Олон улсын театрын өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газраас Монголын театрын түүхэнд холбогдох архивын эх баримтын дээжээс олон нийтэд дэлгэжээ. Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Одын бэлтгэсэн мэдээллээс уншигчдадаа сонирхуулъя.
1930-аад оны эхээр хүмүүсийг цуглуулж, авьяас билгийг шалгаж авна гэж Улсын бага хурлаас комисс гарсан бөгөөд тус комисст Янжмаа, Жамсран, Надмид, А.А.Ефремов, Ц.Гомбожав нар оржээ. Ингээд олонд хүргэх зарлалын үгийг зохиох, түүнийг хэвлүүлэх, тарааж наах ажилд А.Ефремов, Ц.Гомбожав нар ч гар бие идэвхтэй оролцож, Ё.Шаравдоо их үүрэг гүйцэтгэн 1930 оны есдүгээр сарын эхээр Хүрээний зүүн, баруун, урд, хойд хороо, Гандан, Богдын ордны урд шар цаасан дээрх нэгэн зарлалд:
“...Хорьдугаар он(1930 он) есдүгээр сарын 17-ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар Улсын цэнгэлдэх танхимд орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүсийг бэлтгэх зорилготой амуй” хэмээжээ.
Ийнхүү Намын Төв Хорооны тогтоолоор байгуулагдсан түр сургууль 1930 оны есдүгээр сарын 25-наас эхлэн жүжигчний уран чадвар, театрын түүхийн хичээл орох болов. Мөн шинээр орсон олонх хүмүүс бичиг үсэггүй шахам байсан учир бичиг үсгийн дугуйлан бас хажуугаар нь хичээллүүлж байв. Энэ сургуулийн суралцагчид мөн л сайн дурын үндсэн дээр сурч байсан бөгөөд өдөр нь тус тусын албан ажлыг хийж оройн 18 цагаас 22 цаг хүртэл жүжигчний сургууль хийдэг байсан ажээ.
Чингэж 1920-иод онд анх орчин цагийн театрын хэлбэр бүтэц бүрэлдэн тогтсоноос хойш Монголын театрын урын сангийн чиг хандлагыг идэвхтэй өрнүүлж, Улсын төв театр уран бүтээл, үйл ажиллагааныхаа ерөнхий чиг шугам, төлөв байдлыг тогтоож чадсанаар тухайн үеийн театрын урлагийн хөгжлийн гол дүр зургийг тодруулснаар барахгүй, дэлхийн урлагийн шилдэг туурвилуудын нөлөө нь Монголын үндэсний театрын хөгжлийг баяжуулж, түүний туршлагыг гүнзгийрүүлэн үндэсний өвөрмөц байдал, онцлог шинж төрхийг эвдэлгүй хөгжиж ирснийг Монголын театр урлагийн түүх бэлхнээ харуулдаг. Иймээс өнөөдөр баярын өдөр нь тохиож буй нийт театр, урлагийн ажилтнууддаа ажлын амжилт, уран бүтээлийн олз омог ихтэй байхыг чин сэтгэлээсээ хүсээд, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй үлэмж хэмжээний театрын түүхэнд холбогдох баримтын дээжээс толилуулж байгааг таалан болгооно уу.

Улсын хөгжимт драматик театрын шинэ барилгыг хүлээн авах Засгийн газрын комиссыг томилох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоол. 1950 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр.

Улсын драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгох тухай БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 154 дүгээр хурлын тогтоол.

Улаанбаатар хотноо Улсын төв театрыг байгуулах тухай Ардын Сайд нарын Зөвлөлийн 45 дугаар хурлын тогтоол. 30/1940/ оны 12 дугаар сарын 6

Улсын төв театрын жүжигчин Жигмэддорж, Жамъян, Долгорсүрэн, Рэнчинноров нарт алдар цол олгох тухай БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 52 дугаар хурлын тогтоол. 1946 оны 7 дугаар сарын 11-ний өдөр.