Монголчууд шинэ Үндсэн хуулиа “Эцэг хууль” гэж нэрлэдэг. Энэ бол хүндэтгэсэн хэлбэр. Нөгөөтэйгүүр бусад бүх хууль энэ хуулийн суурь зарчим, агуулгаас салбарлаж бий болсноос гадна энэ хуультай тэрсэлдэж зөрчилдөх ёсгүй. Ийм учраас Үндсэн хуулийг “Эцэг хууль” гэж нэрлэдэг юм. Хүүхэд эцэг, эхээсээ өмнө төрсөн байж таарахгүй.
Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хууль “Эцэг хууль” батлагдсаны дараа батлагдсан гэж ойлгодог. Гэвч “Эцэг хууль”-иас ч өмнө төрсөн хууль одоо ч хүчинтэй хэвээр байдаг ажээ. Олон нийт саяхныг хүртэл үүнийг мэддэггүй байлаа. Харин Засгийн газар саяхан Улсын бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хууль 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөөр иржээ.
Засгийн газар 1991 онд батлагдсан хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргасны дараа зарим хуульч “Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Улсын бага хурлаас 1991 онд баталсан хуулийг үндэслэсэн нь буруу. Учир нь энэ хууль Монгол Улс зах зээлийн харилцаанд дөнгөж шилжиж байсан үед буюу бараа бүтээгдэхүүний хомсдол бий болчихсон, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол гарч болзошгүй үеийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор гарсан хууль.
Харин бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бид хууль тайлбарладаг холбогдох байгууллагуудаас лавлагаа авсан. Тиймээс үүн дээр эрх зүйн зөрчил гарахгүй. Энэ бол 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш хоёр ч удаа хэрэглэгдэж байсан эрх зүйн баримт бичиг” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ сайдын дурдсанчлан уг хуулийг 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш мөн “Эрдэнэт” үйлдвэр дээр ашиглаж байжээ. Тодруулбал, 1997 онд Засгийн газар уг хуулийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт мөн онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг нь хэрэгжүүлсэн тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар хэлэхдээ “Энэ хуульд ямар ч буруу байхгүй. 1997 онд Засгийн газар энэ хуулийг хэрэглэж шийдвэр гаргаад би очиж хэрэгжүүлж байсан юм. Эргэн сануулахад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ОХУ-д хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр татвараа төлөхгүй удсан, дээрээс нь удирдлага нь тодорхойгүй болсон үед онцгой дэглэм тогтоож захирлыг нь сольсноор ажил нь хэвийн үргэлжилж байсан юм” гэлээ. Дээрх тайлбаруудаас харвал Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан ч зөрчилдөхгүй хэрэгжсээр өнөөдрийг хүрчээ. Зөвхөн энэ хууль ч бус Улсын бага хурлын баталсан хэд хэдэн хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байна. Учир нь, 1992 оноос өмнө батлагдсан хуулиуд шинэ Үндсэн хуультай зөрчилдөөгүй бол үргэлжлүүлэн хэрэгжүүлж болдог ажээ. Энэ тухай шинэ Үндсэн хуультай хамт батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай гэсэн хавсралт хуулийн тавдугаар зүйлд дараах байдлаар маш тодорхой заажээ.
Тавдугаар зүйл. Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх
1. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
2. Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана.
3. Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.
4. Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.
Дээрх хуулийн зохицуулалтаас нэг зүйл ажиглагдаж байна. Хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуультайгаа нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг таван жилийн дотор буюу 1996 онд багтаан хийж дуусгахыг дээрх хуулиар УИХ-д даалгаж байжээ. Гэвч УИХ хуулиар хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө батлагдсан хуулиуд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаагаас харагдаж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн жагсаалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн www. legalinfo.mn цахим хуудсанд байрладаг. УИХ-аас баталсан хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж хүчин төгөлдөр болсны дараа уг цахим хуудсанд байршдаг юм. Одоогийн байдлаар 685 хууль энэхүү цахим хуудсанд байршжээ. Уг жагсаалтаас шүүж үзвэл “Эцэг хууль”-иас өмнө батлагдсан найман хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэдний нэг нь мэдээж Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль. Энэ найман хуулиас хамгийн эртнийх нь 1957 оны дөрөвдүгээр сарын 3-нд батлагдсан Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль юм. Энэ мэт “Эцэг хууль”-иас өмнө батлагдсан ямар хууль одоо хүртэл хүчин төгөлдөр байгааг танилцуулъя.