Түүхэн гэрэл зургууд булан дэлхийн түүхийг өөрчилсөн, улстөр, нийгмийн амьдралд нөлөө үзүүлсэн гэрэл зургуудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа анагаах ухааны хөгжлийг хэдэн алхмаар урагшлуулсан гавьяатай нэгэн зургийг онцолж байна. Физикч Вильгельм Конрад Рентгений авсан хамгийн анхны рентген зураг таны өмнө байна.

Харин зураг дээр байгаа гар нь түүний эхнэрийнх. “Бөгжтэй гар” хэмээн нэрлэгдсэн энэ рентген зургийг В.К.Рентген 1895 оны арванхоёрдугаар сард авсан бөгөөд “Туяаны шинэ төрлийн тухай” өгүүлэлдээ хавсаргасан байдаг аж. Түүний шинэ нээлт анагаах ухааны хөгжилд асар их түлхэц үзүүлж, улмаар 1901 онд Нобелийн шагналыг физикийн салбарт олгож эхлэхэд хамгийн анхныхыг нь эзэндээ авчирчээ. Шинээр нээсэн туяаг ч рентген туяа хэмээн эрдэмтнийх нь нэрээр нэрлэсэн байна.