Хөлбөмбөгийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг гайхамшигтай тоглогчдын нэг бол яах аргагүй Диего Марадона. Энэ гайхамшигт тоглогч биднийг орхин одсон харамсалтай мэдээ өчигдөр цацагдаж, хөлбөмбөгийн ертөнц уй гунигт автан байна. Домогт тоглогчийг дурсан эх орон Аргентинд нь гурав хоног үндэсний гашуудал зарлаж, өнгөрсөн шөнө болсон “Аваргуудын лиг”-ийн тоглолтууд нэг минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлсний дараа эхэлсэн. Хайртай тоглогчоо дурссан иймэрхүү хүндэтгэлүүд үргэлжилж байна. Eagle.mn энэ жишгээр нэрт тоглогчийн талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Диего Марадона амьд ахуйдаа “Хөлбөмбөгийн хаан” хэмээх албан бус гуншингийн төлөө Пелетэй өрсөлдөж, нэр алдраараа эн зэрэгцэн, авьяасаараа илүү гэгдэж явсан. Тэр ч утгаараа түүний амжилт, ялалт, ялгуусан замнал хөлбөмбөгийн хорхойтон бүрийн цээжинд их, бага хэмжээгээр байдаг гэхэд хилсдэхгүй. Адаглаад л 1986 оны ДАШТ-д гараараа гоол оруулж “Бурхны гар” гэгдэх болсон түүхийг мэддэг. Тиймээс уншигчдад илүү сонирхолтой болов уу гэсэн үүднээс домогт хөлбөмбөгчийн амьдралаас төдийлөн дэлгэгдээгүй буюу олон нийтэд хүрээгүй хуудсуудыг сөхсөн нийтлэл хойд хөршийн спортс.ру цахим сонинд гарсан байхыг хараад олзуурхан орчууллаа. Энэ бол хоол унд ч хүрэлцдэггүй тарчиг амьдралд өсч, 13-тайгаасаа ажил хийсэн, 1986 оны ДАШТ-ээс өмнө ч гараараа гоол оруулж явсан тухай нь өгүүлэх Диего Марадонагийн амьдралын түүх юм. Та бүхэн хүлээн авна уу.

“Энэ дэлхий дээр ижил хүйстнүүд гэж байдаг нь сайн хэрэг. Тэд сайхан бүсгүйчүүдийг бидэнд үлдээж байна шүү дээ” “Намайг шүүмжилж байгаа хүмүүс үгээ залгих цаг ирнэ”

Диего Армандо Марадона

Диего Марадонагийн “Дэлхийн шилдэг” хэн бэ

Диегогийн шүтээн нь Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Ривелино байсан бөгөөд дэлхийн шилдэг тоглогч гэж үздэг байжээ. Тэрээр нэгэнтээ шүтээнийхээ талаар “Түүний хууралт, оновчтой дамжуулалтууд надад үлгэр жишээ болж байсан юм” хэмээн хэлж байв. Өөрөө огт танихгүй, тэр тусмаа бразил тоглогчийг дэлхийн бүх цаг үеийн шилдгээр нэрлэнэ явна гэдэг Диего шиг бодох санах юмгүй цайлган цагаан хүнээс л гарах үйлдэл юм. Гэтэл бразилчууд, ялангуяа том тоглогчид нь энэ тал дээр маш үндсэрхэг үзэлтэй байдгийг хөлбөмбөг сонирхогчид бараг мэднэ дээ. Ривелино гэхэд л сүүлд нь энэ талаар сонсчихоод өөрийг нь дэлхийн шилдэг гэж бодож явдагт нь баярласнаа илэрхийлсэн хэр нь араас нь “Гэхдээ дэлхийн бүх цаг үеийн шилдэг тоглогч бол Пеле юм” гэсэн байх жишээтэй.

Диего Марадона, Ривелино.

Неймарыг 18-тай жаахан хүүхэд байхад нэг сэтгүүлч Пелегээс “Лео Месси хэр тоглогч вэ” гэж асуухад “Тэр бол сайн тоглогч, гэхдээ дэлхийн шилдэг болохын тулд Неймараас илүү гарах хэрэгтэй” гэж хариулсан гэх мэтээр жишээ хангалттай бий. Харин Диего тоглогчийн аль улсын иргэн, ямар үндэстэн байх нь хамаагүй байдаг байлаа. Гэхдээ бразилчуудын энэ үндсэрхэг хандлага түүнд хожим суусан ч байж магадгүй. Түүнд “Надаас ч илүү” гэж хүлээн зөвшөөрдөг байсан нэг тоглогч бий. Хөлбөмбөгч болох хүсэл эрмэлзэлд нь Ривелиногийн нэгэн адилаар нөлөөлсөн энэ хүн бол хөлбөмбөгийн түүхэнд төдийлөн мэдэгдэлгүй өнгөрсөн Томас Карлович юм. Төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан энэ хүн ур чадвараараа шагшигддаг байсан ч Италийн “Милан” болон Францын том багуудын саналаас татгалзан, нутагтаа тоглосоор зодог тайлсан нэгэн аж.

Томас Карлович.

1993 онд Д.Марадонагаас “Дэлхийн шилдэг тоглогч хэн бэ” гэж асуухад “Дэлхийн шилдэг тоглогч манай нутгийн “Росарио”-д тоглож байсан юм. Түүнийг Томас Карлович гэдэг” хэмээн хариулж байжээ. Д.Марадона “Химнасия Ла Плата” багийн дасгалжуулагчийн хувиар 2019 оны хоёрдугаар сард “Росарио”-гийн талбайд очихдоо Роберт Карловичтой уулзахаа мартаагүй байдаг. Тэдний уулзалт богинохон ч маш халуун дотно болж өнгөрсөн  гэнэ лээ. Диего түүнд “Тринче, чи миний хувьд дэлхийн шилдэг байсан” гэхэд Томас Карлович хариуд нь “Диего, би одоо үхэхэд ч бэлэн байна. Учир нь чи миний хувьд дэлхийн шилдэг тоглогч” гэж хэлсэн гэдэг. Хөлбөмбөгийн “Шидтэн” гэгддэг Диего Марадонад үнэлэгдсэн энэ тоглогч дээрх уулзалтаас хойш жил гаруйн дараа буюу 2020 оны тавдугаар сард нас баржээ. Харамсалтай нь Диего хагас жилийн дараа араас нь явах хувьтай байж.

Ерөнхийдөө бол Диего Пелег бүх цаг үеийн шилдэг гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан. “Би нэг удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Тэгэхэд тэнд өөрсдийгөө Наполеон, Сан Мартин /Аргентинийг Испаниас тусгаар тогтнуулахын төлөө тэмцэгч/ гэж үздэг хүмүүс байсан. Харин намайг би Марадона байна гэхэд хэн нь итгээгүй. Тэгэхээр Пеле бид хоёрын хэн нь шилдэг вэ гэдгийг тогтоох гэж маргах нь утгагүй юм. Хэн ч би гэж хэлж чадна” гэж өгүүлж байснаас энэ нь тодорхой харагддаг.

Тэр үргэлж галзуу, их зантай байгаагүй

Марадонагийн эмч Фернандо Сеньорини нэгэнтээ хүүхэд байх үеийн Диего Марадона, нэр хүндийн оргилд гарсан Диего Марадона хоёрын ялгааг маш ойлгомжтойгоор ингэж зураглажээ.

“Хэрвээ чи түүнтэй чин сэтгэлээсээ ярилцвал өмнө чинь Буэнос Айресийн даруухан хүү хэвээрээ байгааг мэдэх болно. Мэдээж хүн л юм чинь түүнд өөрийнх нь мэдэлгүйгээр бий болсон хувийн зан чанар байх нь ойлгомжтой. Диегогийн төлөө би ертөнцийн хязгаар хүртэл явсан ч чадна, харин Марадонагийн төлөө нэг алхам ч хийхгүй” гэж. Тэгэхээр бас л буруу сэхэх маяг байж дээ гэж санагдана.

Цагдаа нар ч очихоосоо айдаг танхайчуудын дүүрэгт төрж өссөн

Диегогийн гэр бүл маш ядуу, заримдаа оройн хоол ч хүрэлцдэггүй тул ээж нь хүүхдүүдээ хооллохын тулд өөрөө хоосон хоцрох үе ч гардаг байжээ. Тиймээс Диего 13 настайгаасаа ажил хийж мөнгө олох болсон аж.

Түүний өссөн дүүрэг хотын хамгийн ядуу, танхайчуудаараа алдартай байв. Барьж гэмээ нь хоёр ч хонохгүй шатааж орхино гэдгийг нь мэддэг тул Цагдаагийн газар тухайн дүүрэгт цагдаагийн хэлтэс ч байлгадаггүй байсан гэдэг. Диегогийн гэр бүл ийм л дүүрэгт хагас нурсан байшинд амьдарч байв. Энэ байшинг аав нь олдсон материалуудаа ашиглан барьсан байв. Дээвэр нь төмөр боловч байнга дусаал гоождог, усан хангамж байхгүй тул бороо орон үед дээврийн хаялганы дор сав тавьж ус тосдог байжээ. Харин хоол идэх болоход ээж нь “Миний гэдэс өвдөж байгаа учраас хоол идэхгүй” гэдэг байж. Гэрт нь хоол бага учраас л ээж нь тэгж хэлдэг байсныг Диего бүр 30 нас хүрсэн хойноо л ойлгосон гэдэг.

Тэр үед Диего хөлбөмбөгийн бөмбөг, хувцас хэрэглэл, унадаг дугуйтай найзууддаа маш ихээр атаархдаг байжээ. Тиймээс 13 настайдаа ариутгал халдваргүйтгэлийн компанид ажилд орсон байна. Тэрээр өглөө 07.00 цагаас эхлэн байшингуудаар явж, зоорийн давхрын шавьж үүрлэж болох хэсгүүдээр хор цацдаг байв. Диего анхны цалингаа хоолонд зарцуулсныг гайхах юмгүй. Тэрээр ээжийгээ дагуулан пиццаны газар орсон гэдэг.

Фидель Кастро, Эрнесто Че Гевараг хүндэлдэг

Тэрээр Неаполийн ядуусын хорооллын хүүхдүүдэд үлгэр жишээ болж, амьдралд нь урам зориг өгөхийг хичээдэг байсан нь өөрөө хүнд амьдрал туулсных байсан юм. Улс төрийн цэгц бодлого үгүй ч тэрээр ерөнхийдөө Фидель Кастро, Эрнесто Че Гевара нарыг таашаадаг, өөрийгөө ямар нэгэн байдлаар тэдэнтэй адилтгаж үздэг байв. Тэр ч утгаараа Италид очсоныхоо дараа нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэж, “Би баян хойд нутгийнхны эсрэг ядуу өмнөдийнхний туг нь болно” гэж хэлж байжээ.

Испанийн хоёр гранд “Реал”, “Барселона”-гийн өрсөлдөөн, “Эль классико”-гийн талаар хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ. Тэгвэл Диего Марадонагийн замналд Эль Классикотой холбоотой содон дурсамж бий. Диего бол “Реал”-ын хөгжөөн дэмжичдээс “Сантьяго Бернабеу”-д нь нижигнэсэн алга ташилтаар шагнуулсан “Барса”-гийн анхны тоглогч юм.

1983 оны Испанийн цомын тэмцээний шигшээгийн хоёр дахь тоглолтод тэрээр хоёр дахь гоолыг оруулахдаа хамгаалагчдыг хаалгачтай нь хуурчихаад бөмбөгийг хаалганы шугам давуулан зөөлөн түлхэж оруулсны дараа энэ үйл явдал болжээ. Хожим түүн шиг хүндлэлийг “Барса”-гаас Роналдиньо, Андрес Иньеста гэсэн хоёр тоглогч л хүртсэн байдаг.

1986 оны ДАШТ-ээс өмнө ч гараараа гоол оруулж байсан

Энэ явдал Диегог төрөлх “Архентинос Хуниорс” багтаа тоглож байх үед болжээ.  Энэ талаараа өөрөө “Өрсөлдөгчид маань бүхнийг тодорхой харсан тул шүүгч рүү дайрч байлаа. Гэсэн ч эцсийн эцэст шүүгч энэ бүдүүлэг алдааг харалгүй өнгөрч бөмбөгийг тооцсон юм. Энэ бол тийм ч сайн зүйл биш гэдгийг би ойлгож байлаа. Гэхдээ зүгээр суугаад бодох, халуун тэмцлийн дунд байх хоёр өөр, ялгаатай шийд гардаг. Чи тэр бөмбөгийг тооцуулахын тулд бүхнийг хийх болно” хэмээн ярьсан байдаг аж. Түүний зөв ч байж мэдэх юм.

Дэлхийн аварга болчихоод хэдэн өдөр унтсан

Хагас шигшээд Английг “Бурхны гар”-аараа буулгаж, шигшээд ХБНГУ-ыг хожиж дэлхийн аварга болсныхоо дараа төрсөн гэртээ ирээд тэрээр хэд хоног сайхан унтжээ. Тэгэхэд нь ээж нь хананы үүрэг гүйцэтгэж, орон нутгийн сэтгүүлчид, найз нөхдөөс нь хамгаалж байсан аж.

Ээж нь өдөр бүр хүүдээ халуун жигнэмэг, шинэхэн сүү оруулж өгнө. Диего өөр юу ч идэлгүй иймэрхүү байдалтайгаар хэд хоногийг унтаж өнгөрүүлсэн байдаг.

Төмөр замын буудал дээр гарын үсэг зурав

Нэр алдарт хүрснийхээ дараа тэрээр төрөлх Фиорито хотдоо ирж, төмөр замын буудал дээрх хотын нэртэй самбар дээр гарын үсгээ үлдээжээ. Түүний гарын үсэг хотын нэрний гурав дахь үсэг буюу О үсэгний дор зурагдсан байдаг аж. Гэтэл хэдхэн цагийн дараа түүний гарын үсэг зурсан хэсгийг тасдаж авсан байсан гэдэг юм.

Пелегийн багт тоглогч дасгалжуулагч хийх боломж байсан

25 жилийн өмнө буюу 1995 онд Диегод Бразилийн “Сантос” багаас санал иржээ. Багийн ивээн тэтгэгч нь Диегогийн хүссэн мөнгийг гаргахад бэлэн байсан ч хэлцэл бүтэлгүйтсэн юм. Талууд 1998 дахин уулзсан ч дахиад бүтэлгүйтжээ. “Сантос” бол Пелегийн төрөлх баг гэдгийг манайхан мэдэж байгаа биз ээ.

Теле нэвтрүүлгийнх нь анхны зочноор Пелег урьж байв

Диего Марадона телевизэд ярилцлагын шоу хөтлөх болж анхны зочноороо Пелег урьж байжээ. Пеле Марадонатай маш халуун дотно яриа өрнүүлээд зогсохгүй хар тамхийг ялсан түүхийг нь онцгойлон үнэлж, хар тамхины хэргээр шоронд орсон хүүд нь зөв замд орох үлгэр жишээ болж чадсан гэж үнэлж байв.

Дор хаяж найман хүүхэдтэй

Диего эхэндээ хүүхдүүдийнхээ талаар “Миний хууль ёсны хүүхдүүд бол Далма, Жанинна хоёр. Бусад нь миний мөнгө, алдааны үр дагаврууд” гэж хэлж байжээ. Харин дараа нь арай өөрчлөгдөж, бусад хүүхдүүдээ хүлээн зөвшөөрсөн аж.

Тэдний гурав нь /хоёр эмэгтэйгээс/ Кубад төржээ. Диего 2003-2005 онд Кубад эмчлүүлж байхдаа амжуулсан байж. Үүнээс өмнө тэрээр удаан хугацаанд шүүхэдсэний эцэст хүү Диего жуниор, охин Жан нарыгаа хүлээн зөвшөөрөөд байсан аж. Мөн эцгээрээ хүлээн зөвшөөрүүлсэн өөр нэг хүүхэд бий. Ингээд тэрээр хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн найман хүүхэдтэй болсон байна. Охин Жанинна нь энэ талаар “Дахиад гурвыг нэмчихвэл хөлбөмбөгийн баг бүрдлээ” гэж инстаграмдаа бичиж байжээ.