XX зуунтайгаа хамт үлдсэн гэж бодож байсан “Хүйтэн дайн”, “Зэвсэглэлээр хөөцөлдөх”, “Төмөр хөшиг” гэсэн үгс дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн удирдагчдын амнаас цөөн бус сонсогдох болжээ. Зарим жижиг улстөрчид дэлхийн III дайны талаар ч ярьж буй. Эсрэгээрээ “Юун дэлхийн дайн, тийм юм болохгүй” гэх нь ч байна. Гэвч “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэж үг бий.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео улс нь “Бага болон дундын зайн тусгалтай пуужин хорогдуулах гэрээ”-ний үүргээсээ түдгэлзэж байгааг зарласны дараа Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрвээ ОХУ гэрээний үүргээ биелүүлж эхлэхгүй бол бид гэрээнээс бүрмөсөн гарна. Гараад зогсохгүй ОХУ-д цэрэг зэвсгийн хүчээр хариу арга хэмжээ авна. Ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Европ түншүүдтэйгээ ярилцаад эхэлчихсэн” гэж мэдэгдсэн. АНУ, ОХУ цэрэг зэвсгээр тулахдаа хүрвэл юу болохыг таахад хэцүү биш. Үнэндээ “Арай үгүй байлгүй” гэж тайвширч л байгаа болохоос ямар нэг юм болох урьдач нөхцөл бага багаар бүрэлдсээр буй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгчилсэн мэдээлэл л яваад байгаа болохоос нөхцөл байдлыг эвлүүлээд тоймлочих зүрхтэй улстөрч тун ховор байна. Google хайлтын системд хэрэглэгчид дээрх үгсийг хамгийн ихээр хайж байгаа нь энэ хүмүүс энэ сэдвийг сонирхож байна гэсэн үг. Тиймээс “Хүйтэн дайн”, “Төмөр хөшиг”, “Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал” үнэхээр бодитой юу гэдэг асуултад хариулт хайлаа.

"Зэвсэглэлээр хөөцөлдөх" аюул бодитой

АНУ “Бага болон дундын зайн тусгалтай пуужингийн тоог хорогдуулах гэрээ”- ний үүргээсээ түдгэлзсэн. Майк Помпео мэдэгдэл хийснийхээ дараа “Вашингтон гэрээнээс гарснаар зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин эхэлнэ гэж бодохгүй байна” гэж онцлон хэлсэн ч ажиглагчид өөр бодолтой байгаа юм. Вашингтоны шийдвэр нэлээд дээр үеэс тодорхой байсан бөгөөд зургаан сарын дараахь шийдвэр ч тодорхой, мөн энэ шийдвэр нь их гүрнүүдийн дунд зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг дахин эхлүүлнэ гэцгээж буй. Ноцтой нь, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Кремльд Вашингтоны шийдвэр гэнэтийнх биш, асуудлыг Цагаан ордонд аль эрт шийдсэн байсан” хэмээн шинжээчдийн таамгийг баталсан. Ричард Никсон, Михайл Горбачев нарын 1987 онд гарын үсэг зурсан Дундын болон ойрын зайн пуужинг хорогдуулах тухай хэлэлцээр нь 1970-аад онд эрчимтэй хэрэгжсэн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг тогтоон барих зорилготой байсан. Гэрээнд зааснаар хоёр тал дундын (1000-5500 км) болон ойрын (500-1000 км) тусгалтай пуужингуудыг үйлдвэрлэхгүй, туршихгүй байх үүрэг хүлээсэн юм. Хэрвээ ОХУ пуужин үйлдвэрлэж туршсаар АНУ хэлэлцээрээс гарвал зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин эхэлнэ. Тэгэхээр, “Зэвсэглэлээр хөөцөлдөх”-ийн тухайд, зовинол бодитой.

"Төмөр хөшиг", "Хүйтэн дайн" ч бодитой

Дэлхийн II дайны дараа ялагч гүрнүүд Евразийг өөрсдийн нөлөөний бүсдээ хувааж авсан билээ. Энэ нь социализм, капитализмыг шууд хиллүүлж улмаар “Төмөр хөшиг” гэж нэрлэсэн хагарлыг үүсгэсэн түүхтэй. Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль 1946 оны 3-р сарын 05-нд АНУ-ын Фултон хотод “Оросын баатарлаг ард түмэн, миний дайчин анд нөхөр, маршал Сталиныг би гүнээ хүндэтгэж, бахархаж байна… Өрнөдийн ардчилал дээр улааны аюул нөмөрлөө… Балтийн тэнгисээс Адриатын тэнгис, Триест хүртэл Европ тив дээгүүр Төмөр хөшиг татагдлаа. Төв болон дорнод Европын эртний улсуудын нийслэл тэр хөшигний цаана орлоо…” хэмээн мэдэгдэл хийснээр Хүйтэн дайн эхэлсэн. Хүчирхэг Германыг буулган Дорнод Европ, Төв Европыг нөлөөндөө авсан Й.Сталин ид формтой цэрэг зэвсгийн хүчээ ашиглан цааш нэг алхаад л баруун Европыг атгандаа оруулна гэж тооцож байсныг мэдэрсэндээ У.Черчилль дээрх мэдэгдлийг хийж АНУ-аас өмөг түшиг хүссэн ч гэж болно. Үүний дагуу Умард Атлантын цэргийн эвсэл байгуулагдаж, “Хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн геополитикийн харгис тоглоом, ардаа эзэнтэй дайн тулаанууд эхэлсэн байдаг. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал “Хүйтэн дайн”-ы хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Ялгаа нь, 70 жилийн өмнө ЗХУ баруун Европыг айдас хүйдэст автуулж байсан бол одоо НАТО, баруун Европ ОХУ-ыг нэгмөсөн дарахаар айлгаж байна. Үгүй юм гэхэд оросууд өөрсдөө тэгж бодож байгаа. Европын холбоо Украин, Гүрж, Молдав улсыг элсүүлэн авах гэж оролдсоноос болж “Украины хямрал” эхэлснийг мэдэж байгаа. ОХУ тэр хүртэл тэвчээртэй хандсан ч АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер “Балтийн тэнгис болон Дорнод Европын улсуудад зэвсэг байршуулна” гэж мэдэгдсэний дараа тэсгэл алдаж шийдвэртэй хөдлөн эрх ашгаа хамгаалж эхэлсэн байдаг. Эштон Картер “Нэмж байршуулах зэвсэглэл нь ердөө л 250 танк, хөдөлгөөнт пуужин, явган цэргийн хуягт машин” гэж тайлбарласан ч Москва пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийнхээ хүчин чадлыг нэмж, алсын тусгалтай С400 Триумф, “Панцирь С” зөөгч пуужингийн цогцолборуудыг дорнод хилийнхээ дагуу байршуулсан байдаг. Улмаар Крымыг ч өөрийн болгосон билээ.

Тэгэхээр, С.Лавровын үгээр бол “Хүйтэн дайн” угаасаа дуусаагүй, далдуур үргэлжилж л байсан болж таарч байгаа юм. ЗХУ-ын үед буюу “Хүйтэн дайн”-ы үед дэлхийн улс орнууд Социалист орнууд, Барууны орнууд, гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Африк, Латин Америк гэсэн гурван талд хуваагддаг байсан. Одоогийн нөхцөл байдал тэр зүг рүү явж байгааг ажиглагчид баталсаар байна. Геополитик, цэрэг дайны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэд хэвлэлийнхний дунд эрэлт хэрэгцээтэй болж, зарим нь сайн дураараа үзэл бодлоо илэрхийлэн цаашдын төлвийг таамаглах болжээ.