УИХ өнгөрсөн долоо хоногт Ж.Ганбаатар, Б.Батзориг, Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нарын өргөн барьсан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Ингэснээр сум, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн шатны Засаг дарга нь томилдог болох хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байгаа юм. Уг нь одоогоос жилийн өмнө Х.Нямбаатар гишүүн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж батлуулснаар энэ оны зургадугаар сарын 1-нээс сум, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг тухайн шатны Засаг дарга нь томилдог болох гэж байсан юм. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг 2020 оны долдугаар сарын 1 болтол хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, дээрх хугацааг хүртэл сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэлийн Засаг дарга томилсон хэвээрээ байх нь.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн шатны Засаг дарга нь томилдог тогтолцоо бүр өмнө нь хэрэгжиж байлаа. Гэвч 2012 оны тавдугаар сарын 9-нд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлдөг болсон юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн циклтэй уялдуулан эрх баригчид сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог өөрт ашигтай байдлаар шат шатны Засаг дарга нарын хооронд өнхрүүлсээр ирлээ. Энэ удаад хуулийн хэрэгжилтийг хойшлуулах болсон үндэслэлдээ “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх хуулийн хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагийн зэрэгцээ шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна. Улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөж, төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна” гэжээ. Үүнээс үзвэл хуулийн хэрэгжилтийг хойшлуулах болсон шалтгаан нь цаашдаа сургууль, цэцэрлэгийн удирдлагыг тухайн шатны Засаг дарга томилох тогтолцоог дахин өөрчлөх гэж байгаа бололтой.