МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрдэмтэн, судлаач зураач багш нар оюутны амралтын энэ үеэр ур чадвараа дээшлүүлэхээр нэгэн өдрийг уран бүтээлийн судалбарт зориулан ажиллажээ. Тэнхимийн багш нар ийнхүү хамтран уран бүтээлийн судалбар хийдэг нь тус сургуулийн хувьд эртний уламжлалтай ажээ. Тус тэнхимийнхэн саяхан 60 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд энэхүү бүтэн жарны түүхийг бичилцэн багшилж байсан ахмад үеийнхэн, Монголын нэрт зураачид болох ардын зураач Г.Одон, О.Цэвэгжав, Л.Гаваа, А.Даваацэрэн болон тэнхимийн эрхлэгч С.Жамц, С.Нацагдорж, Ц.Ядамжав нарын зэрэг олон алдартай зураач багш нар хичээл сургалтын ажлынхаа зэрэгцээ ийнхүү уран бүтээлийн судалбар хийдэг байсан аж.
Энэ уламжлалаа хадгалан өнөө цагийн эрдэмтэн судлаач багш нар хамтран судалбар зураг зуржээ. Энэ удаагийн судалбарт МУБИС-ийн Пүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч доктор А.Ариунболд, багш доктор (Sc.D), профессор Ц.Эрдэнэцог, докторант С.Батцоож, Б.Галбадрах, О.Доржготов, Э.Батчимэг, Н.Анхбаяр, Т.Сэлэнгэ нар оролцжээ.









