Хэнтий аймгийн Норовлин суманд "Шихихутаг нууц товчоо" цогцолбор барихаар болжээ. Нийт 200-250 хүнийг хүлээн авах хүчин чадалтай иж бүрэн цогцолборыг барьж босгох төсөв энэ оны улсын төсөвт суужээ. Энэ дагуу БОАЖ-ын сайдын шийдвэр гарч уг төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлахад бэлэн болсон байна. Эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг татаарын Шихихутаг бол монгол төрийн их заргач, бичгийн мэргэдийн нэг байв. Түүнийг таван настайд нь Улзын Нарст шүтээн, Хуст шүтээн гэдэг газар болсон тулалдааны үеэр татаарын нутаг дээрээс олж Өэлүн эх асарч өсгөсөн тухай "Монголын нууц товчоо"-нд өгүүлдэг. Уг Нарст шүтээн, Хуст шүтээн хэмээх газар эдүгээгийн Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт бий билээ. Тиймээс Шихихутагийн цогцолборыг тус суманд барьж байгуулахаар болжээ. Ингэснээр Норовлин сумын төв болон Улзын гүүр, Урандөш хайрханыг холбосон аялал жуулчлалын цогцолбор гурвалжин бий болох ажээ.

Норовлин сумын төвийн зүүн талын Уран дөш хайрханыг Чингис хаантай холбон домоглодог. Энэ уулын өвөрт "Шихихутаг нууц товчоо" цогцолборыг барих ажээ.