Монгол Улс нүүрсний экспортоос хамгийн ихдээ 2.4 тэрбум ам.доллар олж байжээ. Энэ бол Австралид үер болж, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр дээд амжилт тогтоосон 2012 он. Түүнээс хойш жилд ойролцоогоор 1-1.5 тэрбум ам.доллар олж, улсын төсөвтөө 250 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлж ирлээ. Энэ мөнгө бага уу гэвэл үгүй. Гэхдээ үүнээс ч ихийг олох боломж бидэнд бий. Нүүрс гэдэг түүхий эд дээрээ суурилсан туршилт судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бид энэ салбараас олдог орлогоо дор хаяж 10, цаашлаад хэдэн арав дахин нэмэгдүүлэх бололцоо байна.

Нүүрсээр юу хийдэг вэ

Нүүрсийг чулуун, хүрэн гэж ангилдаг. Хүрэн нь эрчим хүчний нүүрс бол чулуун нүүрс нь дотроо битумжсан нүүрс, антрацит буюу утаагүй түлш гэсэн хоёр янз. Үүнээс битумжсэн нь эрчим хүчний болон коксжих гэж салах жишээтэй. Нүүрс нь дан нэг төрлийн бодис биш учир дотроо найрлага нь ялгаатай. Чухам тэр ялгаатай найрлага дотор нь үнэт түүхий эд явж байдаг аж. Тиймээс эрчим хүч, кокс гаргаж авах зорилгоор хэрэглэхээс гадна цементийн үйлдвэрлэл, нафталин, фенол бензол, аммиакийн хий, бордоо хийх түүхий эд гаргаж авдаг. Тэр ч бүү хэл, саван, аспирин, будаг шингэлэгч, пластмасс, нейлон хийхэд зайлшгүй шаардлагатай бодисыг ч гаргаж авдаг ажээ. Нүүрсэнд ус, агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр, гагнуурын электрод зэрэг бүтээгдэхүүн хийхэд ашигладаг мянга гаруй төрлийн химийн нэгдэл агуулагдаж байдаг аж.

Эдгээр нэгдлүүдийг ялган авахын тулд нүүрсийг баяжуулах шаардлагатай болдог. Ингэж органик бус, механик хольцыг цэвэрлэснээр адаглаад илчлэгийг нэмэгдүүлж үнслэгийг бууруулна. Улмаар цаашид хагас коксжуулах, брикетлэх, хийжүүлэх болон химийн үйлдвэрүүдэд хэрэглэгдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Нүүрсний ордтой улс баяжуулах үйлдвэртэй байдаг

Манай өмнөд хөршид нүүрс баяжуулдаг 1800 гаруй үйлдвэр ажилладаг бөгөөд нийт олборлосон нүүрсний 38 хувийг баяжуулдаг гэсэн статистик байна. Эдгээр үйлдвэрүүдийн 450 мянган тонноос дээш 21 сая тонн хүртэлх /Анжиалинг баяжуулах үйлдвэр/ нүүрс баяжуулах хүчин чадалтай. Нүүрсийг хуурай, нойтон гэсэн аргаар баяжуулдаг бөгөөд сүүлийн үед гурван бүтээгдэхүүнд хүнд орчны гидроциклон технологийг нэвтрүүлэх болжээ.

Хойд хөрш ОХУ-ын хувьд нүүрс баяжуулах 40 гаруй үйлдвэр ажиллаж, нийт олборлосон коксжих нүүрснийхээ 90 хувийг, эрчим хүчний нүүрснийхээ 10 гаруй хувийг баяжуулдаг байна.

Хоёр хөршийн нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн технологи ерөнхийдөө ижил буюу нүүрсийг шигшүүрийн аргаар +13 мм, -13-0.5 мм, 0-0.5 мм гэсэн гурван хэсэгт ангилж, том ширхэгтэй нүүрсийг тунаах, дунд бүхэллэгтэйг нь хүнд орчны сепаратор, гидроциклон, үйрмэгийг нь флотацийн аргаар боловсруулж байгаа юм. Нүүрс олборлолтоор тэргүүлэгч улс орнууд энэ мэтчилэн баяжуулах үйлдвэрлэлийг ер орхигдуулалгүй явж иржээ. Тухайлбал, жилд тэрбум тонн нүүрс олборлодог АНУ-д 260 гаруй, БНХАУ-ын гол нийлүүлэгч Австралид 70 гаруй орчин үеийн нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна.

Эдгээр үйлдвэрээс гарсан зөвхөн хаягдал нь гэхэд л барилгын материал, керамик, зүлгүүр хийх түүхий эд гарахаас гадна хөнгөн цагааны хүчил гаргаж авдаг байна. Нүүрсэнд мөн ванадий, германий, галлий, молибден, цайр, тугалга, хүхэр ч агуулагпддаг аж.

Ерөнхийдөө чулуун нүүрсийг боловсруулснаар 400 орчим төрлийн түүхий эд ялгаж авч, үндсэн үнийг нь 20-25 дахин өсгөх боломж бүрддэг байна.

Боломжоо ашиглая

Үйлдвэрлэл хөгжүүлэх зорилт тавьсан аливаа улс байгаа түүхий эд дээрээ түшиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулах нь хамгийн оновчтой байдаг. Тиймээс манай улсын хувьд нүүрс баяжуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллах оновчтой, цаашид химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Нүүрс нь бүх төрлийн шүүлтүүрийн үндсэн түүхий эд болохоос гадна гагнуурын электод гэх мэт өндөр үнэтэй өөр бусад бүтээгдэхүүний орлуулшгүй түүхий эдийн эх сурвалж болдог гэдгийг дээр дурдсан.

Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Хятадын томоохон үйлдвэрүүд бараг бүгд нүүрсний уурхайгаа түшиглэн өмнөд нутгууддаа байрласан байдаг. Гэтэл нүүрсний уурхайнуудаа хаасан ч химийн  үйлдвэрүүд нь ч хэвийн үйл ажиллагаа явуулсаар байгаа. Энэ нь Монголоос импортлож байгаа нүүрсэнд дээрх бодисууд агуулагддагийн нотолгоо байж мэднэ. Бид гол нь нүүрсээ судлах, боловсруулах хэрэгтэй байна. Зөвхөн угаах үйлдвэр барьсан Ухаа худагийн уурхай олон дахин их түүхий нүүрс экспортолсон “Эрдэнэс Тавантолгой”-гоос илүү их ашиг олсон ойрхон жишээ байгаа шүү дээ.

Хувийн уурхай ашгаа ингэж өсгөж байхад улсынх нь түүхийгээр нь экспортолж олон тэрбум ам,доллараа алдсаар байна.

Зөвхөн ангилж ялгаад зарах биш, бүрэн боловсруулж бүтээгдэхүүн хийвэл бүр ч их ашиг олж болно.

Гадаадын хөрөнгө оруулалттай, техник технологийн өндөр чадамжтай компаниуд нүүрснийхээ ангиллыг судалгааны түвшинд бүрэн тогтоосон боловч үүнийгээ албан ёсных болгох гэсэн “жаахан” асуудал дээр гацсаар өдийг хүрсэн.

Жишээ нь, “South Gobi energy resources”-ийн экспортолдог нүүрсэнд гагнуурын электрод хийдэг түүхий эд байдаг гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан олон төрлийн бүтээгдэхүүн хийх түүхий эд агуулсан сайн чанарын нүүрс бидэнд байгаа. Гагцхүү бодитойгоор шинжлэн тогтоож, үйлдвэржих, эдийн засгаа хүчирхэгжүүлэх зорилгынхоо нэг тулгуур болгож ашиглах л хэрэгтэй байна. Үүнд төрийн оновчтой, цэгцтэй, тогтвортой бодлого чухал юм. Бид дэлхийн зах зээлийн үнэ харсан өрөвдмөөр байдлаасаа салах ёстой.

БНХАУ цаашдаа манайхаас нүүрс өгсний зоргоор аваад байна гэж байхгүй. Ер нь багасгах нөхцөл бүрдчихлээ. Тиймээс бид их нүүрс олборлох биш, олборлосон багахан нүүрснээсээ их ашиг олох тухай бодох цаг болсон.