Монгол Улс 21 аймагтай. Талцах болохоороо аймаг аймгаараа үзэлцэж л байдаг. Гэхдээ шалихгүй. Манай улс 31 намтай. Талцах юм бол харин тар турхийх байтугай л юм болж мэднэ. Улс төрийн идэвх тийм өндөртэйдөө ч биш. Улстөрчид нь улс орноо уруудуулаад байгаа болохоор эгэл жирийн иргэд нь бүгд улстөрч болж хувирсных. Хоёр сая Чингис сэрлээ гэдэг шиг өглөө бүр гурван сая улстөрч сэрнэ. Төр засгаа шүүмжилнэ. Үүнд үр дүн гээд байх юм огт байхгүй л дээ. Үр дагавар нь харин талцал, хэрүүл, тэмцэл, үл итгэх байдал, цөхрөл, ядуурал.

Монголчуудыг ийм болгосонд улстөрчид, өөрөөр хэлбэл улс төрийн намууд  буруутай. Намууд төлөвшөөгүй тул Монголын өнөөгийн улс төрд тогтворгүй байдал бий болоод буй. Парламентын засаглалтай улс оронд улс төрийн намууд үзэл баримтлал, хөгжлийн бодлогоороо өрсөлдөн, сонгогчдын олонхийн саналыг авсан нь төрийн эрх барьдаг. Бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Сонгуульд ялсных нь ганц давуу тал энэ болохоос тухайн нам нь, намын гишүүд нь баяжиж хөлжин, эрх мэдлийн оргилд гарах тухай ойлголт биш юм.

Харамсалтай нь манайд бол улс төрийн нам сонгуульд оролцон олонхийн дэмжлэг авна гэдэг асар их эрх мэдэл, албан тушаал, түүнийг дагасан мөнгө, хөрөнгө гэж ойлгодог болоод уджээ. Тиймээс нам руу хошуурна. Төр рүү зүтгэнэ. Бизнес хийж олсон жаахан мөнгөө цүнхлээд л аль нэг нам руу очдог нийтлэг зураг бий болсон. Улс төрийн намд хандивласан мөнгө нь төрд орсон хойно нь хэд дахин үрждэг болохоор тэр. Энэ гажгийг олж харсан ч засах аргаа олохгүй өнөөг хүрэв. Үүнээс гарах гарц, шийдэл нь байгаа ч түүнийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол өнөөгийн улстөрчдөд, намуудад алга.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл парламентаас парламент дамжин батлагдахгүй хойшилсоор байгаагаас үүнийг харж болно. Түүнээс биш улс төрийн намыг хэн нэгэн мөнгөтэй хүний халаасанд орохоос урьдчилан сэргийлэх, популист улстөрчдийг төрд гаргахгүй байх, намуудыг бодлогын судалгааны байгууллагатай болгох гэх зэрэг олон оновчтой шийдлүүд Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусаад буй юм.

Хуулийн төсөл нь парламентын тогоонд тоосонд дарагдан хэвтэх зуур Монголд улс төрийн намуудын ялзрал, доройтол, хагарал, тэмцэл туйлдаа хүрч байна. Улс төрийн хамгийн том хүчнүүд болох МАН, АН  аль аль нь дотооддоо хагаран, бараг л тус тусдаа намууд болон хуваагдахад ойрхон байна. Жижиг намууд нь төлөвшөөгүйн улмаас үйл ажиллагаа нь тогтмол бус, үзэл баримтлал нь хэврэг. Сайндаа л ганц нэг компанийн захирал, улстөрчийг дагасан бөөгнөрөл төдий. Ийм нэг хүний нам Монголд нэг хүний нам цөөнгүй бий. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн байгуулсан Ард түмнээ хайрлая нам, “Хонин бууз”-ын эзэн гэгдэх Ш.Төмөрсүхийн байгуулсан Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэх мэт. Түүнчлэн “Буян”, “Эрэл” зэрэг компаниудын дэргэдэх намууд бас бий. Ийм жижиг намууд эзнийхээ гарын аясаар, компанийнх нь дэргэдэх төрийн бус байгууллага шиг байдаг нь олон зүйлээс ажиглагддаг. Бүгд найрамдах нам л гэхэд үүний жишээ. Тус намын дарга бөгөөд үүсгэн байгуулагч нь “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан. УИХ-ын гишүүн, сайд болж үзсэн Б.Жаргалсайхан хэсэг хугацаанд намын даргын албаа бусдад тохоогоод байснаа саяхан эргүүлэн авч, үүнийг нь Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт баталгаажуулсан байна. “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат ч гэсэн ийм л зарчмаар хэсэг завсарласны эцэст өөрийн байгуулсан намынхаа даргын албан тушаалыг эргүүлэн аваад байгаа юм билээ. “Их Засаг” их сургуулийг үндэслэн байгуулагч Н.Ням-Осор Үндэсний эв нэгдлийн нам байгуулан сургуулийнхаа багш нарыг бараг бүгдийг нь элсүүлсэн бөгөөд сонгууль бүрээр аль нэг намтай эвсэн хамтарч, өөрсдөд ногдсон квот дээрээ баахан багш нараа нэр дэвшүүлдэг байсан билээ.

Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар хэн хэн нь нам байгуулсныхаа ачаар УИХ, Засгийн газрын гишүүн болж эрх мэдэл, албан тушаалы бялуу хүртсэн. Л.Гүндалай бол эсрэгээрээ эхэлж УИХ-ын гишүүн болчихоод, дараа нь Ард түмний нам, Ард түмнээ хайрлая гэх зэрэг нам байгуулан улс төрий карьертаа ашиглаж буй. Ийм намуудын хувьд улс орны хэмжээний хөгжлийн бодлого боловсруулан тавьж, түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгана гэдэг худлаа. Арав хорьхон жилийн түүхтэй намууд байтугай 90 гаруй жилийн түүхтэй МАН ч дэргэдээ бодлогын судалгааны  институцгүй. Бодлогын судалгаа байлаа гэхэд тэр нь сонгуульд ялахын тулд олон нийтийн санаа бодлыг хэрхэн удирдаж, саналыг нь авах вэ гэдэгт чиглэхээс биш Монгол Улсыг тав, 10, 20, 30 жилээр, бүр 50-100 жилийн хугацаанд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асар том стратегийн бодлого, төлөвлөлт, судалгаа байхгүй.

Шог зураач С.Цогтбаярын бүтээлээс

Байгаа хэдэн нам нь илүүдчихээд байхад дахин шинэ намууд шил шилээ даран мэндэлсээр. Нам байгуулна гэдэг хэн нэгэн хүн компани, төрийн бус байгууллага байгуулан ашиг орлого олохтой адил болжээ. Нам байгуулах энэ сонирхол УИХ-ын ээлжит сонгуультай шууд хамааралтайгаар давтамжтай нэмэгддэг.

2008 оны сонгуулийн өмнө Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр нам гэсэн гурван нам байгуулагдаж байв. 2012 оны сонгуулийн өмнө Эх орончдын нэгдсэн нам болон Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН байгуулагдаж байжээ. 2016 оны сонгуулийг угтаж байгуулагдсан намууд гэвэл Ард түмнээ хайрлая, Тусгаар тогтнол, эв  нэгдлийн нам. Энэ мэтээр сонгуулийн жилийн мөчлөгтэй давхцан байгуулагдсан улс төрийн намуудын жагсаалт ар араасаа хөвөрнө.

Тухайлбал өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 29-нд Улсын дээд шүүх Монголын төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр буцаажээ. Монголын төв намын хүсэлтийг өмнө нь 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцээд мөн буцаасан юм байна. Ийнхүү тус намын материал Улсын дээд шүүхээс хоёр дахиа буцаж байгаа аж.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намын хамгийн отгон нь 2019 оны нэгдүгээр сарын 07-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Гэр хорооллын хөгжлийн нам. Түүний өмнө 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд Их эв, Ард түмний олонхийн засаглал намуудыг бүртгэжээ.

Улсын дээд шүүх энэ оны нэгдүгээр сарын 30-нд Монгол шинэчлэлт, Миний Монгол намуудын улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд хууль заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр буцаагаад байгаа. Мөн өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард Улсын дээд шүүх Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцээд дээрх шалтгаанаар буцаасан аж. Эдгээр намууд материалаа хуулийн дагуу бүртгүүлэн дахин хандах эрхтэй. Тэгэхээр 32,33, 34 намууд дэх байгуулагдахаар дуншиж байгаа гэсэн үг. Сонгуулийн өмнөх жил учир энэ жил дахиад олон нам шинээр байгуулагдах магадлал бий.

Өмнөх жилүүдэд цахим орчинд нэгдсэн залуус Далайн дээрэмчдийн нам байгуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу авснаар сураг алдарцгаасан. Мөн нэг хүний нам байгуулах хүсэлт Улсын дээд шүүхэд ирж байсан удаатай. Монголд ийнхүү нам байгуулах моод ид дэлгэрч байна. Харин дэлхий нийтэд улс төрийн намууд моодноос гарч эхэлжээ. Моод Монголоор дуусдагийн нэг жишээ энэ болж байна.

Сүүлийн хэдэн жилд байгуулагдсан намуудын нэрийг нь л харахад зон олон, ард түмэн, Монгол, монголчууд, эв нэгдэл гэх мэт цөөхөн хэдэн үгэнд эргэлдэж байгаа нь анхаарал татна. Популистуудын амнаас хамгийн их унадаг үгнүүд байгаа биз. Монголд, монголчуудад хамгийн их дутагдаж байгаа, нөгөө талаас нь харвал хамгийн их гажуудаж, туйлширч байгаа зүйлийг нь онож намындаа нэр өгсөн гэлтэй. Нам үзэл бодол уралдуулж, бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг болохоос хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үйлчилдэг байгууллага биш. Талцаж, муудахаараа орж суудаг хар овоохой бүр биш. Гэтэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас харахад намчирхал нь нийгмээ, олон нийтээ хувааж, намынх нь эрх ашиг улс орны эрх ашгаас дээгүүр эрэмбэлэгдэж байгаа нь эмгэнэлтэй. Энэ хагарал, талцал эцэстээ Монголыг нам-улс болгож мэдэхээр байна. Гуравхан саяулаа байж гучин хэдэн намд хуваагдах юм бол жинхэнэ аюул тэр билээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд:

1. Монгол Ардын нам /МАН/

2. Ардчилсан нам /АН/

3. Монголын Ногоон нам /МНН/

4. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

5. Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

6. Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

7. Эх Орон нам

8. Монголын Либерал нам /МЛН/

9. Бүгд найрамдах нам /БНН/

10. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

11. Монголын Социал Демократ Нам

12. Ард Түмний Нам /АТН/

13. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

14. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

15. Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

16. Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

17. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

18. Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/

19. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

20. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

22. Монгол Консерватив нам /МКН/

23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

24. Ард түмнээ хайрлая нам /АТХН/

25. Монголын хүний төлөө нам

26. Үнэн ба Зөв нам

27. Зон олны нам /ЗОН/

28. Дэлхийн монголчууд нам (ДМН)

29. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

30. Их эв нам /ИЭН/

31. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

.