Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлахаар болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 21:00-22:00 цагийн хооронд Улаанбаатарт газардах бөгөөд албан ёсны айлчлал нь маргааш эхлэх юм. Айлчлалтай холбогдуулан өнөөдөр 14.00 цагаас маргааш оройны 20.00 цагийн хооронд дараах чиглэлийн замуудыг тухай бүрт нь хэсэгчилсэн байдлаар түр хаана.
1. Наадамчдын гудамж-Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 2. Энхтайваны өргөн чөлөө-Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш 1-р хорооллын Саппора, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл 3. Чингисийн өргөн чөлөө-Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайвны гүүрэн дээгүүр урагш Яармагийн гүүр хүртэл 4. Уулын зам, 5. Амарын гудамж-Сүхбаатарын нэрэмжит талбайгаас зүүн тийш Улсын хэвлэлийн комбинат /Улаанбаатар галерей/-ын урдуур Бага тойруу хүртэл 6. Сүхбаатарын гудамж-Төв музейн зүүн талын замын уулзвараас хойш Их тойруу хүртэл 7. Жуулчны гудамж-Үндэсний түүхийн музейн урд талаас баруун тийш Их тойруу, С.Чоймболын гудамжны огтлолцол хүртэл 8. Залуучуудын гудамж-Токиогийн гудамжнаас зүүн тийш Сансарын тунелээр Их тойруу хүртэл хаана.
Мөн айлчлалтай холбогдуулан маргааш бүх нийтээрээ амарч, ирэх бямба гаригийг ажлын өдөр болгосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор Владимир Путиныг айлчлах үеэр ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаагүй. Харин энэ удаагийн айлчлалд манай улс ихээхэн ач холбогдол өгч байгаа нь үүнээс харагдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмиртий Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал батлагдаж байлаа. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улс харилцаагаа нэг шат ахиулж Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болно гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж юу вэ?
Иж бүрэн стратегийн түншлэл гэсэн ойлголтыг дараах байдлаар тодорхойлдог. Иж бүрэн гэдэг нь олон улсын харилцаанд аливаа улсуудын хоорондын харилцааны түвшинг харуулна. Бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ. Стратегийн гэхээр урт хугацаанд тогтвортой харилцаагаа хөгжүүлнэ гэсэн үг юм. Одоогийн байдлаар манай улс зөвхөн БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Тодруулбал, 2012 онд Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д айлчлахдаа хоёр орны харилцааг стратегийн түвшинд гаргах гэрээнд гарын үсэг зурсан. Харин 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр харилцаагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн юм. Тухайн үед БНХАУ манайхтай бүх салбарт өргөжүүлж тэлэхээс гадна газар нутгаараа дамжих транзит тээврээр бүс нутгийн болоод гуравдагч орнуудад өөрийн бараагаа гаргахаар боломж олгохоо мэдэгдэж байсан юм. Мөн далайн боомтууддаа Монгол Улсад газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, БНХАУ-тай байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэл нь зөвхөн хоёр талын харилцаа бус гурав дахь зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж олгосон юм. Харин энэ удаад ОХУ-тай байгуулах Иж бүрэн стратегийн хэлэлцээрт ямар асуудлууд багтаж байгаа нь анхаарал татаж байна.
Манай улс ийнхүү хоёр хөрштэйгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсны дараа Япон, Бүгд найрамдах Энэтхэг улс, АНУ-тай ийм харилцаанд шилжих боломжтой. Учир нь, эдгээр гурван улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өмнөх буюу Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа юм.