ЮНЕСКО-гоос "Тоо, баримтын цаана: Сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийг зогсоох нь" тайланг гаргажээ. Уг тайланд сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийн талаарх хамгийн сүүлийн үеийн, цогц баримт нотолгоог танилцуулж асуудлын мөн чанар болон үр нөлөө, дэлхийн болон бүс нутаг дахь тархалт, хандлага, улс орнуудын хариу арга хэмжээнд дүн шинжилгээ хийжээ. ЮНЕСКО-гоос энэхүү тайланг гаргахдаа дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн судалгаануудын тоон болон чанарын мэдээллийг нэгтгэсэн бөгөөд нийт 144 улсыг хамарсан байна.
Энэ тайлан нь ЮНЕСКО-гийн сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсоож хүүхэд бүрийн сурч боловсрох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрхийг хангаж, тэдэнд аюулгүй орчин бүрдүүлж өгөх зорилго бүхий "Аюулгүй суралцах" санаачилгын хүрээнд хийгджээ.
Монгол Улсын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийлэлд өртсөн нийт хүүхдүүдийн 43.8 хувь нь зодоон хийсэн бол 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн байна. Сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байна. 2002-2017 оны хооронд хийгдсэн судалгаанаас харахад Монгол Улсад 13-15 настай эмэгтэй хүүхдүүдийн дунд бие махбодын халдлага, дээрэнгүйлэл нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Манай улсад гарч буй сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийн 22 хувь нь сэтгэл зүйн, 20.9 хувь нь бие махбодын, 3.3 хувь нь бэлгийн хүчирхийлэл байгаа бөгөөд эдгээр хүчирхийллийн 15.4 хувь нь сурагчдын гаднах төрх, үзэмжээс, 3.4 хувь нь арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүслээс, 1.6 хувь нь шашин шүтлэгээс шалтгаалсан байна. Бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд илүү их тархалттай, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байгаа үзүүлэлттэй гарчээ.
