
Алдар хүнд, амжилт, ололт, мөнгө төгрөг хүн төрөлхтний хүсэл, шуналыг мөнхөд өдөөж, өрддөг шидтэй.
Тиймдээ ч олонх хүн нойр, хоолоо хугаслан, ар гэр, аав, ээж, үр, хүүхдэдээ зориулах алтан цагаа хагаслан ажил, карьерын төлөө махардаг биз. Нэг талдаа ажиллаж, хөдөлмөрлөх нь тайван, тавтай амьдрах ганц гарц мэт санагдах ч үүний цаана нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний алдар нэрд хүрч, одоогийнхоосоо илүү амжилт, карьер атгаж, хур хөрөнгө хураах далд хүсэл дагалдаж л байдаг. Буруутгах аргагүй зөвтгөл гэж энэ. Гэхдээ хүн төрөлхтний цуцашгүй хөдөлмөрлөж, эцэсшгүй зүтгэх гол хөдөлгүүр болж ирсэн эл хандлага сүүлийн жилүүдэд хувьсаж байна. Бүр тодруулбал, үхэшгүй мөнх мэт зүдэртлээ зүтгэж, үрж барамгүй их мөнгө хураах хүсэл шинэ үеийнхэнд алга.
Залуус амьдралын чанараа сайжруулахын тулд амьжиргааны түвшингээ бууруулах сонголт хийх болжээ. Дэлхий даяар бий болоод буй эл үзэгдлийг Downshifrting гэж нэрлээд буй.
Энэхүү амьдралын хэв маягийн гол философи нь тун энгийн. Элдэв материаллаг зүйлс, эд хөрөнгө, албан тушаалаас татгалзаж, эдгээрээс үүдэлтэй стрессээс чөлөөлөгдөх явдал юм. Улмаар амьдралын зорилгыг хэрэглээнд бус сэтгэл ханамжид төвлөрүүлэх аж.
Анх 1970-1980-аад онд өрнөдийн орнуудад “Voluntary simplicity” буюу сайн дураар энгийн амьдралын хэв маягийг сонгох хөдөлгөөн өрнөж байжээ. Энэ нь хэт хэрэглээ шүтсэн хандлагын эсрэг агуулгатай бөгөөд материаллаг эд хэрэгслээс сэтгэл ханамж авах нь амьдралын чанарт хэчнээн их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олон нийтэд ухуулан, сурталчлах зорилготой юм. Уг ухагдахууны талаар Америкийн зохиолч, нийгмийн шүүмжлэгч Duane Elgin “Voluntary Simplicity” номдоо “Хүмүүс хэрэглээгээ багасгаж, илүү ухамсартай, утга учиртай амьдрах хэрэгтэй” гэж өгүүлсэн байна. Энэ ойлголт нь орчин үеийн downshifting буюу амьдралын хурдаа сааруулах хэв маягийн суурь гэж судлаачид үздэг.
Карьер, мөнгө төвтэй амьдралын хэв маяг хүч түрж, хүмүүс үр хүүхэд, өөр хоорондоо ч цаг, зав гаргахгүйгээр ажил, мэргэжлийн өрсөлдөөн, өсөлтөд хэт автаж, анхаарч эхэлсэн нь downshifting хөдөлгөөн олныг хамрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн байна. Ямагт цагтай, өөртэйгөө уралдан хурдалж, мөч бүрийг амжилт, ахицад зориулж адгасаар нэг л мэдэхэд бие сэтгэлийн эрүүл мэнд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал тэргүүтэй амьдралын суурь өгөгдлөөсөө алсарч орхисноо хүмүүс олж харсан хэрэг. Мөн үүнд нөлөөлсөн томоохон хүчин зүйл бол цар тахал юм. Урт хугацааны хөл хорио, цар тахлын гамшгийн дараа дэлхий нийтээрээ амьдрах хамгийн гол утга учир нь амьд байх явдал гэдгийг ойлгожээ. Улмаар цөөнгүй хүн өсөлт, хөгжлөөс зориуд татгалзаж, өндөр цалинтай, өсөх ирээдүйтэй ажлаа орхиж, олны хөл, түмний жим даган хот, сууринд амьдрахаас татгалзаж, өнгө, мөнгөнд ач холбогдол өгөхөө больж эхэлсэн байна.
Microsoft компаниас гаргадаг “Work Trend Index” судалгаанд өгүүлснээр, цар тахлын дараа буюу 2021 онд дэлхийн нийт ажиллах хүчний 41 хувь нь ажлаасаа гарах талаар нухацтай бодож эхэлсэн гэдгийг өгүүлсэн байдаг нь дээрхийн илрэл.
Түүнчлэн ажил хийж байгаа иргэд ч амжилтад төвлөрөхөө больсон байна. Оны шилдэг ажилтан болох, албан тушаал ахих, ахиу цалин авах зэрэг өсөлт, хөгжлийн төлөө илүү цагаар ажиллаж, их үүрэг, даалгавар биелүүлж амьдрахаас залхаж, бүр татгалзах болжээ. Энэ нь downshifting хөдөлгөөний нэг үзэгдэл юм. Ажил, амжилт бол амьдрал биш, харин амьдрах хэрэгсэл тул тэнцвэрт төвлөрөх болжээ.
Хамгийн сонирхолтой нь, хүмүүс амжилт, мөнгө, албан тушаалаас татгалзсанаар илүү аз жаргалтай, илүү тавтай, тайван амьдарч эхэлжээ. Австралийн судалгааны хүрээлэнгээс гаргасан “Downshifting in Australia: A sea-change in the pursuit of happiness” сэдэвт судалгааны тайланд энэ талаар өгүүлсэн байна. Тодруулбал, судалгаанд оролцсон иргэдийн 25 хувь нь сайн дураараа амьдралын хэв маягаа энгийн төлөвт тохируулсан байна. Улмаар сарын орлогоо 10-40 хувиар бууруулжээ. Тухайн иргэдийн 90 гаруй хувь нь энэ шийдвэртээ огт харамсаагүй бөгөөд амьдралын чанар, сэтгэл ханамж нь нэмэгдсэн гэдгээ илэрхийлсэн байгаа юм. Энэ нь хэдийгээр хөрөнгө, мөнгө хумигдсан ч цаг хугацааны, сэтгэл зүйн, утга учиртай амьдралын эрх чөлөө нь үлэмж өссөнтэй холбоотой.
Downshifting хөдөлгөөн Азийн орнуудад ч дэлгэрээд буй. Тухайлбал, БНХАУ-ын иргэд хэт өрсөлдөөнт нийгмээсээ залхаж, Tang Ping буюу хэвтээ амьдралын хэв маяг гэх хөдөлгөөн өрнүүлж байсан удаатай. Энэ нь амжилтын төлөөх улайрал, эцэс төгсгөлгүй хөдөлмөрөөс сайн дураараа татгалзаж, хамгийн бага хэрэглээгээр, сэтгэл амар амьдрах тухай ойлголт юм. Түүнчлэн гэр бүл зохиохгүй, үр хүүхэд төрүүлж, нэмэлт ачаалал үүрэхгүй, байр, машин зэрэг өртөг өндөр эд зүйл өмчлөхгүй гэх үзэлтэй залуус олширч буй. Мөн Японд Satori generation гэх хэллэг бий болжээ. Энэ нь буддын шашны “Сатори” буюу гэгээрэх, үнэнийг таньж мэдэх гэсэн үгнээс гаралтай бөгөөд амьдралын бодит үнэнийг эрт ухаарч, бүтэхгүй зүйлийн араас зүтгэхээ больсон залуусыг тодорхойлж буй хэллэг юм. Энэ нь мөн л тансаг машин, брэнд бүтээгдэхүүнээс татгалзаж, хямд өртөгтэй, энгийн, тайван амьдралын хэв маягийг эрхэмлэж буй залуус олширч байгаатай холбоотой.
Монгол Улсын хувьд, нэршил бий болж, хөдөлгөөн өрнөөгүй ч амьдралын хөдөлгүүрээ удаашруулах downshifting хөдөлгөөн “чимээгүй” өрнөж буй. Сүүлийн жилүүдэд түгжрэл, утаа тэргүүтэй их хотын стрессээс дөлж, хөдөө нутгийг зорих залуусын тоо элбэгшиж байна. Хөдөө очсоноор цалин, орлого хумигдах ч цаг, зав нэмэгдэж байгаа нь иргэдийг ийм сонголт хийхэд хүргэж байгаа юм. Тоо сөхвөл, 2017- 2021 оны хооронд 14407 өрхийн 53327 хүн ам хотоос хөдөөд шилжин суурьшиж байсан бол дөрвөн жилийн дараа тус тоо 23900-гаар нэмэгдсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг зорих иргэдийн тоо ч эрс багасжээ. Нийслэлээс орон нутгийг зорьж буй хүмүүсийн аж байдал, ахуй нөхцөл, шилжиж очоод амьдралын чанарт гарсан өөрчлөлт зэргийг судалсан цогц судалгааг Үндэсний статистикийн хороо хийсэн байна. Тус судалгаанд өгүүлснээр, сүүлийн таван жилд орон нутагт шилжин суурьшсан иргэдийн 52.6 хувь 16-59 насныхан, 41 хувь 0-15 насны хүүхэд, 6.4 хувь 60 болон түүнээс дээш насны иргэд байна. Хамгийн сонирхолтой нь, хотоос хөдөөг зорих иргэдийн боловсролын түвшин. Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьшсан 18-аас дээш насны иргэдийн 53.6 хувь нь дунд, бүрэн дундаас дээш түвшний боловсролтой байжээ.
Боловсрол, мэдлэгтэй иргэд хотод илүү өртөгтэй амьдрах хэв маягаас татгалзаж, хэрэглээгээ хэмнэж, хэвийн, тайван амьдрах сонголт хийж байгааг харж болохоор байна.
Төгс байх гэж хичээх тусам хүн төрөлх мөн чанараасаа төсөөрдөг. Ингэснээр аз жаргал, сэтгэл ханамжаасаа алсарч, хүн автомат машин шиг ажиллаж эхэлнэ. Тэгэхээр амьдралын хурдаа тааруулах бүр сааруулах нь залхуурах тухай агуулга биш мөн чанараа олж, таних асуудал юм.