Хайр дурлалт хосуудын баяр гэгддэг Гэгээн Валентиний өдөр өнөөдөр тохиож байна. Хосуудын хувьд хамгийн баяртай энэ өдөр харин хосуудад баяр жаргалаас гадна эдийн засгийн бэрхшээл үүсгэдэг болоод уджээ. Тэгвэл бид хайртай хүндээ заавал материаллаг бэлэг өгөх гэхээсээ илүү баярынхаа утга учрыг ойлгохыг хичээх ёстой юм байна. Дэлхийн улс орнуудад энэ баярыг өөр өөрсдийн онцлог заншлаар тэмдэглэдэг шиг хосуудад ч мөн өөрийн гэсэн онцлог байж болдог юм байна. Залууст хандаж хэлэхэд, бэлэг авч өгч чадвал сайн, чадахгүй бол муу биш гэнэ шүү.
Жилийн 365 хоногт тохиож буй хайр сэтгэлээ илэрхийлэх ганц боломж гэдэг утгаар энэ өдөр хайртай хүндээ сэтгэлээ илчилдэг ёстой. Ингэхдээ ямар нэг бэлэг /жишээлбэл, гэрийн аргаар хийсэн шоколад, өөрийн гараар оёсон, нэхсэн алчуур гэх мэт/ өгдөг заншил тогтсон байдаг. Манайд харин хамтдаа олон жил болсон, хамт амьдардаг, үерхэж байгаа дурлалт хосууд нэгэндээ бэлэг өгөх ёстой мэтээр гажуудсан байна.
Угтаа бол энэ өдөр хосуудын хамтдаа байх, хайраа баталж харуулах ёстой өдөр болохоос заавал бэлэг өгөх албатай биш юм.
Хойд Америкийн wyrk.com цахим хуудсанд бүр Валентиний баяраар хосдоо бэлэг өгөхгүй байх шалтгаануудыг жагсаан бичсэн байх аж. Сонин болгож энэхүү мэдээллийг хүргэе.

Нэгдүгээрт, Валентиний өдрийг түүхчид Эртний Ромын Lupercalia гэдэг баяраас үүсэлтэй гэж нотолдог байна. Энэ баяр нь хоёрдугаар сарын 15-нд болдог байсан аж. Баярын үеэр ганц бие бүсгүйчүүд нэр усаа бичсэн пайзыг толгой дээрээ өргөн олны өмнө гардаг. Мөн ганц бие залуус харж байгаад нэрээр нь сонгодог байжээ. Ингэж учирсан хосууд дараа жилийн баяр хүртэл харилцаатай байдаг ёстой байсан гэнэ.
Түүнээс гадна, хоёрдугаар сарын 14-нд шувууны ороо эхэлж нийллэгэнд ордог. Чухам энэ өдрийг Гэгээн Валентиний өдөр хэмээн тэмдэглэдэг болсон гэх ажээ.
Хоёрдугаарт, бид хайр дурлалын баяраа өдөр бүр тэмдэглэдэг. Өдөр бүр аз жаргалтай байдаг. Тиймээс энэ үнэт харилцаа материаллаг зүйлээс илүү үнэ цэнэтэй.
Гуравдугаарт, эрчүүд Гэгээн Валентиний өдрөөр санхүүгийн дарамтад ордог. Гэтэл дурлалт хос гэдэг чинь хоёр зүрхнээс бүтсэн нэг л бүхэл. Нэг бүхэл нь санхүүгээс болж санаа зовсон байхад нөгөө нь баярлаж болно гэж үү. Тиймээс хайртай хүнээсээ бэлэг аваагүй ч байсан танд өгсөн хайр сэтгэлд нь баярлаж сэтгэл дүүрэн байх нь Гэгээн Валентиний өдрийг хамгийн утга төгөлдөр болгоно гэнэ.