Нийслэл хот түр орлон гүйцэтгэгч Засаг даргатай болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шинэ жил, Цагаан сар өнгөрч, Валентин болох гээд байхад хотын даргын сураг таг чиг л байна. Март, Цэргийн баяраас өмнө хотын мээрийг томилоосой гэж олон нийтийн сүлжээгээр хошигнол, егөөдөл хөвөрсөөр. Өмнөх Засаг дарга С.Батболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнээс хойш сар гаруйн дараа буюу нэгдүгээр сарын 16-нд НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Энэхүү албан тушаалд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж С.Мөнхчулуун олонхийн санал авсан юм.

Нэр дэвшигчийг хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн ч хариу өгөлгүй өнөөг хүрээд байгаа билээ. Бүх шатны Засаг даргыг томилох асуудлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-аас санал болгож, Ерөнхий сайд батламжилдаг. Энэ процедурын дагуу НИТХ-ын даргын асуудлыг өргөн бариад байгаа юм.

Харин олонхийн санал авсан нэр дэвшигчийг батламжлан томилох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үүнд ямар нэгэн хуулийн хугацаа байхгүй. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хотын даргын томилгооны асуудлыг хэзээ шийдэх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах эрхтэй. Хотын дарга бол яах аргагүй нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Мэдээж орон нутгийн байгууллага ИТХ хуулийн хүрээнд шийдэх байх" хэмээн хариулсан байна.

Хэрвээ Ерөнхий сайд нэр дэвшигчийг батламжлах боломжгүй гэж үзэж буцаах аваас тухайн шатны ИТХ 15 хоногийн дотор хуралдаж дараагийн нэр дэвшигчийг тодруулах ёстой. Энэ тохиолдолд Ерөнхий сайд нэр дэвшигчийг тав хоногийн дотор багтаан шийдвэр гаргаж томилох үүрэг хүлээдэг хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлахаас татгалзаж буцаасан тохиолдолд л цаг хугацааны хязгаарлалт үйлчилж эхлэх бөгөөд эхний удаа өргөн барихад тийм хязгаарлалт байхгүй.

Эндээс харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-аас нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн  С.Мөнхчулууныг батламжлах эсэхээ шийдэхэд яарах зүйл үгүй. Муугаар бодоход энэ нь Улаанбаатар хот түр орлон гүйцэтгэгч даргатайгаар дахиад хэдэн ч сар болж мэднэ. Егөөдөж хэлэхэд хэзээ нэгэн цагт томилогдох нийслэлийн шинэ Засаг дарга одоогоор “хугацаагүй хорио”-нд суугаа гэсэн үг.

Ингэж хэлж байгаагийн учир өмнө нь зарим аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлалгүй хагас жил болж байсан түүх бий. Мөн зарим Засаг даргыг томилох боломжгүй хэмээн буцааж байсан тохиолдлууд ч байдаг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хотын даргад нэр дэвшигчийг буцаах юм бол дээр дурдсанчлан хуульд заасан цаг хугацааны шахаанд орох тул НИТХ-аас ирүүлсэн албан бичгийн хариуг өгөлгүй сар болж байгаа гэсэн үг.

Ийнхүү удаах болсон нь мэдээж улс төрийн шалтгаантай. Бүр тодруулах юм бол эрх баригч МАН-ын дотоод хагаралтай холбоотой. МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын  дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг НИТХ-ын хуралдаанд оруулсан. Харин хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийгөө нэр дэвшүүлэн өрсөлдөж ялалт байгуулсан. Үүнийг нь бор зүрхээрээ, зоригтойгоор нэрээ дэвшүүлж өрсөлдсөн “ардын  хүүхэд” гэх мэтээр бичиж байгаа ч нөгөө талаас нь харвал намынхаа бодлогыг сөрж гарч ирсэн гэж болох юм.

Тэгээд ч С.Мөнхчулуун бол олон нийтэд итгүүлэх гээд байгаа шиг нь бор зүрхээрээ яваа ардын хүүхэд биш. НИТХ дахь МАН-ын бүлгийг даргалж байсан, нийслэлийн МАН дахь 60 тэрбумын гэгдэх бүлэглэлийн төлөөлөгч. Тэгэхээр НИТХ-ын хуралдаан дээр тэрээр нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн нь өөрийн бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө хийсэн алхам гэж болно.

МАН-ынхан УИХ дээр 33, 32-ын бүлэг болж хагаралдсан шиг НИТХ дээр мөн хоёр хуваагдан талцаж байгаагийн илрэл ийнхүү нийслэлийн Засаг даргын томилгоон дээр харагдаж байгаа юм. Эндээс Ерөнхий сайд хотын даргад нэр дэвшигчийг батламжлахгүй удааж байгаагийн шалтгааныг хайж болно. Намынхаа Удирдах зөвлөлийн бодлогыг сөрж гарч ирсэн нэр дэвшигчийг батламжлахгүй байх нь улс төрийн соёл талаас нь харвал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. С.Мөнхчулууныг дэмжихгүй байх шалтгаан түүнд хангалттай бий.

Юуны өмнө С.Мөнхчулуун нийслэлийн Засаг дарга болж гэмээнэ УИХ, Засгийн газрын түвшинд улс төрийн дэмжлэггүй, сул хүн болно. Хоёрдугаарт гэвэл С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшин өрсөлдөхдөө сөрөг хүчин болох НИТХ дэх АН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгийг авч ялсан. Түүнээс биш намынхаа бүлэг дотроо түүнийг дэмжигчид цөөнх болж байгаа ажээ. Сөрөг хүчин зүгээр л улс төрийн тоглолт хийж байгаа гэдгийг бодолцох юм бол С.Мөнхчулуун НИТХ дотроо ч дэмжлэг сул.

Хотын даргын томилгоо яагаад гацсаны цаад шалтаг, шалтгаан руу өнгийх юм бол иймэрхүү төрх харагдаж байна. Юутай ч Улаанбаатар хот Засаг даргагүйгээр хоёр сар гаруй болж шинэ рекорд тогтоов. Эвдэхэд хэцүү энэ рекорд цаашаа хэр үргэлжлэхийг таашгүй.