Цагаан гааг олон зууны туршид хоол амтлах болон эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зөвхөн амт сайжруулаад зогсохгүй архаг хууч өвчнийг эдгээж, жин хасахад нөлөөлдөг байна. Антиоксидантаар баялаг энэ ургамал үрэвсэл, хавдрын эсрэг болон цусан дахь сахар, холестериныг бууруулах онцгой үр дүнтэй. Тэрчлэн бидний сэтгэл санаа, тэр ч байтугай бэлгийн харьцаанд нөлөөлөх увидастай ажээ.
Нэг аяга жижиглэсэн цагаан гааны үндэс ердөө 80 орчим калори агуулахын зэрэгцээ 18 грамм нүүрс ус, 2 грамм эслэг болон уураг эндээс олж авна. Ингэхээр цагаан гаа нь илчлэг багатай боловч витамин, төмөр, кали, магни, цайр агуулдаг болох нь.
Жин хасахад нөлөөлнө Цагаан гаа нь өөх хуримтлагдахаас сэргийлж, биеийн жинг бууруулдаг. Гэхдээ өглөөний хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. 2019 онд AOAC олон улсын анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад өглөөгүүр цагаан гаатай ус ууснаас 120 минутын дараа хүний бие дэх өөхний исэлдэлтийн түвшинг 13.5% нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн уг амтлагч цатгалан мэдрэмж төрүүлдэг тул жингээ зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэмж дурдахад таргалалттай эмэгтэйчүүд 12 долоо хоногийн турш цагаан гаа (өдөрт 2 гр нунтаг) хэрэглэхэд биеийн жингийн индекс, хоолны дуршил буурсан байна.
Дотор муухайрахад хэрэглэнэ Хэрэв та далайн аялалд гарахаар зэхэж байгаа эсвэл хааяа хоол боловсруулах чадвар мууддаг бол цагаан гаа худалдаж аваарай. Анагаах ухааны доктор Др.Жулия Аптоны хийсэн судалгаагаар цагаан гаа нь толгой эргэх, бөөлжих шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх дименгидринат гэх бодисыг агуулдаг байна.
Халдварыг устгана Ханиад эхлэх явцад хэдэн зүсэм цагаан гаатай ганцхан аяга халуун ус уухад л тэр дороо үр дүнг нь мэдэрнэ. Данийн лабораторийн хийсэн судалгаагаар цагаан гаа нь амьсгалын замын бүх халдварын нийтлэг шалтгаан болох синцитиал вирусийн эсрэг гайхалтай үр дүн үзүүлжээ. Гэхдээ хатаасан нунтаг цагаан гаанаас шинэ нь илүү үр дүнтэйг сануулья. Цагаан гаа худалдаж авахдаа аль болох гөлгөр, өөгүй хальстайг нь сонгохыг зөвлөж байна. Холтос зузаан байх тусам хуучин гэсэн үг.
Сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг багасгадаг Цагаан гаа нь өвдөлттэй үед ибупрофентэй адил үр дүн үзүүлжээ. Судалгаанд оролцогчид сарын тэмдэг ирсэн даруйдаа 250 мг капсулаар цагаан гааны нунтаг өдөрт дөрвөн удаа гурван өдрийн турш уусан байна. Энэ нь тэдний нөхцөл байдлыг ихээхэн хөнгөвчилжээ. Нунтагаар хэрэглэхээс гадна та хоёр зүсэм шинэхэн үндсийг халуун усанд дэвтээж, зөгийн бал, нимбэг нэмээд ууж болно.
Дасгал сургуулилалтыг илүү хялбар болгодог Холын зайн гүйгчид болон фитнесс сонирхогчид анхаарлаа хандуулаарай. Жоржиагийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний туршилт цагаан гаа булчингийн өвдөлтийг бууруулдаг болохыг баталжээ. Бэлтгэл сургуулилалтын үеэр өвдөлтөө багасгахад цагаан гааны шүүс уух шаардлагагүй. Дөрвөн хоолны халбага хэмжээтэй шинэхэн цагаан гааг үрж, самбай эсвэл даавуун алчуураар боогоод халуун усанд дүрээрэй. Улмаар өвдөн чинэрч байгаа газраа тавихад цусны эргэлтийг нэмэгдүүлж, ядарсан булчин шөрмөсийг тайвшруулна.