Манай улсын ДНБ-ий 3 орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг алтны салбар бүрдүүлж байгаа. Валютын нөөцийг бүрдүүлдэг үндсэн ашигт малтмалын хувьд алтыг бусад эрдэс баялгаас онцолж үздэг. Үүний нэг жишээ нь Монголбанк болон түүнээс эрх олгосон банкуудад тушаасан алтнаас авдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 5 хувиас 2.5 хувь болгож бууруулсан явдал. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш алтны салбарын орлого нэмэгдэж, Монголбанканд тушаах алтны хэмжээ жилээс жилд өсч иржээ.
Тухайлбал, 2010 онд Монголбанк ердөө хоёрхон тонн алт худалдаж авч байсан бол ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5 хувь болж буурснаар 2014 онд 12 тонн алт худалдан авч байв. Өнгөрсөн 2017 онд энэ тоо 20 тонн болж рекорт тогтоосон бол 2018 оны эхний 11 сарын байдлаар Монголбанканд тушаасан алтны хэмжээ хэдийнэ 20 тонн даваад буй аж. Монголбанк цаашид 2020 он гэхэд жилд 25 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа бөгөөд салбарын яамнаас алтны салбарыг тэрбум ам.доллар олдог, эдийн засгийн тулгуур багана болгох зорилт дэвшүүлсэн.
Гэтэл ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт өнөөдрөөс эхлэн үйлчлэл нь дуусч, хүчингүй болж байна. Уг нь Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан юм. Харамсалтай нь энэхүү хуулийн төсөл УИХ дээр гацсаар шинэ онтой золгож байна. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй. Уг хуулийн төсөл батлагдалгүй шинэ онтой золгосноор алтны салбарт хэд хэдэн хүндрэл үүсэхээр байгаа юм. Энэ талаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
Б.Мөнхтөр: Татварын 2.5 хувь хүчингүй болсноор алтны салбар буцаад уналтад орно
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр хүлээж байгаа. Гол зохицуулалт нь ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон бууруулсан заалт билүү?
-УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ төсөлд зарчмын хоёр асуудал хөндөгдөж байгаа. Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дахин таван жилээр сунгахаар зохицуулалт хийж өгсөн. Хоёрдугаарт, өмнө нь эрх зүйн талаасаа зохицуулалтгүй байснаас болж бичил уурхай хэлбэрээр ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байгаа. Энэ асуудлыг цэгцлэх зарчмын асуудал туссан. Ийм агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөл хэлэлцэх шатандаа явж байгаа.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож бууруулснаар ямар үр дүн гарав?
-Энэ зохицуулалтыг хийж өгснөөр салбарт маш том дэмжлэг болсон. Тиймээс үүнийг татварын зохицуулалт гэж харахаасаа илүү салбарт дэмжлэг болсон эрх зүйн зохицуулалт гэж харж байгаа. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр алтны салбар идэвхтэй хөгжсөн сүүлийн 30-аад жилийн түүхийг ярьж болж байна. Энэ хугацаанд алтны олборлолтын хэмжээ татварын зохицуулалт, ачааллаасаа шууд хамаарч ирсэн түүхтэй. Энэ зохицуулалт орж ирснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдсэн. Ер нь алтны салбар маш тогтвортой болсон гэж ойлгож болно.
Өмнө нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор алт тушаалт 2010 онд жилд хоёр тонн хүртэл унаж байсан. Ер нь салбар тэр чигтээ унасан гэж хэлж болно. Харин роялти татварыг 2.5 болгосон зохицуулалт орж ирснээс хойш Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн хүрсэн. Өнөөдрийн байдлаар 20 тонн гарчихаад явж байна. Тиймээс жилийн эцэс гэхэд 21 тонн давчихна гэсэн тооцоотой байгаа. Энийг дагаад татварын орлого бүрдүүлэлт эрс нэмэгдэж байна гэж хэлж болно.
-Байгалийн нөөц ашигласны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх зохицуулалт бүхий хуулийн төслийг баталж амжсангүй. Тэгэхээр оны эхнээс роялти эргээд 5 хувь болно. Энэ нь алтны салбарт сөргөөр нөлөөлнө дөө?
-Алтны роялти 2.5 хувь байх зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 01 хүртэл хүчинтэй байхаар хуульчлагдсан. Тэгэхээр энэ зохицуулалт байхгүй болж байгаа юм. Бидний харж байгаа өнцгөөр бол энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал 5 хувь болно. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болно гэхээр бараг 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдэх нөхцөл бүрдчихээд байна. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар бол Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Энэ маань өөрөө бас цаанаа эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдчихээд байна. Алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгаа юм л даа.
-Эдийн засгийн талаас ямар хүндрэл гарах вэ?
-Мэдээж аж ахуйн нэгжүүдэд энэ нь асар том татварын ачаалал болно. Хоёрт, том зургаар нь харвал үүнийг дагаад салбарын хөгжлийн асуудал яригдана. Энэ зохицуулалт маань өөрөө алтны салбарыг дэмжсэн бодлого гэдгийг дээр хэлсэн.
Бид нэг гараараа “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлээд энэ салбарыг дэмжих ажлууд хийгээд байдаг. Нөгөө гараараа энэ ажлаа нурааж болохгүй. Тэгэхээр татварын хөнгөлөлтийн асуудлыг таван жилээр сунгах шаардлагатай. Алтны салбарт зайлшгүй дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Цэвэр ашгаас биш шууд борлуулалтын орлогоос нь л 2.5 хувийн татвар авч байгаа. Энэ татвар 5 хувь болчихвол татвар хоёр дахин нэмэгдэнэ. Энэ нь цаанаа олон сөрөг үр дүн дагуулна. Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүд, алт тушааж байгаа боломжуудыг багасгана. 30-аад жилийн хугацаанд алт тушаалт татварын асуудалтай шууд хамааралтай явж ирсэн. Бидэнд энэ талаар судалгаа байгаа. Салбараа унагачихвал сөрөг үр дагавар нь юу байна вэ гэхээр уул уурхайн салбар өөрөө урт хугацаанд сэргэдэг. Өнөөдөр татварыг буцаагаад бууруулчихаар маргааш буцаад сэргэчихнэ гэсэн юм байдаггүй. Үйлдвэрлэл тэр чигээрээ зогсоно. Хөрөнгө оруулалт, хайгуулын ажил гээд бүх үйл ажиллагаа нь тэр чигээрээ зогсдог. Эдгээр нь эргэж сэргэхэд наанадаж 4-5 жил шаардагддаг.
Нөгөө талаар нийгэмд буруу ойлголт яваад байдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар алтны салбарт хавтгайдаа 2.5 хувь болчихсон юм шиг ойлгоод байдаг. Саяны хуулийн заалтаар бол алтыг зөвхөн Монголбанканд тушаалгах, далд байгаа алт тушаалтыг бууруулах, алтны салбарын асуудлыг ил болгох гэсэн зорилгоор хийсэн зохицуулалт. Тиймээс Монголбанк болон түүнээс эрх олгосон банканд тушаасан тохиолдолд 2.5 хувь бусад тохиолдолд 5 хувь гэж байгаа. Харилцан ялгаатай зохицуулалт байгаа биз. Үүнийг бас их буруугаар ойлгодог.
-Зарим хүн 2.5 хувийн татвар эргээд 5 хувь болсноор Монголбанканд тушаах алтны хэмжээ буурахгүй. Хил, гаалиа чангатгаад, далд эдийн засгаа хянаад байхад алт Монголдоо л үлдэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ?
-Энэ харьцангуй өрөөсгөл ойлголт л доо. Ер нь алт их хэмжээгээр хил гарч байна гэдэг баттай эх сурвалжгүй мэдээлэл яваад байдаг. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр гааль дээр энэ жил гэхэд хууль бусаар хил гаргахыг оролдсон 117 кг алтны асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 2.5 хувийн татвар хүчингүй болно гэдэг алтыг ил далд гаргана гэхээсээ илүү салбарын хөгжлийг удаашруулсан, зогсоосон үйлдэл болчих гээд байна л даа.