууссан, гуравдугаар ангийн монгол хэлний сурах бичгийн нөөц багассан. Энэ жилээс шинэчилсэн сурах бичиг ирэх сурагтайбайна. Мөн монгол хэлний хичээлийг бага ангиас нь мэргэжлийн багш ордог болох хэрэгтэй. Гэтэл манай аймгийн сургуулиудад бага ангийн багш нь монгол хэл заадаг. Тэд монгол хэлний мэргэжлийн багш биш болохоор заах арга зүйн хувьд учир дутагдалтай. Казах хүүхдүүдийн хувьд монгол хэл сурах нь халх хүүхдүүд англи хэл сурч буйтай ижил. Хэрэв хос хэлний хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл хос хэлээр сургалт явуулдаг багш, шаардлагатай сурах бичиг бий болно гэж боддог.
Монгол хэлний хичээл үр дүнтэй ордоггүй
Баян-Өлгий аймаг ерөнхий боловсролын 44 сургуультай. Үүний хоёр нь монгол хэлээр, нэг нь монгол, англи, турк хэлээр, нэг сургууль тува, монгол хэлээр сургалт явуулдаг. Харин үлдсэн 34 сургууль нь казах хэлээр хичээлээ заадаг байна. Казах хэлний сургалттай бага сургуулийн сурагчид хоёрдугаар ангиасаа эхлэн монгол хэлний хичээл үздэг ч бусад хичээлийг эх хэлээрээ эзэмшдэг. Гэхдээ сургуулиас өөр орчинд монгол хэлээр харилцах боломж хязгаарлагдмал учир сурагчид төдийлөн сайн сурч чаддаггүй аж. Дунд ангиас эхлэн бүх хичээлийг монгол хэл дээр үзэх ёстой ч хүүхдүүд сайн ойлгодоггүй болохоор багш нар эх хэл буюу казах хэл рүү орчуулан сургалт явуулах тохиолдол элбэг. Ингэхээр хичээлийн 40 минутын тал хувийг орчуулж, ойлгуулахад зарцуулагддаг талаар эцэг, эхчүүд хэлж байлаа.
Баян-Өлгий аймгийн ЕБС- ийн төгсөгчид ЭЕШ-ын оноогоороо жил бүр сүүл мушгидаг. Монгол хэлний оноо нь улсын дунджаас тогтмол бага байдаг нь сургалтын чанар, хүртээмжийн асуудлыг сайжруулах шаардлагатайг илтгэж буй.
Үүний шалтгааныг аймгийн боловсролын газрын мэргэжилтнээс тодруулахад “Хүүхдүүд хэлний бэрхшээлийн улмаас эх, өгөгдлөө ойлгохгүй байх тохиолдол элбэг. Хяналтын ажилд нь анализ хийхэд ихэвчлэн уран зохиол, монгол бичгийн асуултад алдсан байдаг. Манай аймгийн хүүхдүүд уран зохиолын хичээлийг наймдугаар ангиас эхэлж үздэг учир тухайн хичээлийн мэдлэг хоцрогдох асуудал үүсдэг” гэсэн юм.
Цөөнхийн доторх цөөнх
Баян-Өлгий аймагт амьдарч буй хэл, соёлын ялгаатай урианхай, дөрвөд, халх, буриад, тува зэрэг хэлний цөөнх хүүхдүүдийн сурах эрх бүр ч ноцтой зөрчигдөж байна. Тус аймгийн нийт хүн амын 93 хувийг хасаг буюу казахууд эзэлдэг бол долоон хувийг урианхай, дөрвөд, тува, халх зэрэг угсаатны бүлэг эзэлдэг. Эдгээр хүүхдүүд яс, үндсээрээ ялгаварлан, гадуурхагдсаар олон жил өнгөрчээ.
ХЭҮК 2016 онд хэлний цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийсэн байна. Тус судалгаанд таван сумын 700 орчим хүүхэд хамрагдсан байна. Тус судалгаагаар казах, монгол хэлээр сургалт явуулдаг сургуулийн тува, халх зэрэг өөр үндэстний сурагчид төрөлх хэлээрээ боловсрол эзэмших эрх зөрчигдөж буй нь тогтоогджээ. Мөн Хүүхэд эх хэлээрээ боловсрол эзэмшихийн тулд өөрийн оршин суугаа газрын ЕБС-д бус өөр сумын сургуульд хамрагдах тохиолдол элбэг.
НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд сурч боловсрох эрхийг ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр эдлүүлэхийг заасан бөгөөд уг тунхаглалын хоёрдугаар зүйлд хэлээр ялгаварлан гадуурхахыг тусгайлан хориглосон байдаг. Гэтэл тус аймагт буй хэлний цөөнх хүүхдүүдийн дээрх эрх зөрчигдсөөр байна

Манай бага сургууль тува монгол хос хэлний сургалттай. Ихэвчлэн тува хүүхдүүд сурдаг. Монгол хэл сурах сонирхолтой казах хүүхдүүд ч хамрагддаг. Харин тавдугаар анги төгссөн хүүхдүүд Цэнгэл сумын нэгдүгээр сургуульд ордог. Тэнд орсон өөр үндэстний хүүхдүүдийн эрх зөрчигддөг. Нэгдүгээр сургууль казах хэлний сургалттай учир олон нийтийн үйл ажиллагаа казах хэл дээр явагддаг. Тиймээс тува хүүхдүүд хамрагдах боломжгүй. Мөн хичээлээ ойлгоогүй тохиолдолд хүүхдүүд багшаасаа лавлаж асуухаар багш нь монгол хэл сайн мэдэхгүй байх тохиолдол бий. Тиймээс хүүхдүүдэд бүрэн ойлголт өгч чаддаггүй. Хүүхдүүд яс үндсээрээ гадуурхагдана. Багачууд бие, биенийгээ адлахааc гадна багш нар ялгаж харьцдаг. Үүний улмаас сургууль завсардах, хичээлээс хоцрогдох зэрэг олон хүндрэл үүсдэг. Хэрэв тува сургуулийг 12 жилийн сургалттай болгочихвол хүүхдүүд эх хэлээрээ боловсрол эзэмших эрхээ эдлэх боломж бүрдэнэ. Бид дөрвөн жилийн өмнөөс судалгаа хийж, хүсэлтээ хүргүүлсэн ч шийдэлд хүрэхгүй, тайлбар өгдөггүй хэвээр л байна. Тэр ч бүү хэл их сургууль төгсөөд нутагтаа ирсэн хүүхдүүдэд ажил олдохгүй тохиолдол ч элбэг.
Ийнхүү сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй үндэсний цөөнхийн хүүхдүүдийн дунд ч ялгаварлан гадуурхагдаж байгаа цөөнхүүд байна. Цөөнхүүдийг монгол хэл, бичгээ сурсангүй гэж эхэлж шүүмжлэхээс илүү хос хэлний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхааръя.
Үндэсний цөөнхүүд өөрсдийн хэл, соёлыг хойч үедээ өвлүүлэн, өв уламжлалаа хамгаалах нь чухал ч хэт үндсэрхэг үзлийн улмаас Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурч боловсрох эрх зөрчигдөж байна.