
Манай улс мал сүргийг төрийн төлөвлөгөөний дагуу адгуулж, тус салбарыг нэгдэл, сангийн аж ахуйд тулгуурлан хамтын системээр хөгжүүлж ирсэн.
Мөн үед мах сүү, ноос, ноолуурын боловсруулах төрийн өмчит үйлдвэр, комбинатууд өргөжин хөгжиж, таван хошуу малынхаа ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрвийх, дэрвийхээрээ чармайж байв. Харин 1990 оноос хойш тус салбар бүтцийн хувьд бүрэн хувьсаж, нэгдэлд суурилсан социалист системээс зах зээлийн эдийн засагт шилжсэн. Улмаар мал сүргийг хувийн өмчид шилжүүлж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бизнесийн хэв шинж рүү хэлбийсэн юм. Тухайн үед мах, сүү, ноос, ноолуурын олон үйлдвэр хувьчлагдан, зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний улмаас боловсруулах салбар уналтад орсон. Түүнээс хойш 30 илүү жил үл шавхагдах баялаг болох буянт малынхаа ашиг шимийг нэмүү өртөг шингээн худалдах, түүхий эдээр нь дамжуулан эдийн засгаа солонгоруулах, малчдын амьдрал, амьжиргааг сайжруулах агуулга, асуудлыг талбар, салбар бүхэн хөндөж, төнхсөөр ирэв.
Гэвч малын тоо, толгой үлэмж өссөнөөс өөр дорвитой өөрчлөлт, тогтолцооны ахицгүй өнөөдрийг хүрлээ. Малчид намрын улиралд махаа, хавар цагт ноолуураа борлуулж гол амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс амьдралын чанараа сайжруулахын тулд малаа, тэр дундаа өрхийн гол орлогыг бүрдүүлж буй ямаан сүргээ өсгөхөөс өөр аргагүй. Ийн малын тоонд хэт анхаарснаар чанарын асуудал орхигдож, ямаан тоо толгой хэт өссөний улмаас бэлчээр, байгаль цаг уурт ч сөрөг үр дагавар бий болсоор байгаа юм. Гэтэл дэлхийн ноолууран бүтээгдэхүүний зах зээл дээр “Sustainable cashmere” гэх ойлголт сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж буй. Энэ нь байгаль орчинд ээлтэй, мал аж ахуйд түшиглэсэн, нийгмийн хариуцлагыг хангасан ноолууран бүтээгдэхүүний үнэ цэн өсөж, өртөг мөнгө нэмэгдэх тухай агуулга юм.
Байгальд ээлгүй аргаар бэлтгэсэн ноолуур ирээдүйд зах зээлээс шахагдах, үнэ цэнээ алдах эрсдэл бодитоор тулгарч байна. Тиймээс манай улсын мал аж ахуйн салбар экологид ээлтэй, тоонд бус чанарт төвлөрч хөгжих зайлшгүй шаардлагатай.
Ямаан сүргийн тоо толгой сүүлийн 20 гаруй жил эрчимтэй өссөн нь бэлчээрийн доройтолд хүргэж буй. Манай орны цаг уурын нөхцөл байдал болон нүүдлийн мал маллагаа нь ноолуурын чанарт эергээр нөлөөлдөг. Гэвч бэлчээрийн доройтлоос шалтгаалан монгол ноолуурын түүхий эд бэлтгэлийг байгальд ээлтэй гэж олон улсад хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байдалд хүрсэн. Энэ нь монгол ноолуурын үнэ цэнд сөргөөр нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл юм.
“Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд төрөөс баримтлах хууль, бодлогын баримт бичгийн нөлөөллийн судалгаа”-наас
Мал аж ахуйг бэлчээрт ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байлгахын тулд тоо, толгойг нь цөөлөхөөс өөр аргагүй. Хоттой хонь, ямаа нь цөөрмөгц малчдын орлого хумигдаж таарна. Үүнийг зөв залуурдах цор ганц арга нь малын гаралтай түүхий эдийн, тэр дундаа ноолуурын үнийг тогтвортой, өндөр түвшинд барьж, малын тоог тодорхой түвшинд хязгаарлах юм. Бага хэмжээний ноолуураас их дүнтэй ашиг авч чадвал малчид малынхаа тоонд бус чанарт анхаарах боломж бүрдэнэ. Харин ноолуурын ханшийг өсгөх хамгийн дөт хийгээд зөв зам нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Гэтэл манайх өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ асуудлыг орхигдуулж ирсэн. 1990 оноос хойш манай улсын түүхий ноолуурын гарцын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, ноолуурын нийт үйлдвэрлэлийн эзлэхүүн тэлсээр буй. Тоо сөхвөл, 2010 оноос хойш ямааны ноолуурын үйлдвэрлэлийн хэмжээ 67 хувиар өсжээ. Харамсалтай нь, сүүлийн 10 жилийн хугацаанд боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь ердөө 2.6 хувь өссөн байна.
Малчны хотноос гарч буй ноолуур эцсийн бүтээгдэхүүн буюу хувцас, хэрэгсэл болж борлуулагдах хүртлээ олон шат дамжлага дамждаг. Маш энгийнээр тайлбарлахад, ямаанаас самнасан ноолуурыг малчдын гар дээрээс ченжүүд худалдаж аваад угаах үйлдвэрт борлуулна. Ийнхүү угаасан ноолуурынхаа 80-90 хувийг манайх ямар ч боловсруулалт хийхгүйгээр шууд экспортод гаргадаг. Үүний улмаас монгол ямааны ноолуурыг самнах буюу хялгасыг нь ялгах, ялгасан ноолуурыг ээрэх, ээрмэгцээ сүлжих, цаашлаад нэхэх гэхчлэн эцсийн бүтээгдэхүүн бүрэлдэх хүртэлх бүхий л үйл явц хилийн цаана өрнөдөг. Ажиллах хүчнээс эхлээд нэмүү өртөг шингээх асар их боломжоо бид ийнхүү харьд “бэлэглэж” ирсэн.
Монгол малын түүхий эдийн ашиг, шимийг эх оронд нь шингээх асуудлыг уг нь үе, үеийн Засгийн газар ярьдаг. Яг энэ агуулга 2022 онд сөхөгдөж, УИХ-ын 19 дүгээр тогтоол батлагдсан. Улмаар 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн ноолуурыг экспортлохоор болов. Гэвч тус тогтоолыг 2025 он хүртэл хойшлуулах шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн яам тухайн үед гаргасан юм. Ийнхүү дахин хоёр жил ноолуурыг зөвхөн угаагаад экспортлохоор болсон. Мөн хугацааны алдагдсан боломжийн өртгийг 2022 оны үнийн дүнгээр тооцоолоход жилд 318 сая ам.доллар байсныг “Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд төрөөс баримтлах хууль, бодлогын баримт бичгийн нөлөөллийн судалгаа”-нд дурдсан байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас угаасан ноолуурын экспортыг хориглох шийдвэр Засгийн газар гаргасан. Ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж гаргах боломж сая бий болоод буй. Үйлдвэрлэл хөгжиж, энэ ажил амжилттай хэрэгжиж чадвал уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн орлоготой тэнцэх хэмжээний буюу 1.4 тэрбум ам.долларыг ноолууран эцсийн бүтээгдэхүүнээс олох боломж байгааг Монголбанкны судалгаанд өгүүлжээ. Эндээс манай улс хөдөө аж ахуйн салбартаа түшиглэн эдийн засгаа солонгоруулж, буянт малын шимийг улсаараа хүртэх боломж бий нь харагдаж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж гаргах нь үнийн дүн өсөхөөс гадна ажиллах хүчний оролцоо талаасаа нийгэмд өгөөжтэй. Өмнө нь ноолуурыг угаагаад экспортлох боломжтой байсан. Харин одоо самнасан байдлаар гаргаж байна. Угаасан ноолуур, самнасан ноолуур хоёр гурав дахин үнийн зөрүүтэй. Самнасны дараа утас ээрэх, сүлжих цаашлаад эцсийн бүтээгдэхүүн гаргах байдлаар экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Монголбанкнаас гаргасан судалгаагаар, ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах юм бол 10 мянган тонн түүхий ноолуураар 1.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой нь тогтоогдсон. Зэсийн экспортын “Эрдэнэт” үйлдвэртэй ижил орлого олох боломжтой нь харагдаж байгаа юм.

Ноолуур бол малчдын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг гол түүхий эд. Тиймээс энэ бүтээгдэхүүний ханш малчин түмний амьдрал, амьжиргаатай шууд холбогдоно. Тиймээс угаасан ноолуурыг гадагш гаргахыг хориглож, дотоодын үйлдвэрт самнасны дараа экспортолдог болох нь малчдын гар дээрх түүхий эдийн үнэ савлахад нөлөөлнө гэх таамгаас эрх баригчид сэрэмжилж, сэргийлж ирсэн. Учир нь ноолуурын экспортыг хориглох нь олон эрсдэлтэй. Зах зээлийг хумьж, өрсөлдөөнийг хязгаарласнаар ноолуурын ханш унаж, малчдын орлого тасалдахыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн малчдын гар дээрх бүх ноолуурыг дотооддоо бүрэн самнах, ээрэх хүчин чадал бололцоо манай улсад байгаа эсэх нь нэн чухал. Энэ хэмжээний техник, тоног төхөөрөмж, хүний нөөц байхгүй бол түүхий эд гацах, хаягдах ч магадлалтай. Ноолуур тойрсон асуудал, агуулгыг цогцоор нь, тооцоо, судалгаатай шийдвэрлэхгүй бол отсон олон эрсдэл байгаа нь эндээс харагдаж байна.
Иймд өнгөрсөн сард Г.Занданшатарын Засгийн газар Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол баталсан. Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллах талаар ч хэлэлцэв. Үүнээс гадна ноолуурын үнийг тогтвортой барих зорилгоор үйлдвэрлэгчдэд 350 тэрбум төгрөгийн зээл олгоно гэдгийг мэдээлэв. Энэ нь зах зээлийн савлагааг бууруулах, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдээд буй.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд ноолуурыг малчдаас аваад хялгаснаас нь салгаад гадагш гаргадаг. Дотооддоо ноолуурыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна. Эхний ээлжид түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон. Мөн ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ийм учраас үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээрээ аваарай гэж уриалж байгаа. Хямд аваад малчдын эсэргүүцэлтэй тулах юм бол түүхий ноолуураа шууд гадагш гаргах нөхцөлд буцаад очно.
Үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь төр дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манай улсад төрийн зээл, тусламж, дэмжлэг зорилтот хэсэгтээ хүрдэггүй гачлан бий.
Танил талтай, улс төрд нөлөөтэй, мэдээлэлд ойр хэсэг нь илүүг хүртдэг, авсан зээл, тусламжаа зориулалтын бусаар ашигладаг, тусгай эрх эдэлдэг жишиг бүр ужигарсан. Олгосон зээл, өгсөн мөнгөнийхөө араас хөөцөлддөг, зарцуулалт, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг төрийн тогтолцоо ч манайд нэн сул. Мөн тогтоол, тушаалын хэрэгжилт ч учир дутагдалтай. Тиймээс энэ салбарын ирээдүй хэрхэх нь өнөөдөр ч бүрхэг, бүүдгэр хэвээр байна. Өнөөдрийн нөхцөлд бид ноолуураа бэлчээртэйгээ экспортолж буй.