Сүүлийн өдрүүдэд манай өвлийн спортын төрлийн тамирчид олны анхаарлыг татлаа. Хоккейн шигшээ баг Азийн цомд хоёр дахь удаагаа түрүүлсэн бол, монголчууд уран гулгалтын тамирчнаа олон улсын тэмцээнд оролцохыг харсан нь ховорхон тохиолдол болов.
Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian Challenge Cup” тэмцээн энэ сарын 1-9-нд Малайзын Куала Лампур хотод боллоо. Тус тэмцээний аваргын төлөө Монгол Улсын шигшээ баг Филиппинийг хожин түрүүлж, хошой аварга болов. Манай хоккейчид өнгөрсөн жил анх удаа Азийн цомд түрүүлсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалж, хоёр дахь удаагаа цом өргөсөн нь энэ. 2019 оны Азийн цомд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас “А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, “В” хэсэгт Индонез, Макао, Оманы багууд багтсан юм. Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн эзэн малайзчуудыг 12:6-аар хожсон бол аваргын төлөөх тоглолтод Филиппинийг 6:3-аар хожсон юм.
Ийнхүү хоккейн шигшээ баг төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулахтай зэрэгцэн Монгол Улсын тамирчин Г.Марал-Эрдэнэ ОХУ-ын Красноярск хотноо болсон дэлхийн оюутны өвлийн спортын наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Г.Марал-Эрдэнэ нь энэ төрөлд Монгол Улсын анхдагч юм. Тэрээр 2012 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 4-нд Беларусын нийслэл Минскт хотноо болсон уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 34-р байр эзэлж байв. Харин энэ удаад 24.75 оноотойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн ч монголчууддаа бахархал, омогшил төрүүллээ.

Өвлийн спорт төдийлөн сайн хөгжөөгүй манай улсын хувьд дээрх хоёр үйл явдал нь амжилт болж бүртгэгдлээ. Огт өвөл болдоггүй халуун орны тамирчид өвлийн спортын төрлүүдэд амжилт гаргах болсон. Тэдний хажууд манай тамирчид эх орондоо бэлтгэлээ базаах боломжтой ч амжилт үзүүлэх хэмжээний бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл нь бүрдээгүй байна. Эх орондоо өвлийн спортын бэлтгэл хийхэд улирлын чанартай учраас тамирчдад хамгийн түрүүнд шаардлагатай зүйл нь өвлийн спортын битүү дээвэртэй ордон. Одоогоор манай улсад ийм ордон байхгүй учраас өвлийн спортын тамирчид тогтмол бэлтгэл хийх боломжгүй. Гадаадад очиж бэлтгэл сургуулилт хийх боломжтой ч зардал их шаардана. Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийн хувьд таван настайгаасаа Японд амьдарч, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэжээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн спортын шинжлэх ухааны ангид суралцдаг юм байна. Тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар төлөвлөжээ. ОХУ-ын Красноярск хотноо болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмыг сурвалжилж буй манай сурвалжлагчид Г.Марал-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцахдаа “Монголд уран гулгалтын зориулалттай мөсөн талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй. Тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй” хэмээн ярилцлага өгчээ.
Өвлийн спортын ордонтой болох санал хаана явна вэ?
Өвлийн спортын тамирчид олны анхаарлыг татсан энэ өдрүүд Монгол Улс хэзээ битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой болох вэ гэсэн асуулт хариулт нэхлээ. Сүүлийн жилүүдэд өвлийн спортын ордонтой болох тухай ярих болсон ч одоогоор бодитой ажил хэрэг болсон зүйл алга. 2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өвлийн спортын ордон барих төлөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байлаа. Улмаар концессоор барих нь зүйтэй гэж үзэн концессоор хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Удалгүй сонгууль болж засгийн эрх барьж буй нам солигдсоноор концессоор өвлийн спортын ордон барих санал мартагдсан. Харин шинэ санал гарч ирсэн нь гадаадын тусламжаар бариулах юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд Бүгд найрамдах Чех улсын Прага хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдааны үеэр манай талаас өвлийн спортын ордон барихад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 4-нд Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай уулзахдаа дээрх саналыг судалж үзээд нааштайгаар шийдвэрлэхээр болсноо мэдэгдсэн. Тодруулбал, тус улсын зүгээс ТЭЗҮ-ийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэх болсон тухайгаа дуулгасан юм. Тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байгаа энэ үед өвлийн спортын ордон барих ажлаа эрчимжүүлэх нь чухал.