Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэй илгээлт гаргажээ. Тэрээр илгээлтдээ, "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал нь зөвхөн түүхийн номын хуудсанд бичигдэн үлдэх цаг хугацаа хараахан болоогүй байна. Тусгаарлалт, үл тэвчих байдлын энэхүү аймшигт хэлбэр нь спортын талбайд, хэвлэл мэдээлэлд, гудамжинд, ажлын байранд, тэр ч байтугай эрх мэдэлтнүүдийн хүрээнд илэрсэн хэвээр байна" хэмээн онцолжээ.

Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1969 онд хүчин төгөлдөр болсноос хойших 50 жилийн хугацаанд дэлхий нийт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хор хөнөөл бүхий олон хууль тогтоомжуудыг устгаж, боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзлийг халсан билээ. Харамсалтай нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын аймшигт дүр төрх олон нийтийн яриа хэлэлцээрт илэрч буйг бид дахин харж байна. Иймд, энэ жилийн Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг устгах олон улсын өдрийг ЮНЕСКО-гоос "үндэсний популизм, хэт туйлширсан үзэл суртлыг багасгаж, тэмцэх" сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа юм байна.