“Google” компани “Google Photos” сангаа цаашид хэрэглэгчдэд үнэгүй ашиглуулахаа болино гэж зарлалаа. Уг үйлчилгээ нь иргэдийн зургийг тоо хэмжээний хязгааргүйгээр, үнэ төлбөр авахгүй өөр дээрээ байршуулан хадгалдаг юм. Гэвч ингэж хадгалах нь серверүүд дээр ачаалал үүсгэж, өөр бусад үйлчилгээнүүд доголдож эхэлсэн тул цаашдаа төлбөртэй болгохоос өөр аргагүй болсон гэж компаниас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
“Google” 2015 онд уг үйлчилгээг нээхдээ бүх хэрэглэгчдэдээ хязгааргүй, үнэгүй хэрэглээг санал болгож байсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэдээ гэрэл зураг, видео файлуудаа хязгааргүйгээр Google Photos-ын серверт үнэгүй байршуулах үйлчилгээ санал болгож байсан юм.
Үүнээс хойш яг энэ горимоороо таван жил ажиллахад 4 их наяд зураг хуримтлагдсан бөгөөд долоо хоногт 28 тэрбум зураг нэмэгддэг болоод байжээ. Тэгвэл энэ горимыг ирэх оны зургадугаар сард өөрчилж, хэрэглэгч тус бүрт 15 гигабайтын эрх өгөх юм байна. Gmail, Google Drive-аад дамжсан зурагнууд энэ 15 гигабайтад хамаатай ажээ.
Хэрэглэгчдийн зүгээс энэ алхмыг урьдаас зохион байгуулалттай, эхлээд үнэгүй байлгаж хэрэглэгчдийг татаж монополь болсныхоо дараа үнэ тогтоох гэж байна гэж буруутгаж байгаа юм.
Харин “Google” компаниас гаргасан мэдэгдэлд “15 гигабайтын журам ч удахгүй, дээд тал нь гурван жил үргэлжилнэ, цаашдаа төлбөртэй болгож, зургуудыг устгах болно” гэжээ.