Монголчуудын гуравны нэг нь ядуу, гуравны нэг нь орлого баталгаагүй, ялимгүй доголдоход ядуурлын ангал руу унахад бэлэн нөхцөлд амьдарч байгаа гэсэн багцаа тоо бий. Хангалттай орлого хүний сэтгэлийн ханамж, аз жаргалыг нөхцөлдүүлж байдаг гэж үзвэл монголчуудын 2/3 нь аз жаргалгүй болж таарч байна.
Баян, ядуу өрхийн хэрэглээний онцлогийг судалдаг шотланд эрдэмтэн Ангус Дитон орлого багатай хүний аз жаргалгүйн шалтгааныг айдастай холбож тайлбарласнаас үзвэл хоёр сая гаруй монгол хүн өнөөдөр айдас хүйдэстэй амьдарч байгаа аж. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх гарц бий. Бид “Тэд” буландаа энэ удаа дэлхийн улс орнуудын дундаж цалин, мөнгөн орлого, улс орны хүчирхэг байдлыг хэмжих шинэ чиг хандлагын талаар мэдээлэл бэлтгэлээ. Ингэхдээ Ангус Дитоны судалгааны ажлын үр дүнтэй холбон сонирхолтой байдлаар илэрхийлэхийг хичээв.
Мөнгө аз жаргалын хэмжүүр биш

Бага орлоготой хүн цалин нэмэгдэх бүрт баярладаг бол дээр дурдсан хэмжээнээс хэтрэх тусам баярлахаа больдог байна.
Жилд 75000 ам.долларын орлоготой, “Эхнэр хаяад явчих вий” гэж санаа зовохгүй, хөршүүдээсээ доор орохгүй байшинтай, тийм хурдан биш ч машинтай гэх мэт... байх үед аз жаргалын рейтинг хамгийн дээд түвшинд байдаг аж. Харин орлого 1000 ам.доллараар багасах, 3000 ам.доллараар ихсэх бүрт салалтаас айх айдас, сэтгэл ханамжгүй байдал нэмэгдэж байжээ. Мөн хэчнээн их мөнгө олсон ч хэрэглээнд нь төдий их өөрчлөлт ордоггүй байна.
Ангус Дитон энэхүү судалгааныхаа үр дүнд үндэслээд “Хэрэглээ нь хэтэрхий нэгэн хэвийн бөгөөд ашгийн өөрчлөлт гарсан ч хангалтайгаар хувирдаггүй” гэсэн “ханамал байдлын” тухай “Дитоны парадокс” хэмээн нэршсэн томъёоллоо гаргаж, өндөр орлого таныг аз жаргалтай болгохгүй, харин илүү сайхан амьдрахад л хэрэгтэй хэмээн олон нийтэд зөвлөсөн юм. Иргэдийг аз жаргалтай болгоход эдийн засгийн хязгааргүй эрх чөлөө бус, хангагдсан хэрэглээ, сэтгэл ханамж л чухал гэдгийг баталснаараа Ангус Дитоны судалгаа ач холбогдолтой. Түүний энэхүү томъёоллын санаа 2013 онд хэвлэгдсэн “Их үсрэлт: Эрүүл мэнд, эд хөрөнгө, тэгш бус байдал” хэмээх судалгааны бүтээлд нь мөн тусгалаа олсон бөгөөд түүнд “Сүүлийн 200 жилийн турш хүн төрөлхтөн баялаг хуримтлуулахын хэрээр эрүүл мэндийн салбараа хөгжүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, ядуурал, өвчин зовлонгоос зугтахыг хичээж ирсэн байна. Гэвч ядуу улсуудыг жинхэнэ утгаар өөд татъя гэвэл санхүүгийн тусламж өгөх бус, хил хязгаараа нээлттэй болгож, хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгон, халуун орны өвчнийг эмчлэх эмийг ашиг харалгүйгээр худалдах хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг юм.
НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон, улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүтээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн шүүмжлэл, тэрбумтан баячууд хөрөнгөө олон нийтэд гэрээслэж байгаа гээд сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд өрнөж буй олон үйл явц Ангус Дитоны дүгнэлттэй олон шижмээр холбоотой.
Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж ирсэн байна.
Өнгөрсөн оны Давосын чуулга уулзалтын үеэр эдийн засгийг ДНБ-ээр үнэлэх нь өрөөсгөл, тиймээс Үндэсний нийт аз жаргал, Хүртээмжтэй хөгжлийн индекс гэсэн үзүүлэлтүүдээр оролдог болох ёстой гэсэн санал, санаачилга гарч хэлэлцүүлэг өрнөсөн нь улс орнуудыг харах өнцөг, үнэлэх үнэлэмжийн ирээдүйн төлөвийг харуулсан хэрэг болсон.
Шинэ чиг хандлага
Аз жаргалтай болоход мөнгө хамгийн чухал нь биш гэдгийг Ангус Дитон, Даниэль Канеман нар ийнхүү хүн төрөлхтөнд ойлгуулж өгчээ. Тэд аз жаргал, сэтгэл ханамжийг хамгийн дээд хэмжээнд байлгах хэмжээний орлогыг тоон утгаар илэрхийлж гаргаж ирсэн. Ингэхдээ зөвхөн АНУ- ын хэмжүүрээр 75 000 ам.доллар гэсэн тоо гаргаж ирсэн юм. Энэ тоо бусад улс орнуудад тохирохгүй. Гэвч аз болоход, үүнийг тооцоолж бас болно. Учир нь бидэнд “Эхнэр хаяад явчих вий” гэж санаа зовохгүй, хөршүүдээсээ доор орохгүй байшинтай, тийм хурдан биш ч машинтай...” гэх мэт Ангус Дитоны өгсөн шипи байгаа шүү дээ. “АНУ-ын 75000 ам.доллар”-ыг өөр бусад улсын амьдралын өртөг, онцлогт нь тохируулаад тооцоолж гаргаж бас болно. Ингээд аж жаргалтай иргэдийн багцаа тоог гаргах гээд үзье.
Үзүүлэлтүүдийг харьцуулах явцдаа бид АНУ-ын дундаж цалингийн хэмжээ (4600 ам.доллар) Ангус Дитоны тооцоолсон “Аз жаргалын максимум” (6250 ам.доллар)- аас доогуур байгааг анзаарсан юм. АНУ-д амьжиргааны түвшинг супер баячууд буюу жилд 500 мянган ам.доллароос дээш орлоготой (хүн амын нэг хувь), дунджаас дээш буюу жилд 100 мянган ам.доллароос дээш орлоготой (15 хувь), дундаж буюу 35-75 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ажилчин анги буюу 25-35 мянган ам.долларын орлоготой (32 хувь), ядуу гэж тав ангилдаг байна. Ингэхээр дунджаас дээгүүр орлоготой буюу хүн амын 15 хувь нь орлогоосоо сэтгэл ханамжийн дээдийг баттай авч үзсэн байх нь. Бусад орны хувьд, дунджаас дээгүүр орлоготой иргэдийг энэ жишээгээр Ангус Дитоны “максимум”-ыг мэдэрсэн гэж тооцвол мөн л дунджаар 15 орчим хувьтай гарах аж. Тэгэхээр онолын хувьд, хувь хүн орлогоосоо аз жаргалын дээд хязгаарыг мэдрэх боломж нь маш хязгаарлагдмал аж.
Харин асуудал хувь хүний хүрээнээс хальж, ард түмэн, нийгмийг аз жаргалтай байлгах тухайд болбол бусад боломжууд гарч ирнэ. Учир нь, онол ёсоор, мөнгө, эдийн засгийн боломж нь аз жаргалын индексийг тодорхойлох олон үзүүлэлтийн зөвхөн нэг нь шүү дээ. Үүнд, Ангус Дитоны тодорхойлсончлон, өвчин эмгэгээс зугтах буюу эрүүл мэндийн асуудал хамгийн түрүүнд орж ирнэ.

“Ядуу улсуудыг жинхэнэ утгаар өөд татъя гэвэл санхүүгийн тусламж өгөх бус, хил хязгаараа нээлттэй болгож, хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгон, халуун орны өвчнийг эмчлэх эмийг ашиг харалгүйгээр худалдах хэрэгтэй” гэж тэрээр “Их үсрэлт: Эрүүл мэнд, эд хөрөнгө, тэгш бус байдал” бүтээлдээ дурдсан гэж дээр өгүүлсэн. Тиймээс боловсролын тогтолцоо, төр засагтаа итгэх итгэл, тогтвортой ажлын байр, хүрээлэн буй орчин гэсэн ойлголтууд залгаж орж ирнэ. Харин авлига, орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг нь улс орны хүчийг сулруулж, ард иргэдийн итгэлийг бөхөөдөг гэж үздэг.
Нийгмийг аз жаргалтай болгох хэцүү биш
Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улстөрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Тэд ДНБ-ий өсөлтөд бус, оновчтой зарцуулалтад ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах бусад секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж байна. Тиймээс манай улс, төр засаг, эрх мэдэл хэрэгжүүлэгчид ч энэ чиг хандлагыг анхаарах учиртай. Боломж бүрэн бий. Монголчуудыг аз жаргалтай болгоход яг одоо мөнгө хэрэггүй.
Шүүхийн хараат бус, шударга засаглал, хууль дээдлэх ёс, төрийн албаны шуурхай цомхон бүтэц,төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг тогтоож өгөөд, зарцуулалт дээр хуваарилалт хийхэд болно. Төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалт өртгөөсөө 2-3, түүнээс өндөр үнэтэй хийгдсэн жишээ бий. Үндсэндээ төсвийн мөнгөнөөс бүтээн байгуулалтад зориулж байгаа зардлын тал нь хэн нэгний халаас руу ордог гэдгийг ард түмэн мэдрээд байна. Төрийн албанд 200 гаруй мянган хүн ажиллаж байгаа гэдэг ч яг хэд нь албан ажлаа хийгээд, хэд нь цаасан дээр зай бөглөж, цалин нь даргын халаас руу орж байгааг мэдэх арга алга. Энэ бүх доголдлыг арилгаж чадвал, өнгөрсөн жилүүдэд эдийн засгаа тэлэхийн тулд зориулсан хөдөлмөрийнхөө үр шимийг ард түмэн хүртэж, мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Хувийн хэвшлийг чөлөөтэй ажиллах боломжоор хангаж, авлига, хээл хахуультай үр дүнтэй тэнцвэл эдийн засаг сэвхийгээд босоод ирнэ. Гадаад бодлого маш чухал. Очих ёстой мөнгө эзэддээ очсоноор иргэдийн нуруу тэнийнэ, сэтгэл санаа ч өөдрөг болно.
Монгол хүний аз жаргалын хэмжүүр тэгтлээ өндөр биш. Орох орон, унах унаа, хийх ажилтай байвал болоод явчихдаг. Хүүхдийн боловсрол найдвартай, эрүүл мэндийн үйлчилгээ асуудалгүй авчихдаг бол бүр ярилтгүй. Дэлхий дээр “Хараат бус, өөрийгөө хангадаг улс” (Самадостаточная страна) гэдэг ойлголт бий. Монгол бол хараат бус улс.
Ингэж чадвал, улс орны хүчирхэг байдлыг ДНБ-ий хэмжээгээр биш, Хүртээмжтэй хөгжлийн индекс, Үндэсний аз жаргалын индекс (нэр ямар ч байж болно)-ээр хэмжихийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн тэр цагт манай улс одоогийнхоос хамаагүй урдуур эрэмбэлэгдэх нь гарцаагүй.