-Хүчирхийлэгч нь төр, чейнж, сүлжээ дэлгүүр, хохирогч нь хэрэглэгчид-

Ченжийн засаглал

Монголд чөлөөт эдийн засаг биш харин “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. 10-аад жилийн өмнө нийслэлд кг махны үнэ 7000 төгрөг болж, хөгшчүүлийн гол харлан “нүд аних” шахаж байхад Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг болгоод өгөөч гэж гуйж байж билээ. Хот, хөдөөнийхнийг хооронд нь “алалцах” шахаж байх үед болсон энэ явдал хэргийн гол буруутан нь малчид биш, ченжүүд гэдгийг хууль тогтоогчдод ч, иргэдэд ч мэдрүүлсэн. Жижиглэн худалдаачид, ченжүүд улс дотроо бараа бүтээгдэхүүний үнийг хэд дахин өсгөж байсныг мэдсэн. Түүнээс хойш ченжийг үгүй болгох хөдөлгөөн өрнөсөн ч Хөдөө аж ахуйн биржээс өөр дөмөгхөн арга олохгүй явсаар өдий хүрлээ. Махны тухайд, монгол ченжүүд иргэдээ шулдаг байсан бол одоо хятадууд нэмэгдсэн байна. Байдал улам дордсон гэсэн үг.

Ченжүүд улс орны хөгжилд ямар хохирол учруулж, ямар их мөнгийг иргэдийн халааснаас хулгайлдгийг нэг жишээгээр тайлбарлая. Нийслэлчүүд удахгүй түүхий нүүрс түлэхээ больж, шахмал түлш түлэх болно. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайгаас зөөж авчран боловсруулалт хийж, савлаад иргэдэд худалдаална. Ингэхдээ түүхий түүрсний үнээс ихгүй байлгана гэж амалсан. Тэр түүхий нүүрсний үнэ нь ченжүүдийн гараар дамжин иргэдэд очдог үнэ буюу 1 тонн нь 150 орчим мянган төгрөг. Бүхэл бүтэн үйлдвэрийн шингээх өртгийг ченжүүд жил бүр иргэдийн хаалснаас суйлдаг байсан байна.

Сүлжээ дэлгүүрүүд жижиг дунд бизнесийн гол дайсан

Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Гэтэл, ядаж байхад гэдэг шиг ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ жижиглэн худалдааны салбарынхан тэргүүлэх шахаж байгаа нь эрүүл явдал уу. Зах зээл жинхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 10 хувиар илүү байдаг. Гэтэл манайд 15-32 хувь байгаа нь дэндүү гэмээр. Жижиглэн худалдааны салбарынхан арай гэж ургуулсан ногоо, бүтээсэн бүтээгдэхүүнийг нь 20 хувь илүү үнээр дамлан сул ашиг олж суудаг гэж “Шарк танк” нэвтрүүлгийн “Шаркууд” болох Л.Чинбат, С.Түмэнгэрэл нар харамсан ярьж байсан ч удаатай. Гахайн утсан махны бизнес эрхлэхээр шийдсэн танил маань борлуулалтын мөнгөө сүлжээ дэлгүүрээс авч чадахгүй байсаар дампуурсан жишээ ч байна. Уг нь сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдааны салбар жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамгийн чухал түнш, амжилтад хөтлөгч гүүр нь байх ёстой. Гэтэл Монголд тийм биш. Сүлжээ их дэлгүүрүүд жижиг бизнес эрхлэгчдийг дампууруулдаг гол аюул нь болоод хувирчихсан байна.

Шуналтай байж болно, бирд болж болохгүй

Нэг ийм яриа бий. Английн Ерөнхий сайд асан Томас Морын “Утопи арал” зохиолыг амьдралд хэрэгжүүлэхээр зориглосон В.И.Ленинээс капиталист ертөнцийн нэг эрхэм “Таны байгуулах улс ямар улс байх вэ” гэж асуужээ. В.Ленин тэгэхэд “Социализмд хүрэх тэр цагт баялаг хүн болгонд хүрэлцэхээр байх болно. Харин тэр баялгаас хүн бүр хэрэгцээний хэрээрээ авах ёстой” гэж хариулсан гэнэ. Нөгөө эрхэм “Хүн хүссэнээрээ л авахыг хүсдэг биз дээ. Хүмүүс шуналтаад, ихээр нь аваад эхэлбэл яах болж байна” гэхэд “Үүний тулд ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Шуналыг үгүй болгох ёстой” гэсэн гэдэг. Тэгэхээр, хүний унаган өгөгдлийг өөрчлөх аргагүй, өөрөөр хэлбэл шуналыг үгүй болгох боломжгүй тул коммунизм байгуулах ажил анхнаасаа л бүтэхгүй байсан гэдэг нь тодорхой. В.И. Ленин өөрөө үүнийг мэдэж байсан ч ард түмний ядуу байдлыг ашиглан төрийн эрхэнд гарах хүслээсээ татгалзаж чадаагүй. В.И.Ленин ч манай жижиглэн худалдаачдын адил шуналын хүлээсэнд орчихсон байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр хүний шуналыг үгүй болгох боломжгүй. Гэхдээ хязгаарлаж болно.

Тэднийг ингэж давраасан нь шууд хэлэхэд, эрх баригчдын өөрсдийнх нь буруу. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулсанд нь талархъя.  Гэхдээ энэ бол олон асуудал дундаас нэгийг нь л шийдсэн байна. Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм.

Жижиглэн худалдааны хуульгүй цор ганц улс

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил хэрэгт төр шууд оролцохгүй ч гэсэн хэм хэмжээг нь тогтоож өгдөг жишиг бий. Хамгийн ойрын жишээ гэхэд л манай хойд хөрш ОХУ ингэдэг. Тэд хамгийн сүүлд спирт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдахыг хориглосон. Гэтэл манайд хууль нь ч байхгүй. Өнгөрсөн зун шатахууны үнэ нэмэгдэхэд л “Жижиглэн худалдааны тухай хууль”-ийг санаачилж байх жишээтэй. Бараа бүтээгдэхүүнийг аль болох цөөн шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүргэх зорилтыг энэ хууль зохицуулах учиртай юм. Ийм үүрэгтэй Худалдааны тухай хууль 2015 онд УИХ-д өргөн баригдсан ч одоо болтол батлахгүй байна. Магадгүй, ийм хууль батлаагүй дэлхийн цорын ганц улс нь Монгол байж магадгүй. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ гэж ТББ байдаг. Энэ байгууллага нь өөрсдөө хүртэл хуультай болгоод өгөөч ээ гэж гуйгаад байхад л баталж өгөхгүй, зохицуулалтгүй явуулсаар байна.