Орчин цагт хүмүүс хоолны дэглэмээ хавар, намрын гутал шигээ улирал бүр сольдог болжээ.
Өнөөдөр гурилыг цэснээсээ хасаж, маргааш нь сахрын хэрэглээгээ хязгаарлаж, нөгөөдөр нь сүү, цагаан идээнээс татгалзсан тухайгаа ам уралдуулан ярилцгаана. “21 хоногийн челленж”, “детокс хөтөлбөр”, “Carnivore Diet” гэх үгс сошиал орчныг дүүргэж, эрүүл мэндийг түр зуурын давлагаа мэт ойлгуулах болов. Гэвч энэ бүх “давлагаа” биднийг эрүүлжүүлж байна уу, эсвэл зүгээр л сошиал салхинд хийсгэж байна уу гэдэг анхаарууштай.
Хүн бүрийн бие махбодь өөр. Удамшил, нас, хөдөлгөөний идэвх, ажлын ачаалал, сэтгэл зүй, амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйл хооллолтод нөлөөлдөг. Үүн дээр улс орон бүрийн цаг уур, идэж заншсан хүнс, соёлын онцлог харилцан адилгүй.
Монголчуудын хувьд мах, гурил, сүү, цагаан идээ нь зүгээр нэг хүнс бус, эрс тэс уур амьсгалд зохицсон амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг байсаар ирсэн.
Гэтэл өнөөдөр сошиал медиагийн нөлөөгөөр аль нэгэн алдартны туршсан дэглэмийг сохроор дагаж, “челленж” нэрээр бие махбодио сорих нь дэндүү өрөөсгөл юм.
Өнөөдөр бидний идэх хоолыг мэргэжлийн эмч, хоол зүйч бус харин сошиал медиад контент нэрийн дор хандалт хөөдөг нөлөөлөгчид зааж, зөвлөх нь олширчээ. Угтаа эрүүл мэндийн тухай ойлголт шинжлэх ухаанд тулгуурлах ёстой. Гэтэл сошиал орчинд энэ ойлголт хандалт, лайк, шэйрийн тоогоор хэмжигдэх болсон нь нууц биш.
Олон дагагчтай нөлөөлөгчийн нэг минутын бичлэг мэргэжлийн эмч, хоол зүйчийн олон жилийн судалгаанаас илүү нөлөө үзүүлэх болсон нь бидний эрүүл мэндийг туршилт, бизнес, сошиал хандалтын золиос болгож буй.
Гэвч ихэнх тохиолдолд богино хугацааны баталгаагүй дэглэм нь бидний эрүүл мэндэд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлж, биеийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах суурь болдог байна. Үүний нэг тод жишээ нь бидний сайн мэдэх детокс дэглэм юм. Биеийг хоргүйжүүлж, эрүүлжүүлнэ гэх уриатай энэхүү дэглэм нь эрчимтэй жин хасах, хэтрүүлэн идсэний дараа ходоодыг амраах боломжтой гэх ойлголтыг олон хүний тархинд суулгасан байдаг. Гэвч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүний биед элэг, бөөр, уушги зэрэг хорт бодисыг шүүж, гадагшлуулах байгалийн төгс тогтолцоо хэдийнэ бий. Тиймээс тусгай шүүс, нунтаг бүтээгдэхүүнээр хор гадагшлуулах шаардлага үндсэндээ байдаггүй. Харин ч уураг, ислэг, өөх тос зэрэг чухал шим тэжээлийг хасаж, дан ганц шүүсээр хооллох нь бие махбодийг шим тэжээлийн дутагдалд оруулж, бодисын солилцоог удаашруулан, булчингийн массыг алдагдуулах эрсдэлтэй аж.
Тодруулбал, Journal of Human Nutrition and Dietetics сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаагаар зах зээл дээрх ихэнх детокс дэглэмийн үр нөлөөг баталсан эмнэлзүйн чанартай нотолгоо байхгүйг онцолсон байдаг. Харин ч ийм төрлийн дэглэмийг удаан хугацаагаар барих нь эхэн үедээ жин хасагдаж буй мэт харагдах хэдий ч, алсдаа бие махбодийн бодисын солилцоо алдагдах, булчингийн масс алдах, сэтгэлзүйн дарамт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг гэдгийг нотолжээ. Үүнээс гадна олон хүмүүсийн сайшаал, магтаалыг хүртдэг “Carnivore diet” буюу зөвхөн амьтны гаралтай хүнс хэрэглэх дэглэм ч мөн адил олон сөрөг үр дагавартай гэдгийг судалгаагаар баталжээ.
Уг дэглэм нь мөн л адил бусад дэглэмтэй адил богино хугацаанд жин бууруулах нөлөө үзүүлдэг ч урт хугацаандаа шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулдаг гэдгийг Америкийн зүрх, судасны холбоо болон Harvard T.H. Chan School of Public Health-ийн зүгээс анхааруулжээ. Үүнээс гадна олон төрлийн богино хугацааны дэглэмийг давтамжтай турших нь бие махбодийг сульдуулж, бодисын солилцоог удаашруулж, хоол шингээлтийг муутгах эрсдэлтэй байдаг аж.
Хоол зүйч С.Хулангаа
Зохистой хооллолт гэдэг нь ерөөсөө нэг л зүйл байдаг. Үндсэн суурь ойлголт нь хүнсний зургаан бүлэг юм.
Үүнд, үр тариа, мах, өөх тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ багтана. Энэ зургаан бүлгийн өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж байгаа хүнийг л эрүүл тэнцвэртэй зохистой хооллож байгаа гэж үзнэ.
ДЭМБ-ын зөвлөмжөөр эрүүл, зохистой хооллолт гэдэг нь аливаа нэг хүнсийг туйлшран хасах бус, харин олон төрлөөр баяжуулж, тэнцвэртэй хэрэглэхийг дэмждэг. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд хүнсний пирамидын ойлголтыг шинэчилж, өдөр тутмын хооллолтыг илүү ойлгомжтой болгох үүднээс “Тавгийн зарчим” загвараар хооллохыг дэмжиж буй.
Энэхүү зарчмаар:
- Тавгийн тал хувийг жимс, хүнсний ногоо эзлэх
ёстой (төмснөөс бусад),
- Дөрөвний нэг нь бүхэл үрийн бүтээгдэхүүн (бор будаа,
бүхэл үрийн талх гэх мэт),
- Үлдсэн дөрөвний нэгийг эрүүл уураг (загас, тахиа,
шош, самар) эзэлнэ.
Улмаар давс, чихрийн хэрэглээг бууруулах, хэт боловсруулсан бүтээгдэхүүнийг хязгаарлах нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ гэж үздэг.
Гэвч өнөөдөр энэ чухал мэдээлэл зах зээл, маркетингийн нөлөөнд улам бүр бүдгэрчээ. Эхлээд нэг хүнсийг “дайсан” болгон тодотгож, дараа нь түүнийг орлох “шидэт” бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох стратеги нь “Sugar free”, “Gluten free”, “Detox”, “Clean eating” гэх шошготой бүтээгдэхүүний борлуулалтыг огцом нэмэгдүүлж, органик хүнсийг зах зээлээс түлхэхэд нөлөөлж буй.
Судлаач, зохиолч Michael Pollan
Хэрэв та үнэхээр эрүүл мэнддээ санаа зовж байвал “эрүүл” гэж амласан шошготой бүтээгдэхүүнээс татгалз. Учир нь, ийм амлалт ихэвчлэн тэр хүнс жинхэнэ хүнс биш гэдгийг илтгэдэг. Танд ердөө жинхэнэ хоол л хэрэгтэй.
Аливаа зүйлийг өөрийн биеийн онцлогт зохицуулан, зохистой хэрэглэж дадах нь ямар ч үнэтэй бүтээгдэхүүн, хатуу дэглэмээс илүү үр дүнтэй аж. Эцэст нь, Diet culture буюу хоолны дэглэмийн соёлд хэт авталгүй, аливаа хүнсийг туйлшралгүйгээр, тэнцвэртэй хүртэх нь эрүүл хооллолтын хамгийн чухал үндэс гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.