Хүүхдийн анхны нийгэмшлийн орчин нь гэр бүл байдаг бол дараагийн том алхам нь цэцэрлэг юм. Гэр бүлийн халуун хайранд өссөн бяцхан хүүхдүүд шинэ орчин, үе тэнгийнхэн, багш нарт дасахдаа багагүй сорилттой тулгардаг. Энэ үе нь зөвхөн хүүхдэд төдийгүй эцэг, эхчүүдэд ч амаргүй даваа болдог. Тиймээс хүүхдийг цэцэрлэгт дасгахад анхаарах энгийн  зөвлөмжүүдийг хүргэж байна.

Хүүхэд чадна

Хүүхдүүд байгалиасаа шинэ орчинд дасах авьяастай. Иймээс эцэг эхчүүдийн итгэл нь хүүхдэд хамгийн том дэмжлэг болдог. “Чи чадна, би чамд итгэж байна” гэх эерэг үгс нь хүүхдийн сэтгэлд итгэл төрүүлж, шинэ нөхцөлд зоригтой алхах хүч өгдөг. Мөн хүүхдийг аль болох бие даах, асуудлыг өөрөө даван туулах боломж олгох нь шинэ орчинд хурдан дасахад тусална.

Бэлтгэлтэй эхлэх

Шинэ орчинд аажмаар дасах хамгийн чухал алхам бол бэлтгэл юм. Цэцэрлэгт орохоос өмнө хүүхдээ бага багаар тоглоомын талбай, багш, ангийн хүүхдүүдтэй уулзах боломж олго. Ингэснээр хүүхдийг шинэ орчинд дасгахад илүү хялбар болно.

Өдөр бүр бага багаар дасгах

Эхэндээ цэцэрлэгт очих хугацааг богино байлгаж, хүүхэд дассан үед нь бага багаар сунгах нь үр дүнтэй байдаг.

Шинэ орчинд дасаж эхлэх үед нь магтаж, сайшаах нь чухал бөгөөд ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун болж, шинэ нөхцөлд амархан дасдаг.

 Байнгын харилцаа

Хүүхэд цэцэрлэгт дасаж байгаа явцыг эцэг эх, багш хамтдаа ажиглах нь чухал. Багштай тогтмол харилцаж, хүүхдийн нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэх нь эцэг эхэд зөв шийдвэр гаргахад тусалдаг аж. Мөн гэртээ хүүхдийн бодол, мэдрэмжийг сонсож ойлгох нь хүүхдийн сэтгэлд дэмжлэг болж, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун болгодог.

Сэтгэл хөдлөлд эерэг хандах

Хүүхэд уйлж, айх нь хэвийн үзэгдэл. Түүнийг тайвшруулж, ойлгуулах нь чухал бөгөөд эцэг эх тайван, эерэг байснаар хүүхэд шинэ орчинд илүү хурдан дасдаг байна. Улмаар хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, хүндэтгэх нь итгэлцэл бий болгож, цэцэрлэгт амархан дасан зохицоход тусалдаг аж.