XX зуунтайгаа хамт үлдсэн гэж бодож байсан “Хүйтэн дайн”, “Зэвсэглэлээр хөөцөлдөх”, “Төмөр хөшиг” гэсэн үгс дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн удирдагчдын амнаас цөөн бус сонсогдох болжээ. Зарим жижиг улстөрчид дэлхийн гуравдугаар дайны талаар ч ярьж буй.  Эсрэгээрээ “Юун дэлхийн дайн, тийм юм болохгүй” гэх нь ч байна. Гэвч “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэж үг бий.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео улс нь “Бага болон дундын зайн тусгалтай пуужин хорогдуулах гэрээ”-ний үүргээсээ түдгэлзэж байгааг зарласны дараа Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрвээ ОХУ гэрээний үүргээ биелүүлж эхлэхгүй бол бид гэрээнээс бүрмөсөн гарна. Гараад зогсохгүй ОХУ-д цэрэг зэвсгийн хүчээр хариу арга хэмжээ авна. Ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Европ түншүүдтэйгээ ярилцаад эхэлчихсэн” гэсэн мэдэгдэл хийсэн. АНУ, ОХУ цэрэг зэвсгээр тулахдаа хүрвэл юу болохыг таахад хэцүү биш. Үнэндээ “Арай үгүй байлгүй” гэж тайвширч л байгаа болохоос ямар нэг юм болох урьдач нөхцөл бага багаар бүрэлдсээр буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгчилсэн мэдээлэл л яваад байгаа болохоос нөхцөл байдлыг эвлүүлээд тоймлочих зүрхтэй улстөрч тун ховор байна.

Google хайлтын системд хэрэглэгчид дээрх үгсийг хамгийн ихээр хайж байгаа нь энэ хүмүүс энэ сэдвийг сонирхож байна гэсэн үг. Тиймээс “Хүйтэн дайн”, “Төмөр хөшиг”, “Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал” үнэхээр бодитой юу гэдэг асуултад хариулт хайлаа.

“Зэвсэглэлээр хөөцөлдөх”  аюул бодитой

Өмнөтгөлд өгүүлсэнчлэн АНУ Бага болон дундын зайн тусгалтай пуужингийн тоог  хорогдуулах гэрээ”-ний үүргээсээ түдгэлзсэн. Майк Плмпео мэдэгдэл хийснийхээ дараа “Вашингтон гэрээнээс гарснаар зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин эхэлнэ гэж бодохгүй байна” гэж онцлон хэлсэн ч ажиглагчид өөр бодолтой байгаа юм. Ажиглагчид гэрээнээс түдгэлзэх Вашингтоны шийдвэр нэлээд дээр үеэс тодорхой байсан бөгөөд зургаан сарын дараах шийдвэр ч тодорхой, мөн энэ шийдвэр нь их гүрнүүдийн дунд зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг дахин эхлүүлнэ гэцгээж буй. Хамгийн ноцтой нь, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Кремльд Вашингтоны шийдвэр гэнэтийнх биш, асуудлыг Цагаан ордонд аль эрт шийдсэн байсан” хэмээн шинжээчдийн таамгийг баталсан юм.

Ричард Никсон, Михайл Горбачев нарын 1987 онд гарын үсэг зурсан Дундын болон ойрын зайн пуужинг хорогдуулах тухай хэлэлцээр нь 1970-аад онд эрчимтэй хэрэгжсэн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг тогтоон барих зорилготой байсан. Гэрээнд зааснаар хоёр тал дундын /1000-5500 км/ болон ойрын /500-1000 км/ тусгалтай пуужингуудыг үйлдвэрлэхгүй, туршихгүй байх үүрэг хүлээсэн юм. Хэрвээ ОХУ пуужин үйлдвэрлэж туршсаар АНУ хэлэлцээрээс гарвал /гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэх байр суурийг ажиглагчид илэрхийлж байгаа/ зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин эхэлнэ. Тэгэхээр, “Зэвсэглэлээр хөөцөлдөх”-ийн тухайд, зовинол бодитой.

“Төмөр хөшиг”, “Хүйтэн дайн” ч бодитой

Дэлхийн II дайны дараа ялагч гүрнүүд Евразийг өөрсдийн нөлөөний бүсдээ хувааж авсан билээ. Энэ нь социализм, капитализмыг шууд хиллүүлж улмаар “Төмөр хөшиг” гэж нэрлэсэн хагарлыг үүсгэсэн түүхтэй. Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль 1946 оны гуравдугаар сарын 05-ны өдөр АНУ-ын Фултон хотод  “Оросын баатарлаг ард түмэн, миний дайчин анд нөхөр, маршал Сталиныг би гүнээ хүндэтгэж, бахархаж байна… Өрнөдийн ардчилал дээр улааны аюул нөмөрлөө… Балтийн тэнгисээс Адриатын тэнгис, Триест хүртэл Европ тив дээгүүр Төмөр хөшиг татагдлаа. Төв болон дорнод Европын эртний улсуудын нийслэл тэр хөшигний цаана орлоо…” хэмээн мэдэгдэл хийснээр Хүйтэн дайн эхэлсэн юм. Хүчирхэг Германыг буулган Дорнод Европ, Төв Европыг нөлөөндөө авсан Й.Сталин ид формтой цэрэг зэвсгийн хүчээ ашиглан цааш нэг алхаад л баруун Европыг атгандаа оруулна гэж тооцож байсныг мэдэрсэндээ У.Черчилль дээрх мэдэгдлийг хийж АНУ-аас өмөг түшиг хүссэн ч гэж болно. Үүний дагуу Умард Атлантын цэргийн эвсэл байгуулагдаж, “Хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн геополитикийн харгис тоглоом, ардаа эзэнтэй дайн тулаанууд эхэлсэн байдаг. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал “Хүйтэн дайн”-ы хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Ялгаа нь, 70 жилийн өмнө ЗХУ баруун Европыг айдас хүйдэст автуулж байсан бол одоо НАТО, баруун Европ ОХУ-ыг нэгмөсөн дарахаар айлгаж байна. Үгүй юм гэхэд  оросууд өөрсдөө тэгж бодож байгаа.

Европын холбоо Украин, Гүрж, Молдав улсыг элсүүлэн авах гэж оролдсоноос болж “Украины хямрал” эхэлснийг мэдэж байгаа. ОХУ тэр хүртэл тэвчээртэй хандсан ч АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер “Балтийн тэнгис болон Дорнод Европын улсуудад зэвсэг байршуулна” гэж мэдэгдсэний дараа тэсгэл алдаж шийдвэртэй хөдлөн эрх ашгаа хамгаалж эхэлсэн байдаг. Эштон Картер “Нэмж байршуулах зэвсэглэл нь ердөө л 250 танк, хөдөлгөөнт пуужин, явган цэргийн хуягт машин” гэж тайлбарласан ч Москва пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийнхээ хүчин чадлыг нэмж, алсын тусгалтай С400 Триумф, “Панцирь С” зөөгч пуужингийн цогцолборуудыг дорнод хилийнхээ дагуу байршуулсан байдаг. Улмаар Крымыг ч өөрийн болгосон билээ.

Оросууд яагаад ингэж шийдвэртэй хөдлөх болсныг Крымын санал хураалт болсны дараа Гадаад харилцааны сайд С.Лавров ОРТ телевизээр дамжуулан дэлхий нийтэд тайлбарласныг товчхон ч гэсэн хүргэх нь зөв болов уу.

Тэрээр “ЗХУ задарч, Варшавын гэрээ байгуулах үед бид Европын хамтын ажиллагааны байгууллагатай “НАТО-г цаашид тэлэхгүй” гэж хатуу тохирсон юм. Тэр үед биднийг ятгаж, “Бүх улс ижил тэгш эрхтэй хамтран ажиллах болно” гэж байсан. “Нэг улс өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд нөгөө улсаа эрсдэлд оруулахгүй гэсэн зарчмыг хатуу мөрдөнө” гэж байсан. Гэвч харамсалтай нь бидний “Барууныхан” гэж нэрлэдэг орнууд энэ зарчмаа биелүүлж чадалгүй удаа дараалан зөрчсөн.

Эхлээд хоёр Герман нэгдэхэд эвслийн цэргийг Зүүн Германы нутагт оруулахгүй гэсэн. Гэвч тэгээгүй. Дараа нь НАТО-г зүүн тийш, зүүн болон Төв Европын орнууд руу тэлэхгүй” гэж амласан ч үүнийгээ бичгээр баталгаажуулаагүй. Тийм болохоор энэ амлалт нь бас хэрэгжээгүй. Үүний дараа ОХУ болон Европын хамтын ажиллагааны байгууллагаас ажлын хэсэг гарч, Европын холбоонд шинээр нэгдсэн улсуудын газар нутагт НАТО-гийн зэвсэгт хүчнийг байрлуулахгүй байхаар тохирсон. Гэвч бас л биелээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Эвсэл зүүн Европын орнуудаар хүрээгээ тэлж, шинэ гишүүдийн нутаг дэвсгэр дээр цэргийн бааз нь байгуулагдсан. Амлалт биелээгүй. Үүний дараа бид “Яагаад НАТО-гийн цэргийн дэд бүтэц бүрэлдэхүүн манай хил хязгаар руу ойртоод байна вэ. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг манай хилийн дагуу тойрч бүсэлсэн маягаар тавихыг эрмэлзэж байгаа явдал бидний болгоомжлолыг төрүүлж байна” гэдэг асуудлыг тавих болсон юм. Гэвч “Битгий сандар даа, та нарын эсрэг биш” л гэдэг байв. Манай мэргэжилтнүүд АНУ, НАТО-д хандаж энэ асуудлыг хамтран хэлэлцэх саналыг нэг бус удаа гаргаж байсан ч хүлээж аваагүй. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ асуудлаар нухацтай хэлэлцээр нэг ч удаа болж байгаагүй. Үүний дараа Европын холбоо Украин, Молдав, Гүрж, Армен, Азербайжан Беларусь гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан улсыг нэгтгэх зорилго бүхий “Дорнын хамтын ажиллагаа” нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэд чөлөөт худалдааны гэрээ байгуулах саналыг Украинд тавьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэр үед бид “Украин манай хоёр улсын хооронд эдийн засгийн болоод бусад чухал холбоо бий. Тиймээс хамт ярилцвал муугүй шүү дээ” гэж нөхөрсгөөр зөвлөсөн юм. Тэгэхэд “Бид эхлээд Украинтай ярьчихаад дараа нь юу ярьснаа та нарт дуулгана аа” гэсэн. Украинтай хийж байгаа гэрээгээ Европын холбоо-Мексикийн хооронд хийгдсэн Чөлөөт худалдааны гэрээтэй адил гэж ойлгуулахыг хичээж байв. Гэтэл дараа нь гэрээний талаар хэвлэлүүдэд гарсан мэдээллийг харахад зөвхөн худалдааны талаар биш, цаашид Европын холбоонд нэгтгэх бэлтгэлийг хангах тухай гэрээ байгуулах гэж байгаа болж таарсан. Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гурван талт уулзалт хийхийг байна хичээж байсныг бүгд мэднэ. Украинчууд энэ хэлэлцээрийг явуулахад бэлэн байсан юм шүү. Умард Атлантын цэргийн эвслийг өргөжүүлэх, Европын холбоонд шинэ улсуудыг нэгтгэх, “Дорнын хамтын ажиллагаа” гээд энэ бүх төлөвлөгөө анхнаасаа АНУ-ын оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа. Үүнийг шууд батлах боломжгүй ч Украинтай холбоотой асуудлаар хийж байгаа АНУ-ын алхам бүр үүнийг баталж байна. Энэ байдал биднийг түгшээж байгаа. Яагаад гэвэл асуудал зөвхөн ОХУ-Барууны, эсвэл ОХУ-Украины хоорондых биш болж таарч байна” хэмээн өгүүлж байв.

Тэгэхээр, С.Лавровын үгээр бол “Хүйтэн дайн” угаасаа дуусаагүй, далдуур үргэлжилж л байсан болж тарч байгаа юм.

Хаитичууд ОХУ-аас тусламж хүссэн нь юу гэсэн үг вэ

ОХУ-Барууны эчнээ тэмцэл Европоос хальж, Ойрхи Дорнод /Сири/, Өмнөд Америк /Венесуэль/ хүртэл тэлсэн нь гарцаагүй баримт. Тэгвэл энэ тэмцэл нь улам өргөжих төлөвтэй байна. Карибын тэнгисийн Хаити улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хаа холын ОХУ-аас тусламж хүссэн нь стратегийн байршлын төлөө тэмцэл эрчимжсэнийг харуулж байгаа юм.

Хаитийн нийслэл Порт о Пренс хотын иргэд энэ сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Жовенель Моиз болон түүнийг дэмжигч АНУ-ыг эсэргүүцсэн жагсаж,  “Иргэдээ амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйлсээр хангаж чадахгүй байна” гэж буруутгасан юм. Тэд улстөрчдийг улсын хөрөнгийг үрэн таран хийж байна хэмээн буруутгаж байсан бөгөөд Жонатан Моизийг дэмждэг АНУ-ын мөн эсэргүүцэж байгаа илэрхийлэн төрийн далбааг нь шатааж, ОХУ-ыг энэ хямралыг шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн аж. Хаити нь 2010 онд аймшигт газзар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэнээсээ хойш  эдийн засгийн хямрал, ядууралд өртөж, одоо болтол түүнээсээ гарч чадаагүй байгаа юм. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн тус улсад энэ сарын 7-ноос эхлэн үргэлжилж байна.

“Аварга загас”-нуудын оролцсон геополтикийн тоглоом жижигчүүдэд ашигтай тусдаг. Яагаад гэвэл том гүрний лоббинд орж ямар нэг байдлаар ашиг гаргах боломж үүсэх магадлал өндөр. Эдүгээ дэлхий ертөнц дээр аливаа асуудлыг мэдээллийн хүчээр шийдэг болсон. Тиймээс барууныхны явуулж буй асар том пи ар-ын эсрэг өөрийн гэсэн дуу хоолойтой байх, дэмжлэгтэй болох зайлшгүй шаардлагатай. Тиймээс зарим улс орнууд ОХУ-ыг дэмжсэнийхээ хариуд ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг хайх байдал ажиглагдаж байгаагийн жишээ нь Хаити улс болж байна. Асуудал хурцадвал Хаити улс газарзүйн байршлаараа ОХУ-д ашигтай байх боломжтой.

ЗХУ-ын үед буюу “Хүйтэн дайн”-ы үед дэлхийн улс орнууд Социалист орнууд, Барууны орнууд, гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Африк, Латин Америк гэсэн гурван талд хуваагддаг байсан. Одоогийн нөхцөл байдал тэр зүг рүү явж байгааг ажиглагчид баталсаар байна. Геополитик, цэрэг дайны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэд хэвлэлийнхний дунд эрэлт хэрэгцээтэй болж, зарим нь сайн дураараа үзэл бодлоо илэрхийлэн цаашдын төлвийг таамаглах болов. Оросын infomaxx.ru цахим хуудсанд бичсэнээр, байдал хаашаа эргэж байгааг Шинэ Зеландын гэрийн авгай ч ойлгож байгаа гэнэ. Интернэт ертөнцөд энэ талаарх хэлэлцүүлэг, яриа хөөрөө бүх хэл дээр өрнөж, санал бодол уралдсаар...