"Эрдэс" клуб нь иргэдэд үнэгүй үйлчилнэ
Эрдэс. Мардайн ураны ордыг тойрон баригдсан, зарим нэг тосгоныг бодвол хамаагүй их буюу 8000 гаруй оршин суугчтай боловч газрын зурагт тэмдэглэгдээгүй ийм нэртэй нууцлаг хотхон Дорнод аймагт хорь гаруй жил оршин тогтносон гэдгийг биднээс өмнөх үеийнхэн мэднэ. Бидний үеийнхэн сонссоноос цаашгүй. Залуу үеийнхэн одооноос л дуулж эхэлж байна. Гэхдээ хотхон дотор чухам ямар амьдрал өрнөж байсныг өмнөх үеийнхэн ч бид ч залуу үеийнхэн ч ялгаагүй мэдэхгүй билээ. Сосновскийн экспедицийн хийсэн судалгааны дүнд тогтоогдсон Мардайн ордын ажилчдыг амьдруулах зорилгоор баригдсан уг хотхонд Москвагаас томилогдсон, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй байсан учраас тэр юм.
Дашрамд дурдахад, уг ордыг ашиглаж асан ЗХУ нэг ч монгол хүн оруулдаггүй байсан атлаа уг уурхайн тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалтад тооцсон байсан гэдэг. Хэрвээ уурхайг монголчуудыг зааж сурган цаашид ашиглах нөхцлийг нь бүрдүүлж өгчихөөд явсан бол хөрөнгө оруулалтад тооцож бүрэн болно. Гэтэл уран боловсруулах гэдэг маань хэн дуртайд нь, тэр тусмаа хөршдөө зүгээр л заагаад өгчихдөг технологи биш учир манайх сурах битгий хэл, тосгонд нь ч нэвтрэх эрхгүй байсан хэрэг. Эрдэс хэмээх монгол нэртэй ч орос оршин суугчидтай энэхүү нууцлаг хотод бага насаа өнгөрөөсөн нэгэн эрхмийн дурсамж, тэмдэглэл өмнө минь байна. Энэхүү тэмдэглэл танд Монгол жинхэнэ утопи арал гэмээр амьдралтай хот байсан гэдгийг танд дэлгэн харуулах болно.
Би эцэг эхийн хамт 1985 оны тавдугаар сарын сүүлчээр БНМАУ-ын Дорнод аймагт орших Эрдэс хэмээх хотод нүүж ирлээ. Бид энд ирэхийг хүсээгүй ч аавын дарга биднийг таван жил амьдрах тушаал өгсөн гэсэн. Аав маань цэргийн хүн учир тушаал зөрчих эрх байхгүй гэсэн. Гэхдээ цалин нэмэгдэх учир нутагтаа эргэж ирээд дутагдах зүйлгүй сайхан амьдарна гэдгээ ээжийн ярианаас ойлгосон юм.

Бидний байрласан Эрдэс хот Монголын зүүн аймагт, Чойбалсан хотоос 100 орчим километр зайтай байрлаж байв. Миний сонссоноор энд 8000 гаруй хүнтэй ч хамгийн дээд тал нь 12 мянган хүн амьдарч байсан гэнэ. Эдний бараг ихэнх нь аавтай адил цэргийн хүмүүс. Тэд ЗХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн юм байна. Гүрж, Украин, Беларусь, Казахстан, Узбекистан гээд л зүсэн зүйлийн хүмүүс амьдрах учир надад Эрдэс биш олон үндэсний хот гэж нэрлэвэл илүү зохих юм шиг санагдана. Эрдэс гэж оросоор минерал гэсэн үг. Гэхдээ надад нэр энэ тэрээс илүү амьдрах орчин маань илүү таалагдаж байв. Дэлгүүр нь гэхэд тухайн үеийн Иркутскийн дэлгүүрийг нүүлгээд авчирчихсан юм шиг хэрнээ үнэ нь бас хямдхан гээч. Тэнд байсан гайхалтай сургуульд суралцаж байснаа би хэзээ ч мартахгүй. Орос хэлний тав, уран зохиолын нэг багшийн дунд орос хүн нэг ч байгаагүй гээд бод. Гэхдээ энэ нь надад сайн болсон уу гэхээс муу болоогүй.

Хотхонд “Хуурай хууль” үйлчилдэг учир эндхийн дэлгүүрт архи, тэр ч байтугай дарс ч үл худалдана. Харин бүгд спортоор хичээлэдэг байв. Боломж нөхцөл ч сайтай. Хотод байнгын ажиллагаатай дөрвөн том клуб, зургаан талбай байдаг байлаа. Тэндээ зун нь хөлбөмбөг, өвөл нь хоккейгоор хотын аварга шалгаруулна. Харин өсвөр насныхны дунд 1985-91 оны хооронд каратэ болон бялдаржуулах урлаг хамгийн түгээмэл спорт нь байв. Хичээллэдэггүй хүүхэд бараг байгаагүй дээ. Тийм учраас хотын оршин суугчид бүгд булчинлаг сайхан биетэй байсан.

Өсвөр насныхны дунд 1985-91 оны хооронд каратэ болон бялдаржуулах урлаг хамгийн түгээмэл спорт нь байв.
Хотод хувийн машинтай хүн байгаагүй учир бараг бүгд унадаг дугуйгаар зорчицгооно. Амралтын өдөр бассейнд сэлж, “Геолог”, “Эрдэс” гэждэг нэртэй клубт очин кино үздэг байлаа. Тасалбар нь үнэгүй байсан бөгөөд сүүлд, буцахын өмнө бэлгэдэл төдий үнэтэй болгосон юм даг. Манай хот мөн хоёр бассейн, хоёр үсчний газартай байсан бөгөөд үнэ нь мөн л бэлгэдлийн чанартай. Товчхондоо бол тосгонд жинхэнэ социализм оршин тогтгож байсан бөгөөд бүх зүйл элбэг хангалуун, бүгд аз жаргалтай байсан билээ.
