“Сав, баглаа, боодол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болжээ. Тус хорооны ажлыг илүү соён гэгээрүүлэх чиглэл рүү хандуулахыг хорооны ахлагч, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолсон байна. Тухайлбал, сав, баглаа, боодлын тухай иргэдийн зөрүүтэй ойлголтын улмаас хүнсний зориулалттай хуванцар сав, баглаа боодлын үйлдвэрлэлд бэрхшээл учирч байна. Нөгөө талаар химийн найрлагатай хуванцар сав өнөө ч хэрэглээнд байгаа учир хариуцсан байгууллагууд өөрсдөө нэгдсэн ойлголтод хүрч, олон нийтэд зөв тууштай мэдээлэл өгөх нь чухал юм гэдгийг анхааруулжээ. Мөн өнөөдрийн хурлаас химийн найрлагатайг нь хориглож, хэрэглээнд нэвтрүүлсэн бол торгож, харин эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зөвшөөрөгдсөн сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, урамшуулал олгох чиглэлээр санал боловсруулж, хорооны өнгөрсөн 2 жилийн ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгожээ.


