Таатай уур амьсгал бүрдүүлдэг гэр ахуйн аксесуаруудын нэг бол лаа юм. Анх лааг харанхуйд гэрэл гаргах зорилгоор л ашигладаг байсан бол өдгөө энерги цэвэрлэж, эрч хүч сэлбэх тансаг зэрэглэлийн хэрэгсэлд тооцдог болжээ. Түүнчлэн өнгө, үнэр, сав баглаа нь чамин, гоёмсог лаанууд гэр ахуйн барааны дэлгүүрт төрөл, төрлөөрөө эгнэж байдаг.
Зөвхөн АНУ-ын лаа үйлдвэрлэгч томоохон компаниуд жилд нэг фунт тосоор 1000-2000 төрлийн лаа гаргаж зах зээлд нийлүүлдэг аж. Мөн гоо сайхны, гэр ахуйн, баяр ёслолын, эмчилгээний зэрэг олон төрлөөр үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн цүнх, гутлаас ч үнэтэй борлуулагддаг лаа цөөнгүй бий. Тухайлбал, Gucci хоёр төрлийн лаа худалдаанд гаргасан нь 300, 790 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байжээ.

Гэхдээ төрөл бүрээр нь үйлдвэрлэж, худалдаалж байгаа ч хэрэглэгчид зориулалтын дагуу ашиглаж чаддаггүйгээс үндсэн мөн чанар нь алдагддаг байна. Тухайлбал, өндөр өртөгтэй гоёмсог лаа худалдаж авсан ч олон дахин унтрааж асаасны улмаас гол нь дуусаж, тос нь үлдэх, тансаг үнэр нь өрөө, тасалгаанд хангалттай тархахгүй байх тохиолдол элбэг. Энэ нь лааны чанар муугаас биш бидний хэрэглээ буруугаас болдог байна. Тиймээс лааг хэрхэн зөв хэрэглэж, үндсэн шинж чанарыг нь алдагдуулахгүй, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх талаар лаа, үнэртэн, арьс арчилгааны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын Dyptique компанийн төлөөлөгчийн зөвлөгөөг хүргэж байна.
Лаагаа ойр, ойрхон унтраах хэрэггүй
Лаа асаах үед тосны нэг хэсэг нь илүү хайлж, нөгөө хэсэг нь бүхэл байх тохиолдол гардаг. Үүний улмаас тос гадагш урсаж, хурдан дуусдаг. Шинээр асаасан лаагаа удалгүй унтрааснаар ийм асуудал үүсдэг. Тиймээс шинэ авсан лаагаа хамгийн багадаа 2-3 цаг унтраахгүй байх хэрэгтэй аж. Ингэснээр дээд талын давхаргын лав бүрэн хайлж, цаашид жигд асах боломж бүрдэнэ. Лааныхаа голын тайраарай
Лааны гол урт байх тусмаа тос нь хурдан дуусдаг тул унтраасныхаа дараа голыг нь тайрах хэрэгтэй байна. Ингэснээр илүү удаан хугацаанд хэрэглэх төдийгүй утаа гарахаас болон шил, суурь хэт халахаас сэргийлнэ. Мөн лаагаа унтраах бүрдээ голыг нь дахин голлуулж байршуулснаар лааны шил харлахаас хамгаална.
Лаагаа унтраасан үедээ таглаж хэвшээрэй
Лааны тансаг үнэрийг удаан хугацаанд хадгалахын тулд нэвт салхитай газар байрлуулахгүй байх хэрэгтэй. Мөн тогтмол асаадаггүй бол таглаж хадгалж заншаарай. Ингэснээр үнэр хадгалагдаж, дахин асаахад тансаг үнэрээр таныг таашаах болно. Үнэрийг нь хадгалах бас нэг арга бол чийгтэй алчуураар арчих юм. Удаан хугацаанд асаахгүй орхихоор лааны гадаргуу дээр тоос тогтдог. Үүнийг зөөлөн, чийгтэй даавуугаар арчих нь үнэрт нөлөөлдөг.
