Роберт Редфорд, Пол Ньюман нар гол дүрийг нь бүтээсэн “Луйвар” (“The Sting” 1973) гэж кино бий. Хоёр зальт этгээд бусдыг луйвардахын тулд бүхэл бүтэн банкийг хуурамчаар бий болгож байгаа тухай уг кинонд өгүүлдэг. Гэхдээ энэ бүтээл үнэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн, луйварчин нь бодит хүн гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Италийн дарангуйлагч Бенито Муссолиниг “амаар нь шороо үмхүүлж”, “Бүх цаг үеийн хамгийн зальхай луйварчин”, “Луйварчдын хаан” хэмээн алдаршсан тэр хүн бол “Шар жаал” хочтой Жозеф Уэйл юм.

Жозеф Уэйл 1875 онд Чикаго хотод, герман цагаач гэр бүлд төржээ. Эцэг Отто нь хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд жимсний жижиг дэлгүүр эхнэртэйгээ хамжин ажиллуулдаг байв. Жозеф ажил хөдөлмөрийн гараагаа Чикагогийн бохирдуу уушийн газарт худалдагчаар эхлүүлсэн ч удалгүй ажлаасаа уйдаж, үүргийн худалдаачин болжээ. Бусдыг луйвардах ажил ч хамт эхэлсэн юм.
Тэрээр модны холтосноос гаргаж авсан хандан дээр бага зэрэг дарс нэмж амт, үнэр оруулаад “ханиад шуухинааг эмчлэгч хосгүй үр дүнтэй бэлдмэл” хэмээн зарж эхэлсэн байна. Ингэхдээ үхлүүт байсан эмээ нь “шидэт” бэлдмэлийг хэрэглээд хөл дээрээ боссон, хүнд өвчтэй эгч нь бүрэн эдгэрсэн төдийгүй компанийн баян эзний эхнэр болсон гэх мэт түүхүүдийг зохиож ярьдаг байжээ. Энэ бол цэвэр луйвар байсан ч хэрэглээд үр дүнд хүрсэн гэх хүмүүс ч гарч байсан нь гайхалтай. “Газар авахгүй” энэ луйвар удаан үргэлжлэх боломжгүй болмогц тэрээр дараагийнхаа аргыг хайж, “Золбин нохойн худалдаа” гэж нэрлэгдсэн луйврын схемээ боловсруулжээ. Улмаар банк, бооцооны төв гэх мэт тодорхой хэмжээний санхүүжилт шаардагдах схемүүдийг боловсруулсан юм. Тэрээр мөнгөнд умбаж, сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлэх дуртай байсан бөгөөд залилж олсон ихэнх мөнгөө зугаа цэнгэлд үрж дуусгасан гэдэг. Гар султай түүнээс бүсгүйчүүд үнэт эдлэл, байр сууц, автомашин салгах нь ердийн үзэгдэл байжээ. Тэрээр олон нийтэд маш их алдаршсан тул сүүлдээ луйвар хийх ч боломжгүй болсон байдаг. Луйварчдын хаан, Ж.Уэйл амьдралынхаа сүүлийн жилүүдийг Америкийн жирийн нэгэн иргэний ёсоор өнгөрүүлж, 1976 онд 101 насандаа энэ хорвоог орхижээ. Түүний дурсамж XX зууны луйврын “сурах бичиг” болж хэвлэгдсэн юм. Номынхоо төгсгөлд тэрээр өөрийгөө шударга бусаар амьдарсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд номоо шударга хүмүүст сэрэмжлүүлэг болгох зорилгоор бичсэн гэж өгүүлсэн байдаг. Жозефийн тухай ихэнхдээ “төрөлхийн луйварчин” байсан гэж бичдэг ч тэрээр сургуульд сурч, шударгаар хөдөлмөрлөж үзсэн нэгэн. Луйвардуулсан хүмүүс нь ч гэсэн татвараас зугтагч, амар аргаар баяжих гэсэн олз ашиг хайгчид байсныг түүх гэрчилнэ. Луйварчид чухам тийм л хүмүүсийг өгөөшөөрөө сонгодог билээ.
ЖОЗЕФ УЭЙЛИЙН ЛУЙВРЫН СХЕМ
Золбин нохойн худалдаа-Долоо хоногийн орлого 5000 ам.доллар
Дундаж давхаргынхны үйлчлүүлдэг уушийн газарт нохой хөтөлсөн чинээлэг эр орж ирнэ. Тэрээр хямд биш архи захиалаад барментай нийтэчээр яриа дэлгэх бөгөөд завсар нь нохойгоо үзэсгэлэн, шалгаруулалтад оролцож байсан удам сайтай хэмээн магтах аж. Чинээлэг эр нь мэдээж, Жозеф Уэйл өөрөө. Тэрээр хэсэг сууснаа гэнэт чухал зүйлээ мартсан мэт дүр эсгэн барменд хандаж, “Банк орох хэрэгтэй байснаа мартсан учир яаралтай явах хэрэгтэй боллоо” гээд банк руу нохой авч орох хориотой учир харж байхыг барменаас хүсдэг байжээ. Ингээд “Нүд салгахгүй харж байя” гэдэг амлалт авсныхаа дараа өгөөмөр зан гарган, таван ам.доллар шан болгон өгчихөөд гарч явна. Нэг их удалгүй ядуу биш хувцасласан эр бааранд орж ирээд нохойг хармагцаа уулга алдан баярлаж, үнсэх зэргээр эрхлүүлнэ.

Энэ хүн нь Ж.Уэйлийн “алтан” хамтрагч Фред Бакминстер гэгч. Тэрээр нас барсан эхнэр нь яг ийм нохойтой болохыг хүсдэг байсан, хүүхдүүдийнх нь хайртай нохой яг ийм үүлдрийнх байгаад алга болсон гэх зэрэг хуурмаг түүх зохиож яриад зарахыг гуйдаг байна. Бармен нохой өөрийнх нь биш гэдгийг учирлан хэлэхэд эзнээс нь зарахыг ятгаж өгөхийг хүсч, хэрвээ 300 ам.доллараар зарахыг ятгаж чадвал шагналд нь 50 ам.доллар өгнө хэмээгээд шагналаа шууд бэлнээр өгчихөөд гарч явдаг байна. Ж.Уэйл банкнаас эргэж орж ирээд “Дансанд мөнгө үлдээгүй байна, ингээд ядуурлаа” гэх зэргээр гоншгоноход шуналтай бармен 150 ам.доллараар зарахыг санал болгодог байна. Ж.Уэйл жаахан үнэрхэж байгаад 200 ам.доллараар зарчихаад гарч явахад бармен нохойг 300-гаар зарж урамшууллаа нэмээд 150 ам.доллар олчихлоо хэмээн баяссаар үлддэг ажээ. Ж.Уэйл, Ф.Бакминстер нар яг энэ схемээр долоо хоногт 5000 ам.доллар олж байсан нь одоогийн ханшаар 150 000 мянган ам.доллар гэсэн үг юм. Улаан мөнгөн ус хэмээх маш ховор үнэтэй бодис байдаг гэдэг ойлголт дээр суурилдаг, манайд болон бусад улс орнуудад үе, үе гардаг Орос гир авна, улаан тамгатай будаатай аяга авна гэх мэт зараар луйвар хийх үйлдлийн үндсэн зарчим нь яг энэ золбин нохойн схем юм. Энэ утгаараа Жозеф Уэйлийг улаан мөнгөн усны луйврын схемийг үндэслэгч гэж хэлж болно.
Хуурамч банк-Орлого 400 000 ам.доллар
Ж.Уэйлийн хийсэн луйвруудаас хамгийн дуулиантай нь хуурамч банкны хэрэг юм. Санхүүгийн хувьд бат зогссон Ж.Уэйл нэгэнтээ дампуурсан банкийг 75 мянган ам.доллараар худалдаж авчээ. Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь түүнд сонин биш, тамгатай бланкууд үнэт цаас л чухал байв. Түүхэнд “Их хямрал” гэж нэрлэгдсэн санхүүгийн уналтын үе тохиож, үл хөдлөх хөрөнгийн үнэ шалдаа буун бэлэн мөнгө нүдний гэм болж байв. Бэлэн мөнгөтэй хүмүүс хямралын үеэр хөрөнгөө зузаалдаг бичигдээгүй хууль ёсоор энд, тэндээс хямдхан үл хөдлөх хөрөнгө хайж байлаа.
Ж.Уэйл хотын нэгэн банк өөр байранд шилжиж орсныг “Chicago tribune” сониноос уншаад хуучин байрных нь эзэнтэй яаравчлан уулзаж, хөлслөх тохироо хийжээ. Хамтрагч Ф.Бакминстер нь энэ үед Канадын нэгэн баян эрийг олзолж, банкны эзэн таньдаг эр нь хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгийг бодит үнээс нь дөрөв дахин хямдаар худалдах гэж байгааг дуулгасан аж. Татвараас бултах сайхан завшаан тохиолоо гэж бодсон канад эр Чикагод ирж, банкны эзэнтэй уулзахыг яаравчилжээ. Банкны үүдэнд очиход гаднаа том хаягтай, хаалгаар нь ороход теллерүүд завгүй, үйлчлүүлэгчид дүүрэн. Хөгжиж дэвжиж байгаа газар болох нь илэрхий. Дээд давхар дахь эзний өрөөнд Ж.Уэйл зочноо хүлээж аваад хэд, хэдэн газрыг тухайн үеийн ханшаас хэд дахин доогуур үнээр худалдсан юм. Канад эр 400 мянган ам.доллар төлчихөөд гарч явахдаа сэтгэл маш хангалуун байсан гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ банкны ажилтнууд бүгд Ж.Уэйлийн хөлсний хүмүүс байв. Тэрээр энэ луйврыг хийхэд 50 мянган ам.долларын зардал гаргаж, 350 мянгыг олжээ. Цэвэр ашгийг нь одоогийн ханшаар тооцож үзэхэд 10 сая ам.доллар болж байна.
Морины бооцоо 200 000 ам.доллар
Ж.Уэйл маш сайн сэтгэл судлаач байсныг хэлэх хэрэгтэй. Түүний боловсруулсан луйвар залилангийн схем ихэвчлэн сэтгэлзүйн сул тал дээр тулгуурлан боловсруулагдсан байдаг тул хамгийн хянуур болгоомжтой хүмүүс ч арганд нь орж хохирдог байв. Тэрээр морин уралдааны бооцоогоор олон хүн залилсан. Ингэхдээ их ашиг олохыг хүссэн шунал дээр дөрөөлдөг байжээ.
Ж.Уэйл эхлээд бооцооны төвүүдээр эргэлдэж, өгөөшөө сонгоно. Дараа нь тэр хүндээ “1000 хувийн ашигтай” бизнесийн санаагаа аминчлан хэлдэг байж. Тэрээр эгчийнх нь нөхөр тухайн үедээ хамгийн шуурхайд тооцогддог байсан “Вестерн Юнион” шуудангийн компанид ажилладаг гээд, цагийн зөрүүг ашиглан уралдаанд ямар морь түрүүлснийг бооцооны төв хаагдахаас хоёр минутын өмнө мэдэж чадна гэж сэнхрүүлээд үүний тулд “эгчийн нөхөр”-т 2500, мөн “Вестерн Юнион”-ы мэдээ дамжуулагчид “хэнд ч юу ч хэлэхгүй” байсных нь төлөө 5000 ам.доллар төлөх хэрэгтэй гэдэг байжээ.

Харин Ж.Уэйл сурсан аргаараа хуурамж бооцооны төв байгуулж, хөлсний хүмүүсээр дүүргээд хүлээж сууна. Золиос болж байгаагаа үл гадарлах эр “бөөн мөнгө“ хожихоор ирж бооцоогоо тавих үед хөлсний этгээдүүд олныг хамарсан зодоон үүсгэдэг байж. Төлөвлөгөө бүтэлгүйтсэн эрд дахин нэг боломж байгааг хэлэхэд бараг л баярлаж хүлээж авдаг байсан бөгөөд “эгчийн нөхөр”, мэдээ дамжуулагч хоёрт дахин мөнгө төлөхөөс татгалздаггүй байна. Гэвч хоёр дахь оролдлого ч мөн эхнийх шигээ төгсдөг нь мэдээж.
Уурхайн худалдаа-Орлого 2 000 000 ам.доллар
“Шар жаал” Европт ч ул мөрөө үлдээж амжсан юм. Зүгээр ч нэг мөрөө үлдээгээд зогсохгүй Италийн дарангуйлагч Б.Муссолинигоос хоёр сая ам.доллар залилсан. Тэрээр инженерийн дүрээр Италид ирж, Колорадо дахь газрын тосоор баялаг газрыг дарангуйлагчид зарсан байдаг юм.
Хөгшин Европт түүн шиг ингэж тодорсон луйварчин Эйфелийн цамхагийг худалдсан Виктор Люстигээс өөр үгүй. Гэхдээ Ж.Уэйл мэргэжил нэгтнээсээ илүү ухаалаг байжээ. В.Люстиг Эйфелийн цамхагийг хоёр дахь удаагаа худалдах гэж оролдоод баригдсан бол Ж.Уэйл Итали руу дахиж зүглээ ч үгүй. Шуналынхаа харгайгаар В.Люстиг 1947 онд “Алькатрас”-ын шоронд үхсэн, харин “Шар жаал” 101 насалж, “зургаадай таяг” тулсан түүхтэй.