Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү заалт ёсоор бол Монгол Улсын ашигт малтмал гагцхүү ард түмний өмч мөн. Тэгвэл байгалийн баялаг ард түмний өмч, ард түмэн өмчийн эзэн гэдгийг батлах ганц зүйл бол роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Энэ бол зайлшгүй авах ёстой, хамгийн суурь төлбөр юм. Татвар бол дараагийн асуудал. Гэтэл Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь Монголыг Улс гэж хэлэхэд хэцүү болгож байна. Ингэж дүгнэх үндэслэлүүд байна.
Ард түмэн, ард түмний өмчийг үгүйсгэлээ
Монголчууд бид байгалийн баялгаа зөв зохистой ашиглаад улсаа хөгжүүлнэ, хувь хүртэж сайхан амьдарна гэж төлөвлөж, бодож олон жил хүлээж байгаа. Тэгвэл одоогийн эрх баригчид энэ бодол, төлөвлөгөөг биелшгүй “мөрөөдөл” болгож орхилоо. “Сахил хүртээд шал додоно” гэгч болов.
Эрх баригчид “Баялгийн сан” байгуулна гэж яриад, хууль журам баталсан. Далимд нь туршлага судлах нэрээр гадаад дотоодод бишгүй явж галуу шувууны мах идсэн байдаг. Гэтэл тэр ард түмний түрийвч болсон “Баялгийн сан”-д хамгийн түрүүнд орох ёстой, хууль ёсны мөнгө чинь АМНАТ юм шүү дээ.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-т байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байлгахаар тогтоосон нь Монгол Улсын иргэн бүр түүнээс үр өгөөж хүртэх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Цэцийн шийдвэр энэ утгыг бүхэлд нь үгүйсгэчихлээ. Цэцийн шийдвэр хэвээр үлдэх юм бол цаашид ард түмний эрх ашиг гэж байхгүй. Баялгийн сан, хувь хишиг гэж ч байхгүй. Эрх баригчид, компанийн эрх ашиг л үлдэнэ.
Монгол Улс, монголчууд хөгжихгүй
Монгол Улс хөгжих ёсгүй улс, монголчууд хөгжих ёсгүй үндэстэн юм байна. Лав л одоогийн эрх баригчдын өнгөн дээр. Учир нь тэдний шийдвэр ард түмнийг юу ч биш болгосноос гадна өмнө нь бас л чамгүй цаг зарж байж хийсэн эдийн засгийг солонгоруулах тухай урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг үндсэндээ ураад шидчихлээ.
АМНАТ байхгүй болбол төсөвт орох ёстой байсан 1.3 их наяд төгрөг уул уурхайн компаниудад үлдэнэ. Үнэхээр улс орноо хөгжүүлье, төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэсэн бодол байсан бол энэ мөнгийг төсөвт төвлөрүүлээд дахин хуваарилалт хийх замаар бусад салбараа дэмжиж болох байлаа
ҮХЦ-ийн шийдвэр хэрэгжих юм бол гарцаагүй ийм байдал үүсэх гээд байна. "Хонгор чинь улааны муу нохой байж" гэдэг шиг Үндсэн хуулийг манах учиртай Цэц нь өөрөө Үндсэн хуулиас Зургадугаар зүйлийг нь ураад хаячихлаа... Энэ алдааг залруулах ёстой.