-ОХУ-д идэж, уух, өмсөж зүүхгүйгээр 13 жил ажиллаж байж байр авах боломжтой-
ЗХУ, ОХУ-ын алиных нь үед иргэдийн амьдрал илүү хангалуун, сайхан байсан бэ. Хойд хөршийн Эдийн засгийн их сургуулийн эрдэмтэд энэ асуултын хариуг олохоор судалгаа хийж, сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Түүнийгээ мөн л ойлгомжтой, тодорхой жишээн дээр тулгуурлан олон нийтэд хүргэсэн байна. Тэдний хийсэн тооцоогоор, ЗХУ задарч, улс орон эдийн засгийн эрс шинчлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд хойд хөршийн иргэдийн бодит орлого хоёр дахин буурсан гэнэ. “Ведомости” сонинд энэ талаар мэдээллээ.
1988 онд буюу ЗХУ-ын үед 54 метр квадрат орон сууцыг 2.6 жилийн цалингаараа авч болохуйц байсан бол 2016 онд огт идэж уухгүй, өмсөж зүүхгүйгээр 13 жил зүтгэж байж авах байдалтай болсон байна. Өнгөрсөн жил ОХУ-ын иргэдийн дундаж цалин 32220 рубль болсон бол Москва хотод хоёр өрөө байрны дундаж ханш таван сая рубль болоод байгаа юм.
Мөн “Форбс” сэтгүүлд бичигдэх эрхтэй орос баян хүний тоо нэгээр нэмэгдэхэд нэн ядууд тооцогдох хүний тоо хэдэн зуун мянгаар нэмэгдэг болохыг олж мэджээ. Оросын иргэдийн 1/5-ынх нь орлого өнгөрсөн хугацаанд 1.45 дахин багассан бол бас нэг 1/5-ынх нь орлого 1.2 дахин буурчээ. Мөн 1/5 хувь нь амьдрал нь 20 жилийн өмнөхөөс огт сайжраагүй гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын нийт иргэдийн 60 хувийнх нь амьдрал ЗХУ-ын үеэс дээрдээгүй, буурсан аж. Энэ үзүүлэлт нь манай хойд хөршид ядуурал хэмээх гамшиг Унгараас найм, Чехээс тав дахин хурдтайгаар иргэдийг залгиж байгаа гэсэн үг юм байна.

Задрахын өмнө буюу 1988 онд ЗХУ-ын эдийн засгийн өсөлт 2.9 хувь, ядуурлын түвшин 6.5 хувь байжээ. Гэтэл манайд байдаг шиг эдийн засгийн өсөлт нэмэгдэх тусам иргэд нь ядуурах байдал мөн адил эрчимтэй явагдсан байна. Өнгөрсөн хугацаанд гэртээ телевизортой өрх 1.6 дахин нэмэгдсэн бол 1000 хүнд ногдох автомашины тоо хоёр дахин нэмэгджээ.
Харин ЗХУ задрах үед архивын материалын зарим нь устаж зарим нь стануудад хуваагдсан тул энэхүү судалгааг хийсэн Эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэд тухайн үед инфляцийн түвшин ямар байсныг олж тогтоож чадаагүй ажээ.