
Халамж, хүүгийн татаас, урамшуулал хэмээх хөгжлийн тушаа
Засгийн газраас гоё, гоё нэртэй олон бодлого хэрэгжүүлдэг. Тэдний нэг нь “Халамжаас хөдөлмөрт” хэмээх бодлого.
Халамж авдаг хүмүүсийн тоог цөөлж, хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тоог нэмнэ гэсэн маш энгийн, ойлгомжтой зорилготой. Энэ бодлогыг МАН засаглаж эхэлсэн 2016 оноос хойш 10 жилийн турш ярьж байгаа. 10 жилийн хугацаанд ар араасаа завсаргүй залган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Н.Номтойбаяр, С.Чинзориг, А.Ариунзаяа, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, Л.Энх-Амгалан, Т.Аубакир нар энэ бодлогыг хэрэгжүүлэх гээд чадсангүй. “Халамжаас хөдөлмөрт” хэмээх бодлого хөрсөн дээрээ үнэхээр буусангүй. Аргаа барсан Г.Занданшатарын Засгийн газар бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-тай хамтран хэрэгжүүлэхээр оролдож эхэллээ. Засгийн газрын хуралдаанаас Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай тэмдэглэл гаргасан. Манай улсад хөдөлмөр эрхэлдэггүй 115 мянган хүн байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд 5000 өрхийг хөдөлмөрт зуучлах зорилт тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй гэж үзэн Ерөнхий сайдын зүгээс шат шатны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулах санаачилга гаргасан юм. ИТХын төлөөлөгчид иргэдээсээ сонгогддог ч иргэдээ ядуурлаас гаргах санаачилга гаргаж ажилладаггүй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгжүүлж, улирал бүр дүгнэж ажиллахаар болов. Энэ санаачилгын үр дүнд 25-30 мянган айл өрхийг орлоготой болгоно гэж үзжээ. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээ сонгуулийн үеэр “хөтөлж” очоод саналыг нь өгүүлдэг шигээ “хөтөлж” очоод ажилд оруулдаг болох нь. Үүнээс “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлэх гэж үнэхээр аргаа барж байгаа нь харагдана.
Ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа 115 мянган хүн хэрхэн амьдарч байгаа нь ойлгомжтой. Тэд төрөөс өгч буй халамжаар хооллон амьдарч байгаа. Хүүхдийн мөнгө, хүнсний талоноо авч, цахилгаан, дулааны хөнгөлөлтөө эдлээд ажил хийхгүй амьдарч болоод байна. Төр засаг хэзээ болтол сонгуулиа бодож иргэдээ өөгшүүлсээр байх вэ. Хот суурин газрын айл өрхүүдэд хямдхан түлш, мах, цахилгаан хэрэглүүлж, хөдөө орон нутгийнханд нь хөнгөлөлттэй зээл, мах, сүү, ноос, ноолуурын урамшуулал олгож хүүгийн татаас, зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлсөөр л байна. Ийнхүү иргэдээ халамж, хямдхан үйлчилгээгээр угжсаны үр дүнд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал өссөөр...
Сонгуульд шууд санал өгдөг учраас намууд иргэдэд янз бүрийн халамж, хөнгөлөлт, чөлөөлөлт амлаж, хэрэгжүүлдэг. Мөн аж ахуйн нэгжүүдэд ч янз бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал олгосоор ирсэн. Эдийн засаг тэлэхийн хэрээр энэ бүхнээ багасгах бодлого баримтлах ёстой. Гэтэл хүрээг нь улам тэлсээр байна. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан нэг тогтоол батлаад түүнийхээ дагуу хөнгөлөлттэй зээл, бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд урамшуулал олгох, Улаанбаатар хотод худалдааны цэг байгуулж өгөх, олон улсын үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг байж болох бүх л хэлбэрээр дэмжих нь.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж валютын орлогыг нэмэгдүүлдэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв. Гэхдээ тодорхой хэмжээний хүрээ хязгаартай байх хэрэгтэй. Дээрх бүх дэмжлэгээс нэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Энэ бол бүтээгдэхүүнээ экспортолсон аж ахуйн нэгжид урамшуулал олгох тухай. Мах, сүү, ноос, ноолуураа тушаасан малчин, улаан буудайгаа тушаасан тариаланчид урамшуулал олгодог шиг ноолууран бүтээгдэхүүнээ экспортод гаргасан үйлдвэрлэгчид төрөөс урамшуулал олгодог болох нь. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үзүүлсэн бодлогын дэмжлэг, олгосон олон хөнгөлөлттэй зээл, зах зээлийнхээ эрэлтээр харьцангуй хөл дээрээ боссон. Төрөөс бүх талаар дэмжлэг үзүүлэхийн хажуугаар экспортолсон бүтээгдэхүүн бүрд нь нэмж урамшуулал олгох саналыг хамгийн анх хэн, хаанаас гаргав. Үйлдвэрлэгчид санаа зовохгүйгээр өөрсдөө гаргасан бол арай л давруу санал байна. Засгийн газраас гаргасан бол мэргэн бус санал аж. Учир нь, ингэж аж ахуйн нэгжүүдээ салбар салбараар нь ялгаварлан ангилж төрөөс урамшуулал олгох нь буруу. Төрийн бодлого тэгш, шударга зарчмаар хэрэгжих ёстой.
Өнөөдөр бүх аж ахуйн нэгж татвар, нийгмийн даатгалын шимтгэлдээ дарамтлуулж байгаа. Төр засгийн зүгээс ч үүнийг ойлгож, мэдэрч бууруулахаа амласан. Гэтэл энэ амлалтаа хэрэгжүүлэхийн оронд зөвхөн ноолуурын салбарыг чухалчилж урамшуулал олгоно гэж байгаа нь хатуухан хэлэхэд харалган бодлого. Үнэхээр ингэж шийдвэл бусад салбар барьцана.
Монголд өнөөдөр төрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Энэ бүхний хэмжээг багасгах, заримыг нь зогсоох бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл улам хүрээг нь тэлэх тухай ярьж байгаа нь шударга бус бөгөөд үрэлгэн алхам. Улаан буудайгаа гурилын үйлдвэрт тушаасан тариаланчид тонн тутамд нь 80-100 мянган төгрөгөөрийн урамшуулал олгодог. Анх энэ урамшууллын хэмжээ 50 мянган төгрөг байсан бол нэмсээр 100 мянгад хүргээд байгаа юм. 2025 оны ургацаа тушаасан тариаланчдад нийт 8.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Мөн Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Энэ мэтээр төрөөс олгодог хөнгөлөлт, чөлөөлөлт, татаас, урамшууллын хэмжээ нэмэгдсээр л байна. Үүнийг хаа хүртэл нь явуулах ёстой вэ. Бүх салбарыг хамруулах ёстой юу. Ажлаа хийж орлого олсных нь төлөө шагнаж урамшуулсаар л байвал энэ улсын төсөв санхүү юу болох вэ. Энэ бүх урамшуулалд олгосон мөнгөөр олон зүйл хийж болно. Гэтэл бэлэн мөнгө тараасаар л байгаа нь улсын хөгжлийг дэмжих бус тушсаар байна. Төсвийн нэгдсэн бодлого ярьдаг улстөрчдөд урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн нэгдсэн бодлого алга. Үүний илэрхийлэл нь экспортод гаргасан цамц бүрийнх нь тоогоор шагнал урамшуулал олгох явдал юм. Угтаа бол татварын дарамтыг нь багасгаж, нийгмийн даатгалын шимтгэл нэртэй “шийтгэл”-ээ зөөллөх ёстой бус уу?