Нийслэлийн иргэд улирал бүр өөр, өөр зовлонтой нүүр тулдаг “уламжлалтай”. Өвлийг халтиргаа, гулгаа, утаа униар дунд өнгөрөөж, хавар шар усны үер, хөрсний бохирдолтой золгодог. Харин зуны улирлыг борооны ус, шавхай, шалбааг дунд бүдчин элээдэг. Хэдий гачлантай ч эдгээр асуудал улирал солигдохтой зэрэгцэн арилдаг. Харин жилийн аль ч улирал, өдрийн аль ч цагт хүмүүсийг зүдрээж, алтан цагийг нь “хумсалдаг” хамгийн хэцүү бэрхшээл бол авто замын түгжрэл юм.

Түгжрэлийн шийдэл нийтийн тээвэр

Улаанбаатар хотын автомашин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн өдөрт таван цагийн турш замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 40 орчим хувийг л амжуулдаг гэж хариулжээ.

Ийнхүү бид түгжрэлд цаг, заваа “хумслуулсаар” олон жил өнгөрлөө. Үүнийг шийдэх хамгийн дөт арга нь нийтийн тээврийн үйлчилгээ болохыг өндөр хөгжилтэй орнууд үлгэрлэж буй. Гэтэл манай улсад автобусны хүрэлцээ, стандарт хангалтгүй бөгөөд технологийн доголдол, саатал гарах нь элбэг. Үүний улмаас иргэд хувийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцохыг чухалчилж, машины тоо жил бүхэн өссөөр байна. Хэрэв ийнхүү хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо тогтмол өссөөр байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийх эрсдэл учирч буй талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрсөн жил нэгэн хуралдааны үеэр онцолж байлаа. Тиймээс дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмж сайжирч, хурдан шуурхай болчихвол иргэд цагаа хэмнэхийн тулд хувийн машинаа “халах” тухайгаа ч хэлдэг.

2014 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй

Нийслэлийн хэмжээнд 98 чиглэлд 950 орчим автобус үйлчилгээнд явж байна. Иргэдэд үйлчилж буй тээврийн хэрэгсэл дунд ашиглалтын хугацаа дуусах дөхсөн автобус олон бийг авто баазын ажилчид хэлж байлаа. Түүнчлэн 2020 онд 880 автобусны ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс гарахыг зам тээврийн төслүүдийн удирдагч асан Б.Отгонсүх мэдээлсэн. Энэ нь нийт үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн 90 гаруй хувийг эзлэх тоо юм.

Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр авто баазын дарга Д.Батбаяр

Манай баазын автобуснууд 2009 онд үйлдвэрлэгдсэн учир 2021 он гараад эхнээсээ ашиглалтын хугацаа нь дуусна. Тиймээс автобусаа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч буй учир парк шинэчлэлийн ажил хийхээр судалж байна.

Манай улсад нэг автобусыг 12 жил үйлчилгээнд явуулдаг бөгөөд жил бүр 120-150 автобус насжилт нь дуусаж үйлчилгээнээс гардаг байна. Ийнхүү жил бүр зуу, зуу машин ашиглалтаас гарч байгаа ч парк шинэчлэлт 2014 оноос хойш хийгээгүй аж. Уг нь өнгөрсөн онд 10 цахилгаан автобус, он гарснаас хойш давхар цахилгаан автобус, Монголд үйлдвэрлэсэн “МОН- 30” нэртэй хоёр автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн ч эдгээр нь халаанд гарч буй машины тоотой дүйхгүй. Түүнчлэн Монголд үйлдвэрлэсэн автобус амархан эвдэрчихдэг тул бүр ч хүндрэлтэй байдаг талаар Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин нийтийн тээврийн салбарт бодлогын баримт бичиггүй, хууль эрх зүйн асуудал тодорхойгүй байдаг нь салбарын хөгжилд тушаа болдог талаар НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг дурдсан байдаг. Тэрээр төлөвлөгөө ч батлуулж чадаагүй дөрвөн жилийг өнгөрөөсөн хэрнээ жил бүр НИТХ-аар 200 сая төгрөгийн төсөв батлуулдгийг шүүмжилж байв.

Насжилт өндөр нийтийн тээвэр нь хорт хий ялгаруулдаг

Насжилт өндөр, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгсэл нь замын түгжрэл төдийгүй иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ч сөрөг нөлөө үзүүлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаа, 20 хувийг автомашины хий бүрдүүлж байгааг МХЕГ мэдээлсэн. Агаарын бохирдлын 20 хувийг эзлээд буй хөдөлгүүрийн хорт хийний 80-90 хувь нь автобус, том оврын машин болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслээс ялгардаг байна. Түүнчлэн эдгээр нь нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг болохыг ДЭМБ тогтоожээ. Үүний улмаас амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг бий болгох, цаашлаад хорт хавдар үүсэх зэрэг ноцтой үр дагавар гардаг аж.

Түгжрэлийн үед мотор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйн улмаас түлшний дутуу шаталт үүснэ. Үүний улмаас дутуу шатсан хортой хий агаарт ялгардаг. Харин түлш бүрэн шатах үед нүүрсхүчлийн хий ялгарна. Энэ нь үнэр, өнгөгүй, хоргүй хий юм. Дутуу шаталтын улмаас угаарын хий, азотын давхар исэл, хүхэрлэг хий зэрэг олон төрлийн хорт бодис агаарт тархдаг. Түүнчлэн том оврын тээврийн хэрэгсэл болон автобуснаас тортог их гардаг. Мөн л дутуу шаталтаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, шингэн түлш 100 хувь шатахгүйгээр хатуу хэлбэрээр цацагдаж буй юм. Энэ нь PM буюу агаарт байдаг нунтаг тоосонцор бөгөөд хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Энгийнээр хэлбэл, тамхинаас илүү хортой утаа уушиг дээр наалдаж буйтай ижил юм. Гэхдээ түлш дутуу шатаж, агаар бохирдуулж буй нь зөвхөн түгжрэлтэй холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл. Хэрэв машины хөдөлгүүр элэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ч хорт хий ялгаруулсаар л байна. Нийслэлд нийтийн тээвэрт явж буй машинуудын хөдөлгүүр их хуучирсан нь тортог их цацаж, агаар бохирдуулахад нөлөөлдөг.

Техникийн гэмтэл насжилтаас үүдэлтэй

Нийтийн тээврийн автобусууд дүүрэн зорчигчтой явж байхдаа гэнэт эвдэрч, жолооч “арын автобусанд суу” гэж орилох нь нийтлэг үзэгдэл. Хөдөлгүүрт доголдол гарч, эвдэл үүсдэг учир замын хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөл үүснэ. Бүр тормоз ажиллахаа болих тохиолдол ч гардаг талаар жолооч нар хэлж байна. Энэ талаар ч нэрээ нууцлахыг хүссэн жолооч “Автобус амархан эвдэрч, элдэв асуудал үүсдэг нь ерөөс насжилттай холбоотой. Түүнчлэн дулаан оронд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл манай эрс тэс уур амьсгалд зохицдоггүй тал бий. Өвөл царцах, хөлдөх тохиолдол их гарна. Хөдөлгөөн удааширч, хурд саарна. Тормоз, хаазны ажиллагаа ч доголдоно. Зорчигчид бидэнд уурлаад байдаг. “Аятайхан яваач, эвтэйхэн зогсооч” гэх зэргээр даналзана. Уг нь жолооч тэгж огцом хаазлаад, гэнэт тормоз гишгээд, автобусыг нааш, цааш болгодоггүй юм шүү дээ. Тээврийн хэрэгсэл нь амаргүй болохоор заримдаа жолоодоход ч бэрх. Улаан цайм хөдөлгүүрт өөрчлөлт орсон үед ч гүрийж явсаар эцсийн буудал хүрэх үе бий шүү дээ. Ер нь, ний нуугүй хэлэхэд, зорчигчдын ч, жолооч нарын ч аюулгүйн баталгаа орхигдсон” гэлээ.