Гэрээ цэвэрлэх үед хөргөгчөөс хамгийн их хог хаягдал гардгийн та анзаарсан уу. Гашилсан сүү, хатсан талх, муудсан жимс, ногоо, хоолны үлдэгдэл зэргийг хаяхаар хөргөгч ч сэтгэл ч цэвэрхэн, сайхан болдог. Гэхдээ хэрэгцээнээс халж буй хүнс бүхнийг та өртөг зарцуулж авдаг бөгөөд хөргөгчөөс “халагдаж” буй хүнс хөрс, агаарыг бохирдуулж, ногоон байгалийг сүйтгэх уршигтай.

Хүнсэндээ хямгатай хандсанаар 870 сая хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой

Дэлхийн даяар өдөр бүр 3,5 сая тонн хүнсний хаягдал гардаг байна. Ийнхүү жилд 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн хог болон хаягддаг болохыг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдсэн. Үүний ердөө дөрөвний нэг хувийг л хэмнэхэд дэлхий даяар өлсөж буй 870 сая хүнийг хооллож чадах аж. Сүүлийн жилүүдэд хүнсний хог хаягдлыг багасгах хүрээнд дэлхийн улс орнууд анхаарч, ажиллах болжээ. Тухайлбал, Европын орнуудад сүлжээ дэлгүүр, ресторануудад илүү гарсан хоол, хүнсний үлдэгдлийг буяны газарт хандивлах, амьтны тэжээл, бордоо болгоход ашиглаж, дахин боловсруулдаг аж. Түүнчлэн Франц, АНУ-ын Техас мужид илүүдэл хоол, хүнсээ хандивлахгүйгээр хог хаягдал болгосон сүлжээ дэлгүүрт хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай хууль баталсан байна. Харин Их Британид Love Food, Hate Waste зэрэг хөдөлгөөн өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чаджээ. Хэдий бид хоол хүнснээс шим тэжээл авч, өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг ч эх дэлхий, эрүүл мэндээ хайрлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлж, эко амьдралын хэмнэлд суралцах хэрэгтэй юм.

Тиймээс хэт хэрэглээгээ хянаж, хаягдалгүй амьдралын хэв маягийг хэвшүүлэх дадалд суралцах аргаас хуваалцаж байна.

Хэрэгтэй зүйлээ худалдаж ав, авсан зүйлээ л ид

Хэрэв та хэрэглэх хэмжээнээсээ хэтрүүлэн худалдан авалт хийдэг бол хөргөгчид тань хөгзөрч муудсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хуримтлагдана. Тиймээс хэрэгтэй зүйлээ л худалдаж ав, авсан зүйлээ ид гэсэн дүрэм баримтлаарай. Олон удаа дэлгүүр орохоос цааргалан их хэмжээний хүнс нөөцлөх нь буруу юм. Учир нь авсан бүтээгдэхүүнийхээ тал хувийг нь л идээд, муудсан хэсгийг нь хаяж, дахин дэлгүүр орох хэрэг гарна. Тиймээс худалдан авалт хийхдээ ухаалаг хандаж хэвшээрэй.

Долоо хоногийн хоолны цэсээ төлөвлө

Ихэнх хүн долоо хоногийн ажил, уулзалтаа төлөвлөдөг хэрнээ хэд дэх өдөр ямар хоол хийхээ тооцдоггүй. Энэ нь хүнсний хаягдал бий болох чухал хүчин зүйлийн нэг юм. Ямар бүтээгдэхүүн, хэзээ, хэр хэмжээтэй идэхээ мэдэж байвал хаягдал гарахгүй. Хэрэв та хөргөгч дүүрэн хүнстэй байж хэвшсэн бол энэ дадлыг хэвшүүлж эхлэх үед эл, хуль санагдаж магадгүй. Гэхдээ үргэлж хөргөгч цэвэрлэж, муудсан хүнс ялгахаас өөрийгөө “аварч” буй хэрэг тул шинэ зуршил бий болгоорой.

Хаяж байгаа зүйлсээ тэмдэглэх

Хаяж байгаа бүх хүнсээ тэмдэглэн авч, өөртөө дүгнэлт хийгээрэй. Мөн хогийн сав руу орж байгаа бүх зүйлийнхээ үнийг тэмдэглээрэй. Ингэснээр танд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хог дээр хаяж байгаа мэт санагдаж, хэрэгтэй зүйлээ худалдаж, авсан зүйлээ идэх дадалд суралцахад түлхэц болно.